“Гахайн завод”-ынхны бэрхшээлт амьдрал
-2014 онд Мэргэжлийн хяналтын газраас тус байранд хүн амьдрах боломжгүй гээд дүгнэлт гаргасан аж. Энэхүү дүгнэлтээр гахайн заводын байр нь газар хөдлөлт, чичирхийлэл, хүчтэй шуургыг тэсвэрлэх чадваргүй, хүн амьдрахад өндөр эрсдэлтэй гэжээ -


Дөрвөн баллын газар хөдлөлтөд нурах аюултай, ашиглалтаас гарсан 150 барилга Улаанбаатар хотод бий гэсэн судалгааг албаныхан гаргажээ. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 3-ны өдөр МХЕГ-ын байцаагчдын дүгнэлтээр актлагдсан 87 барилгыг эхний ээлжид нурааж, дахин төлөвлөхөөр техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулж, батлуулсан ч энэ ажил удаашралтай хэвээр байна. 

Албаныхан, тэр бүү хэл тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүд нь ч огт тоодоггүй байсан нэг байрыг энд онцоллоо. Ингээд бид Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд тэр хавийнханд “Гахайн байр” гэж нэрлэгдэх болсон хэдэн дан байшингийн оршин суугчидтай уулзаж, ахуй байдалтай нь танилцлаа. Энд нийт 14 айл амьдардаг ба хамгийн цөөн ам бүлтэй нь л тавуулаа гэхээр ойролцоогоор 100 шахам хүн энд аж төрдөг байх нь.

60 шахам жилийн өмнө баригдсан эдгээр байшинд өдгөө хүн амьдрах боломж огт үлдээгүйгээр барахгүй заримынх нь тааз нурж, хана нь цоорох дөхжээ. Хамгийн гол нь энд голдуу хөгшид, хүүхдүүд амьдардаг бөгөөд аль чадахаараа байшингаа торддог ч засал авахаасаа өнгөрчээ. Хөхөө өвлийн хүйтэн хаяанд ирсэн энэ үед ид хүйтнийг яаж давна даа гэх бодол энд ирсэн хүмүүст өөрийн эрхгүй төрж байлаа.

Уг нь “Гахайн байр” дандаа шинэ орон сууцнуудын дунд, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас холгүй, ардхан талд нь байрладаг аж. Гэтэл шил толь шиг шинэ барилга, хүүхдийн тоглоомын талбай, шигтгэмэл чулуун замын дунд өнөөг хүртэл балгас болон оршсоор байгаа нь хэд хэдэн шалтгаантай юм билээ.

Энэ талаар оршин суугчдаас нь тодруулахад “Бидний амьдрах нөхцөл үнэхээр хүнд. Одоо хот өргөжин тэлсэн болохоор эргэн тойронд дандаа шинэ орон сууц, барилгууд босч байна. Гэтэл бид хэд энэ дунд ийм байдалтай байгаа нь хотын өнгө үзэмжинд ч тааруу нөлөө үзүүлж байгаа. Хамгийн гол нь энэ байшингуудад хүнд амьдрах нөхцөл үлдсэнгүй. Ихэнхийнх нь тааз, хана нурчихсан. Салхи нэвт сийгдэг. Аргагүй дээ, бараг 60 жил болж байгаа юм чинь.

Гэхдээ эдгээр байшин, хашаатайгаа нийлээд чамгүй том газартай. Тийм болохоор оршин суугчид нь нийлээд газраа дахин төлөвлөлтөд хамрагдуулах хүсэлт гаргасан. Бүр 2013 оноос хойш жил бүр хүсэлт гаргаж байгаа ч бүтээгүй. Учир нь энэ газрыг бидний өмчлөлд өгөхгүй гэх юм. Бид энд 20-30 жил аж төрж байгаа.

Зах зээлд орсноос хойш л өмчлөлөөр хүсэлт гаргаад нэмэр алга. Дүүрэгт хандахаар хот руу яв гэдэг. Хотын захиргаанд очихоор ямар нэг аргаар удаагаад хариу ч өгөхгүй. Уг нь бид энэ газраа дахин төлөвлөлтөд оруулчих юм бол барилгын компаниудтай гэрээ хийгээд явчихна” гэж хариуллаа.

Эдний ярьж байгаа нь яах аргагүй үнэн аж. Учир нь 2014 онд Мэргэжлийн хяналтын газраас тус байранд хүн амьдрах боломжгүй гээд дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр гахайн заводын байр нь газар хөдлөлт, чичирхийлэл, хүчтэй шуургыг тэсвэрлэх чадваргүй, хүн амьдрахад өндөр эрсдэлтэй гэжээ.

Мөн харьяа дүүргийнхэн нь үүнийг маш сайн мэддэг. Энэ байр яг одоо хотын тэлэх хэсэгт, орон сууцнуудын дунд байгаа. Тиймээс дахин төлөвлөлтөд оруулах, эсвэл аль нэг барилгын компанитай гэрээ байгуулан газраа өгөхөд асуудалгүй мэт. Одоо эдэнд нэн түрүүнд өмчлөлийг нь шийдэж өгөх шаардлагатай. Гэхдээ одоо энэ хэсгээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч НЗДТГ-т тэдний хүсэлтийг уламжилж, энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болж байгаа тухай иргэд ярьж байсан. Тэгэхээр иргэдэд 20-30 жил амьдарсан орон байраа өмчилж авахад нэлээн дөхсөн бололтой.

