Засаглалын институци хоорондын харилцааны асуудлыг цогцоор нь эргэн харах цаг болсон гэв
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. 

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү цэцийн дүгнэлтийг хүлээж аваад холбогдох хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй, түүнчлэн одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа нэг мөр болгож сонгуулийн тогтолцоо, хот, тосгоны эрх зүйн байдал, төрийн албаны баталгаатай холбоотой цөөн хэдэн заалтыг оруулах нь зүйтэй юм гэсэн байр сууриа хэлсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цэцийн дүгнэлт гэсэн тохиолдлын байдлаар төрийн байгууллын эрх зүйн зохицуулалтыг өөрчлөөд байх биш засаглалын институци хоорондын харилцааны асуудлыг цогцоор нь эргэн харж авч үзэх цаг болсон, УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэгийн хуулийн энэ заалт нь төрийн ажил гацахад хүргэж байгаа бол дүгнэлтийг хүлээж аваад хуульд тодорхой өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Ингээд Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-01 09:25:14
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм