Шинээр дөрвөн сургууль, долоон цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Сүхбаатар дүүрэг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө ямар ажлуудыг хийж байна вэ. Ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа талаар яриагаа эхэлье?
 
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт шинэчлэн зохион байгуулагдаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн жил манай дүүрэгт 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Харин энэ жил 2,7 тэрбум төгрөг хуваарилагдаж ирсэн байгаа. Энэ хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт хийх талаар бид бүх хорооныхоо иргэдээс санал авч, ажлуудыг эрэмбэлэн, шаардлагатай ажлуудыг хийж байна.
 
Иргэдийн зүгээс гадна тохижилтын ажил хийх саналыг ирүүлсэн юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтыг гаргасан байдаг. Энэ талаар ч тэд тодорхой мэдлэгтэй болсон байна. Харин томоохон ажлуудаас дурдвал камержуулалт, гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, тохижилтын ажил байна. Тохижилтын ажлууд нь дотроо олон хуваагдана. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, автомашины зогсоол хийх болон орон сууцны барилгын дээврийн засварын асуудал орно. Мөн гэр хорооллын гудамжинд худаг барих, гэрэлтүүлэг хийх гэх мэт ажлуудад сангийн хөрөнгөө хуваарилан ажиллаж байна.
 
Хугацааны хувьд бага зэрэг хоцролттой байгаа ч энэ нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой олон дүрэм, журам байдаг юм. Тиймээс тодорхой шат дамжлагын дагуу долдугаар сараас тендер зарлагдсан. Ингээд багцалсан дүңгээр ажил 40-50 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрээс гадна энэхүү сантай холбоотой бас нэг шинэ зохицуулалт орж ирсэн. Энэ нь тухайн дүүрэг, хороонд оршин сууж байгаа иргэдийн хамтын бүлгээр 20 хүртлэх сая төгрөгийн ажлыг санхүүжүүлж хийлгэж байна. Үүний дагуу бид сонгон шалгаруулалт явуулж 30 орчим ажлыг иргэдийн бүлэгт хуваарилан өгсөн.
 
-Танай дүүргийн хувьд иргэдийн санал санаачлгыг аль болох дэмжин ажилладаг. Тухайлбал, эко үйлчлэгч гэх мэт урамшуулалт ажлууд байна. Тэдний нэг болох “Зуслангийн найзууд” төслийн талаар сонирхмоор байна. Үр дүн нь хэр байна вэ?
 
-Энэ тэсөл нийслэлийн хүрээнд нэлээд шинэлэг ойлголт. Тиймээс төслөөс урьтаж хог хаягдлын менежментийн талаар зарим зүйлсийг дурдах нь зүйтэй байх. Хог хаягдлын шинэ менежментийг 2013 оноос төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу хог тээврийн компаниуд үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн. Сүхбаатар дүүрэг нутаг дэвсгэрээ байршлаас нь хамааран таван бүсэд хуваан, сонгон шалгаруулалт нээлттэй зарласан. Үүний нэг бүсэд нь дүүргийн орон нутгийн өмчит компани бусад бүсэд нь хувийн компани үйл явуулахаар болсон.
 
Дээрх компаниудын нэг нь зуслангийн бүсэд хог тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Уг компани зуслангийн өрхүүдэд ногоон карт борлуулья гэдгийг санаачилсан. Өөрөөр хэлбэл, зуслангийн өрхүүд хог хаягдлын хураамжийг огт төлөхгүй байгаа юм. Тиймээс хариуцлагатай болгохын тулд ногоон картын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Энэ жил бид ногоон картын үйл ажиллагааг тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа компанид хариуцуулан өгсөн. Ингэснээр тухайн компани картаа борлуулан хог тээврийн үйлчилгээний санхүүжүүлэлтээ хийгээд, ногоон бүсийг хоггүй байлгах үүрэг хүлээж байгаа юм. Харин компанийн зүгээс картыг захиргааны журмаар борлуулах нь зохисгүй юм байна, хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт хийе, тэднийг урамшуулья гэсэн санал гаргасан. Ингээд төслийг дэмжин, хэрэгжүүлж эхэлсэн нь “Зуслангийн найзууд” төсөл юм.
 
Ингэхдээ сугалаа явуулсан. Цаашдаа энэ ажил жил бүр уламжлал болон явна. Төслийн үндсэн зорилго нь өмнөх шиг хамтын бүсийг эргэн сэргээх. Харин гол үр дүн нь хоггүй орчинд амьдарья, хогоо зориулалтын саванд хийж хураамж төлж байх юм. Ногоон картыг 10 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Нэг сарын хураамж 2500 төгрөг байдаг шүү дээ. Тэгэхээр таваас наймдугаар сарын хооронд энэ хураамжид багтаан зуслангийн бүсийг цэвэрлэж байгаа гэсэн үг.
 