Харамсалтай нь асуудал үүгээр дуусахгүй. Юу гэвээс 2014 онд “ЛСБО” ХХК-ийн ерөнхий захирал Чогдонгийн Лхагвасүрэн гэгч этгээд “Гахайн байр”-ны иргэдтэй газрыг нь авахаар гэрээлсэн ажээ. Тэгэхдээ иргэдийн газар дээр орон сууц бариад, эдгээр 14 айлд тус бүр хоёр өрөө байр өгөхөөр тохиролцсон байна. Орон сууцтай болно гэж баярласан иргэд нийт гурван га гаруй газрыг суллаж өгөхөд ямар асуудал учруулахгүй гэж ам өчгөө өгчээ.

Улмаар “ЛСБО” компанийнхан дөрвөн ч айлын байшинг нурааж, “Гахайн байр”-ны арын хашааны иргэн С.Болдын палк модоор хийсэн байшинг бүр шатааж, газар чөлөөлсөн байна. Гэтэл нэг л өдөр Ч.Лхагвасүрэн тэргүүтэй компанийнхан ор сураггүй алга болсон ба байшингаа алдсан иргэд нурсан балгастай л хоцорсон ажээ. 

Хохирсон иргэд энэ талаар шүүх, хууль хяналтын байгууллага гээд яваагүй газар үгүй боловч өнөөг хүртэл асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй юм байна. Тиймээс иргэд өөрсдөө Ч.Лхагвасүрэн гэгчийг хайж явсаар Баянзүрх дүүрэгт нуугдаж байхад нь олж, үүний дараа хоёр айл өөрсдөө барилгын материалаа авч байшингаа сэргээж, бариулжээ.

Харин гахайн заводын байрны ард залгаа газартай байсан С.Болд гуайнх байшингийн шатсан туурьтай л үлдсэн гэнэ. Мөн байшингаа нураалгасан хоёр айл нь одоо нэг сарын 50 мянган төгрөгөөр айлын гэр түрээсэлж амьдарч байна.

Гэтэл хамгийн хямд гэр түрээсэлж байгаа болохоор дан бүрээстэй, туургагүй, өмхөрсөн шалтай учраас өвлийн битгий хэл хавар, намрын зэврүүн өдрүүдийг ч давж гарахад бэрхтэй. Гал түлээд ч нэмэргүй учраас хүүхэд, хөгшидгүй гэртээ зузаан куртик, өвлийн гуталтай өдрийг өнгөрөөдөг ажээ.

Гэхдээ энэ асуудлыг дээр дурдсанчлан тус хэсгээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч ажил хэрэг болгохоор хөөцөлдөж байгаа юм билээ. Тэрбээр ажил үүргийнхээ дагуу НЗДТГ, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан бөгөөд тус газраас “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, баталгаажуулах журам”-ын дагуу Гахайн заводын байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар судалгаа хийж байна” гэсэн хариулт ирүүлжээ.

Тэгэхээр уг байр тун удахгүй дахин төлөвлөлтөд орж болох нь. Иргэдийн хувьд ч өмчлөл болон өмнө хохирсон асуудал байгаа тул үүнийг хуулийн хүрээнд, баталгаатай хийхийг хүсч байна.

Өглөөний сонин
С.Уул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-10-16 03:29:17
    Gazriig ni omchlvvlchixed yadag bainaa. Busdad ni ogch bolson ym chini yu ni boldoggvi baina. Vnexeer ix xvnd surtal thvv?
    59.153.114.40
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-16 02:35:46
    иймэрхуу асуудлыг хятадад бол цэрэг хуарангийн маягаар зохицуулдаг байх манайх иргэдийн саналд тулгуурлана гэж солиороод шийдэж чадахгуй бна
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • дуусашгуй мянгуужин 2017-10-16 02:30:41
    судалгаа хийж байна яасан чдуудаггүй судалгаа
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-16 01:37:11
    1800 онд баригдсан богд хааны ордон байж байхад 50 жил болсон барилгын насжилт гүйцсэн шахуу юм бичдэг энэ ойлголтыг ард түмэнд төрүүлдэг нь зөв үү
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2017-10-16 02:55:13
      Bogdiin ordong Orosuud mongo horongo gargaj Hyataduud barij beleglesen yum. Orosuudin beleg gej yavdag. Mongolchud barisan bol odoo odid nurchihsan baih bolov u...
      103.26.193.128
      Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2017-10-16 02:53:57
      mongolchuud yum hiij chaddaggui n ene shuu dee. busad orond bol ai dundad zuund barisan zuil baij baina. manaihan ali ch tsag uyed oromdoj hulhiddag n ene.
      103.26.193.128
      Мэдэгдсэн Хариулах