Нийслэлийн хэмжээнд 2100 гаруй эмийн байгууллага байхад таван улсын байцаагч хяналт тавьж ажиллаж байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эм, био бэлдмэлийн улсын ахлах байцаагч Д.Энхцэцэгээс дараахь зүйлийг  тодрууллаа.
 
-Эм сангуудад хяналт шалгалтыг хэрхэн хийж байна вэ?
 
-Нийслэлийн хэмжээнд  700 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа. Энд эм ханган нийлүүлэх байгууллага буюу эмийн үйлдвэр ороогүй тоо. Манай байгууллагаас урьдчилан хяналт хийж, ажлын байр нь болох болохгүй талаас хяналт хийдэг байхад 500 гаруй байсан. Энэ үйл ажиллагаанд оролцохгүй болсноос хойш 200-гаад эмийн сан нэмэгдсэн гэх мэдээлэл нийслэлийн Эрүүл мэндийн газраас ирсэн байгаа.
 
Манайхаас төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн шалгалтыг хийдэг. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар эрсдэлийн ангилаас нь хамаарч шалгах аж ахуй нэгжийнхээ нэрийг урд оныхоо арванхоёрдугаар сард зарлаад, байгууллагынхаа веб сайтанд байршуулдаг. Төлөвлөгөөт бус шалгалтыг аж ахуй нэгж байгууллага, иргэдийн гомдол, мэдээллийн дагуу хийдэг. Мөн 11-11,12-86 утсанд ирсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийдэг юм. Гүйцэтгэлийн хяналт гэдэг бол тухайн байгууллагад шалгалт хийж байх явцад илэрсэн зөрчлийн дагуу үйл ажиллагаагг нь зогсоох,  хугацаатай үүрэг даалгавар өгөх гэх мэт арга хэмжээ авдаг.
 
-Эмийн санд ажиллаж байгаа эмзүйчдэд ямар шалгуур тавьж, хяналт хийдэг вэ?
 
-Хяналт шалгалт хийхдээ эрсдэлийн ангилалын дагуу холбогдох хяналтын хуудсаар шалгалт хийдэг. Тэнд тухайн эмийн сантай холбоотой бүхий л асуудлыг шалгах асуулт орсон байдаг. Ерөнхийдөө эмийн сангийн хувьд хүн хүчний хангамж маш бага. Ер нь 50 хувь нь мэргэжлийн хүмүүсээр бүрэн хангагдсан байгаа. Энэ нь мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа гэсэн үг биш. Зөвхөн тооны хувьд мэргэжлийн хүмүүс дутагдалтай байна л гэсэн үг. Ам яриагаар эмийн санд мэргэжлийн бус хүн ажиллаж байна гэсэн боловч бидний шалгалтаар тийм байдал илрээгүй. Манай байгууллага ажлын бус цагаар буюу амралтын өдрүүдээр хяналт шалгалт хийх боломжгүй.
 
Нийслэлийн хэмжээнд 2100 гаруй эмийн байгууллага байхад өнөөдрийн байдлаар эм, био бэлмэдлийн улсын байцаагч тавхан хүн хяналт тавьж ажиллаж байна. Тэгэхээр хяналт хийж байгаа хүний нөөцийн хангамж маш дутмаг, хүрч ажиллаж чадахгүй байна. Үүнтэй холбогдуулаад байгуулагуудад дотоод хяналт шалгалт хийх Засгийн газрын 311-р тогтоол гарсан. Энэ тогтоолоор тухайн байгууллага дотооддоо үйл ажиллагаандаа хяналт тавьдаг байх ёстой. Мөн ЭМЯ, НЭМГ-аас дотоод хяналт шалгалт хийх ёстой.
 
-Эмийн сангаас хэн дуртай нь эмийн жоргүйгээр эм авдаг үзэгдэл хэвшил болчихсон шүү дээ. Эмчийн бичиж өгсөн жорыг худалдан авагчаас шаардах эрх эмийн санчдад байгаа биз дээ?
 
-Байгаа. Би дээр хэлсэн. Манай таван байцаагч эмийн сан бүр очиж хяналт тавьж чадахгүй. Тэгэхээр тухайн хүний ажлын хариуцлагын асуудал. Бас эдийн засгийн байдал үүнд нөлөөлж байгаа гэж манай байгууллагаас үзэж байгаа. Эмийн сангуудаар зарагдаж байгаа эмнүүдээс жоргүй олгодог эмнүүд байдаг. Жороор олгох ёстой эмнүүдийг заавал эмчийн бичиж өгсөн, стандартын шаардлага хангасан жороор олгох хэрэгтэй.
 
-Эмч нарын жор бичих асуудалд хяналтыг тавьдаг уу?
 
-Сүүлийн үед эмч нарын жор бичилттэй холбоотой зөрчлүүд маш их гарч байна. Тухайн эмийн жоронд эмнэлгийн нэр, хаяг, эмчийн овог нэр, гарын үсэг, харилцах утас, эмчийн хувийн тамга, тухайн өвчтөний нас, хүйс , хэрэглэх заавар бүгд байж байх ёстой. Гэтэл энэ бүгдийг бүрэн гүйцэд бичэхгүй байгаа нь эрсдэл үүсэх нэг шалтгаан болж байгаа юм. Эмийн санчийн буруу байдаг ч эмч маань жороо зөв бичвэл энэ мэт эрсдлээс тодорхой хэмжээгээр сэргийлэх боломж байгаа гэж бид үзэж байгаа.

Сая хүүхдүүд хордсонтой холбоотойгоор тухайн “Монос”-ын салбар эмийн сан дээр ажлын хэсэг байгуулан шалгалт хийж байх үед эмч нарын бичиж өгсөн жорыг үзэхэд тухайн өвчтөн 20 настай юм уу 20 хоногтой юм уу гэдгийг ялгах боломжгүй жор орж ирсэн байх жишээтэй. Мөн эмнэлгийн, эмчийн нэр, харилцах утас байхгүйгээс гаргацгүй бичсэн жорыг буцаан асууж лавлах боломжгүй болж буй юм. Эмийн жор гэдэг бол хар үгээр эмчийн эмзүйчид хандсан захиа шүү дээ. Ийм нөхцөл байдал маш их үүсч байгаа. Иргэн хүн ч гэсэн өөрийн эрүүл мэндийн төлөө эмчээсээ шаардлага тавьж эмийн жороо гаргацтай, зөв, зөрчилгүй, бүрэн гүйцэт бичихийг шаардах эрх нь нээлттэй байгаа. Манай иргэдэд эмийн талаарх мэдээлэл маш хомс байна. Үүнээс шалтгаалаад нөгөө эмч, эмзүйчид шаардлага тавих байдал сул байгаа гэж үзэж байна.
Нийслэл таймс
Н.Алтанцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.