-Зуслангийн бүсээс гадна гэр хорооллын гудамжны хогийг цэвэрлэж байгаа гэсэн?
 
-Энэ мөн л хог хаягдлын шинэ менежменттэй холбоотой. Өмнө нь байшин хороолол доторх хогийг л цэвэрлээд гэр хорооллыг орхичихдог байсан. Гэр хороолол 20 жилийн хугацаанд эзэнгүй, өөрсдийн чадлаараа байж ирсэн. Харин өнөөдөр ямар ч хүний өмнө би манай дүүргийн гэр хорооллоор яваад үз гэж хэлж чадна. Магадгүй ганц нэг буланд хог байж болох ч овоорсон хур хог бол байхгүй. Учир нь хогийг бид cap бүр цэвэрлүүлж байгаа. Ингэхдээ бас л иргэдийг оролцуулж байгаа юм. Ер нь төрийн үйл ажиллагаанд иргэдийг хамруулж байх хэрэгтэй. Бид хичнээн захиргааны шийдвэр гаргаж байгаа ч үр дүнд хүрэхгүй.
 
Тодруулбал, тухайн хорооны ажилгүй иргэдийг уг ажилд оролцуулан, тодорхой хэмжээний урамшуулал өгч байна. Мөн олон хяналтын системийг ажиллуулж байгаа. Тухайлбал хороо бүрт эко эргүүл гаргаж байна. Мөн хэсгийн ахлагчийг ажиллуулж байна. Түүнчлэн ахлах ангийн сурагчид болон оюутнуудыгэ нэ үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа юм. Ингэснээр хүмүүсийн сэтгэхүйд өөрчлөлт оруулж байгаа хэрэг.
 
-Ажил хоорондын уялдаа сайн байх хэрэгтэй тухай хүн бүр хэлдэг. Гэвч хороодын Засаг дарга нар энэ төрлийн харилцаа муу байна нэг нь тохижилтын ажил хийхээр нөгөөх нь ирээд сүйтгэдэг гэдэг. Энэ асуудал дээр дүүргийн зүгээс ямар зохицуулалт хийж байгаа талаар сонирхуулаас?
 
-Нэг үеэ бодвол энэ асуудал ойлголцолд хүрч байгаа. Гэхдээ 100 хувийн нягт болсон гэж хэлж чадахгүй. Бас л нэгэндээ мэдэгдэхгүй ажил хийх асуудал гардаг. Одоогоор энэ бүх зүйлсийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зангидаж байгаа. Учир нь Ус сувгийн удирдах газар, Цахилгаан түгээх сүлжээ болон Улаанбатаар дулаан гэх мэт байгууллагууд Захирагчийн ажлын албаны харьяа байгууллагууд. Бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийхэд энэ бүгд тал талаасаа оролцоотой байдаг. Тийм учраас энэ байгууллагууд шуурхай зөвлөгөөн хийж, төлөвлөж байгаа ажлуудаа зохицуулж явдаг.
 
Гэвч заримдаа тендер сонгон шалгаруулалт гэх мэтээс шалгаалан хугацааны хувьд өөрчлөлт гарах үе байдаг. Тиймээс ажлаа графикчлан хийж байгаа. Хамгийн гол нь дүүргээс хөрөнгө гаргаад бүтээн байгуулат хийгдчихсэн газар зайлшгүй шаардлагаар шугам хоолой засах боллоо гэхэд дүүрэгтэйгээ холбогдож, тодорхой хэмжээний барьцаа хөрөнгө байршуулах юм. Энэ нь нэгнийхээ хийсэн ажлыг нөгөө нь урьдынх шиг сүйтгэхгүй гэсэн үг. Тодруулбал, тухайн газар өмнө нь ямар байсан яг тэр хэвэнд нь оруулах шаардлага тавьж байгаа учраас тэр хэмжээний хөрөнгийг манай дүүрэгт байршуулж байгаа гэж ойлгож болно. Ингэснээр тухайн компани хариуцлагатай болж байгаа юм. Өмнө нь дулааны шугам ч юм уу, цахилгааны кабель солиод тэр чигт нь орхичихдог байсан. Харин өнөөдөр энэ асуудал цэгцэрч эхэлсэн.
 
-Хичээлийн шинэ жил эхэллээ. Танай дүүргийн сургууль, цэцэрлэгүүд сурагчдаа хүлээн авахад бэлэн үү?
 
