Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Ар-Нуга багийн “Байвын-Ам” гэдэг газар өчигдөр 01:46 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан мэдээллийг тодруулахад мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын төвийн бүх барилгад үзлэг хийсэн байна. Түшиг сумын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг сумын онцгой объект болох уурын зуух, шатахуун түгээх станц, ХААН банк, Төрийн банк, Ерөнхий боловсролын бага, дунд сургууль, дотуур байр, эмнэлэг, цэцэрлэг, Соёлын төв, ЗДТГ, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалтай танилцаж ажиллажээ. Хагарч гэмтсэн хаалга, цонх, цуурсан хана, тасалгаа байхгүй гэж ажлын хэсэг мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, ямар нэгэн хохирол учраагүй гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.