-Манай дүүргийн хувьд боловсролын салбартаа гол анхаарлаа хандуулан ажилладаг. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролд. Ийм учраас сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг дөрвөн чиглэлээр буюу дүүрэг, нийслэл, улс, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар засварыг хийж байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд арав орчим сургуульд засвар хийнэ. Ажлын гйүцэтгэлийг багцалбал 50-60 хувьтай байна. Тиймээс есдүгээр сарын нэгэн гэхэд гүйцэтгэл 80-90 хувьтай болно. Харин зарим ажил гүйцэтгэгч нь шалгараагүй гэдэг үндэслэлээр хоцорч байгаа тохиолдол бий. Мөн дүүргийн зүгээс засварын ажлаас гадна,  материаллаг бааз, ялангуяа хүүхдүүдийн сурах орчин, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийн асуудалд ихээхэн анхаардаг. Одоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Өнгөрсөн онд хөвгүүдийн хөдөлмөрийн хичээлийн төхөөрөмжийг бүх сургуульдаа нийлүүлсэн. Харин энэ жил охидын хөдөлмөрийн кабенитэд тоног төхөөрөмж нийлүүлнэ. Түүнчлэн цэцэрлэгийн зөөлөн эдлэл буюу хөнжил, гудас, даавуу, тодорхой хэмжээний тоглоом болон гал тогооны тоног төхөөрмжийг шинэчилж өгнө. Өмнө нь эцэг, эхчүүдээр нь бэлдүүлдэг байсан шүү дээ. Тиймээс цэцэрлэгүүд энэ хичээлийн жилд шинэ зөөлөн эдлэл, тоглоомтой элсэгчдээ хүлээн авна.

Эдгээрээс гадна бид шинээр дөрвөн сургууль, долоон цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, Дамбадаржаад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор шинээр барих бол II сургуулийн өргөтгөл, III болон XI сургуулийн барилгын ажил эхэллээ. Харин дүүргийн хэмжээнд долоон хороо цэцэрлэггүй байдаг. Тиймээс цэцэрлэгийн хүртээмж багатай хэсгийг сонгон барина. Үүний хоёрыг нь дүүргийн, хоёрыг нь нийслэлийн, үлдсэнг нь олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар барих юм. Гурван цэцэрлэг есдүгээр сарын нэгэнд хүүхдээ авна. Хоёр нь он дамжин баригдана. Нэг нь оны өмнө ашиглалтанд орно. Ойролцоогоор 1000 орчим хүүхэд цэцэрлэгт элсэх боломж бүрдэх юм. Харин сургуулиудын хэмжээнд 1500 орчим хүүхдийн суудал шинээр нэмэгдэнэ.
 
-Есдүгээр сарын нэгэн болохоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Энэ асуудал дээр дүүргээс ямар арга хэмжээ авах вэ?
 
-Замын цагдаагийн албатай хамтран арга хэмжээг хэрэгжүүлдэг. Энэ жилийн тухайд ганц замын цагдаад хүч өгөхгүйгээр сургуулиудад арга хэмжээ авна. Дүүргийн сургуулиуд ихэвчлэн хотын төвд, зам дагуу байрладаг. Тиймээс сургуулиудын удирдлагатай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн есдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд эцэг эхчүүдийг татан оролцуулна.
 
Мөн замын хөдөлгөөний ачааллыг буруулах үүднээс түр зохицуулагчийг ажиллуулна. Ингэхдээ дүүргээс тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж 32 иргэнийг зохицуулагчаар сарын хугацаатай ажиллуулна. Эдгээр хүмүүс нь замын цагдаагийн сургалтад хамрагдаж, хөдөлгөөн зохицуулах эрх авсан хүмүүс байгаа. Үүнээс гадна замын цагдаагийн бүрэлдэхүүн ачаалалтай үед бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах юм. Мөн бид сургуулиудын орчинд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг хийж байгаа.

-ТҮЦ-үүдийг цаашид хэрхэх гэж байгаа талаараа сонирхуулаач?

-Журам гарсан байгаа шүү дээ. Бидний зүгээс ТҮЦ ажиллуулахад тухайн иргэний эрүүл, аюулгүй байдлыг хангасан, бохирын асуудлыг шийдсэн байх шаардлага тавьж байгаа. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 100 гаруй ТҮЦ байдаг. Үүний 30 нь автобусны буудал дээр, үлдсэн нь орон сууц болон гэр хорооллын гудамжид байрлаж байгаа. Тиймээс бид ТҮЦ-үүдийг цэгцэлье гэж байгаа юм. Ингэхдээ сургууль, цэцэрлэгээс 500 метр зайд, автобусны буудал дээр болон явган хүний зам, гарц дээр байрлахгүй байх шаардлага тавьж байгаа. Ингээд дээрх шаардлагыг биелүүлсэн газрыг иргэд сонгоод бидэнд хандвал ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл өгнө. Энэ нь иргэдийн аюулгүй байдал болон Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа явдал гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
 
 Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол бид албадан нүүлгэх арга хэмжээ авна. Мөн чанаргүй, хямд бүтээгдэхүүн зардаг асуудлыг зогсооно. Тэгэхгүй бол тамхи ширхэглэн зарах бол наад захын асуудал болоод байна. Бүр архи ч зарж байх жишээтэй.
 
-Танай дүүргийн хувьд газар өмчлүүлэх ажлын II ээлжид орж байгаа Тоосгоны үйлдвэр орчим бий. Энэ газарт байгаа айлуудыг хэрхэх талаар ямар ажил хийгдэж байна?
 
-Хуучин иргэд газар өмчүүлнэ гэхээр хүний олноор юм уу, мөнгөөр түрүү барин хашаа, байшин барьчихдаг байсан. Харин одоо энэ асуудлыг зогсооно. Өмчүүлэх газарт хэсэгчилсэн төлөвлөгөө хийж, гудамж, замыг нь гаргаж байгаа. Тиймээс зургийн дагуу л өмчлүүлнэ. Сүүлийн үед газар өмчлүүлэх сургаар айлууд тухайн газарт очиж буугаад байгаа. Тиймээс энэ асуудлыг албадан нүүлгэнэ гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн жилээс эхлэн бид 100 гаруй айлын албадан нүүлгэсэн.
 
-Зуслангийн газар өмчүүлэх ажлын талаар?
 
-Мөн л хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж байгаа. Тэгэхгүй бол хүмүүс дураараа очиж буугаад, гарцгүй болгодог. Одоо байгаа хэлбэрээр өмчилбөл нэг иргэн 1000-2000 м.кв газартай байхад нэг нь 200 м.кв газартай байх жишээтэй. Үүнээс үүдээд хүний амь насанд хүрч магадгүй. Шүүхээр шийдвэрлүүлэх асуудлуудын 70-80 хувь нь зуслангийн газар, түүний гарц, хашааны асуудал байдаг. Тиймээс зураг гаргасны дараа өмчүүлэх ажлыг хийнэ.
 
-Суурьшсан иргэдэд давуу эрх олгож, шинээр зуслангийн газар авах иргэдэд олдохгүй байх вий гэсэн айдас иргэдэд байна л даа?
 
-Журмаар зохицуулна. Нэгэнт тухайн иргэнд бичгээр зөвшөөрөл өгсөн бол давуу эрх тооцох нь тодорхой. Шинээр газар эзэмших хүсэлтэй иргэдийн асуудлыг тухайн үед нь зохицуулаад явна. Ер нь хүний хүслийг 100 хувь хангах боломжгүй шүү дээ.
 
-Нийслэлээс сайн өдрийн худалдаа гэх мэт ажлыг санаачилж байгаа. Гэвч дүүргүүдэд газар хомс байна гэсэн?
 
-Манай дүүргийн хувьд газрын судалгаа хийж байгаа. Өмнөх газар олголтуудаас үүдээд сул газар хомс болсон. Гэсэн хэдий ч бид 2-3 байршил сонгосон. Үүнийгээ нийслэлд танилцуулна. Сайн өдрийн зах гэдэг маань ямар нэгэн түрээс авахгүй, иргэд өөрсдөдөө байгаа бусдад хэрэгцээтэй байж магадгүй гэсэн бүтээгдэхүүнийг худалдаалахыг нь хэлээд байгаа юм шүү дээ. Ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулагчид оролцохгүй гэсэн үг.
 
-Нийслэлийн хэмжээнд байгаа усан оргилуурууд ажиллахгүй байгаа талаархи гомдол иргэдийн зүгээс гардаг. Сүхбаатар дүүрэгт байгаа усан оргилуурууд яагаад ажиллахгүй байгаа юм бэ?
 
-Манай дүүрэгт гурван том усан оргилуур байдаг. Гэхдээ усан оргилууруудыг усаа эргэн ашиглах боломжгүй байдлаар хийсэн байгаа юм. Гэтэл усны төлбөр өндөр байдаг. Мөн хариуцсан эзэнтэй болгох ажлыг хийх хэрэгтэй. Ер нь улс, нийслэл, дүүргийн өмч эзэнгүйдээд байгаа юм. Тиймээс эзэнжүүлэх шаардлагатай. Тэгэхээр цаашдаа эзэнжүүлж, тодорхой арга хэмжээг авна гэж ойлгож болно.
Нийслэл таймс
Г.Баярцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • darkhan 2014-08-13 03:28:04
    amaanaa ham bn shdee amjilt
    27.123.215.222
    Мэдэгдсэн Хариулах