Хөгжлийн банкны хяналтын тогтолцоо сайжирсан гэв
Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр /2017.10.06/ сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийж, нэг жилийн хугацаан дахь үйл ажиллагаагаа танилцууллаа. Хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт тэргүүлэгч салбарыг дэмжигч бодлогын банк юм. Хөгжлийн банк нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, нийгэм эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулахаар зорилгоо тодорхойлсон байдаг. Энэ талаар тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Банкны үйл ажиллагааг олон улсын төвшинд хүргэж,  Монгол Улсыг урт хугацааны тогтвортой өсөлттэй, төрөлжсөн эдийн засагтай болгох гол салбаруудыг санхүүжүүлэхэд чиглэгдэж байна” гэдгийг өнөөдөр “Зангиагүй уулзалт”-ын эхэнд  онцолсон юм.

Хөгжлийн банкны удирдлагууд өнгөрсөн хугацаан дахь үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, дараах ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.


1.Хууль эрх зүйн орчны шинэчлэлт: Монгол Улсын хөгжлийн банкны хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Өмнөх хуулийн дагуу УИХ, ЗГ-аас гаргасан, тогтоол шийдвэрийн дагуу төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг байсныг шинэ хуульд заасан шаардлага хангасан хөтөлбөрийг банк судалж, шийдвэрээ бие даан гаргахаар болжээ. Мөн хяналт шалгалтыг Засгийн газраас хоёр жил тутам удирдлага, үйл ажиллагаанд аудит оруулдаг байхаар тусгаж өгчээ. Санхүүгийн чадавх, ил тод байдлыг нэмэгдүүлэх үүднээс төв банкны зүгээс хяналт тавьж зохистой харьцааны үзүүлэлтийг сар бүр ханган ажиллаж байгаа аж.

2. Санхүүгийн зохистой удирдлага: Хөгжлийн банк нь байгуулагдсан цагаасаа хойш актив хөрөнгийн хэмжээ тогтмол өсч ирсэн бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 6,9 их наяд төгрөгт хүрчээ. Улмаар энэ оны гуравдугаар сард 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийснээр актив хөрөнгийн хэмжээ 3,37 их наяд төгрөг болсон байна.

Дүрмийн сангаа 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 34,7 хувьд хүрчээ.

 Хөгжлийн банк нь энэ онд боловсруулах үйлдвэр, уул уурхай, ХАА, эрчим хүчний салбарт 225.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг шинээр батлагдсан хуулийн хүрээнд олгосон байна. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар 100 хувь төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 1670 төсөлд олгосон 2.95 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байна

3. Найдвартай байдал: Хөгжлийн банк нэг жилийн хугацаанд 293,58 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хүүгийн төлбөрийг барагдуулсан бол эх үүсвэрийн үндсэн төлбөрийн хувьд нийт 1,9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг амжилттай гүйцэтгэжээ.

Үүнд,
-Евро бондын 580 сая ам.долларын өр төлбөрийг Хуралдай бондоор сольсон.
-ВТБ банкны 65,43 сая ам.доллар
-Чингис бондын 269,9 сая ам.доллар
-Кредит свисс банкны зээлийн 94,8 сая ам.доллар
-БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн 27 сая ам.долларыг тус тус барагдуулжээ.







4.Үйл ажиллагааны өргөжүүлэлт: Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК  санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах чиглэлтэй үүсгэн байгуулагдсан байна. Тус компани өнөөдрийн байдлаар 20 нэр төрлийн 543 ширхэг тоног төхөөрөмжөөс давхардсан тоогоор 120 гаруй ААН, иргэдэд 267 ширхэг техник тоног төхөөрөмжийг дамжуулах түрээсээр олгоод байгаа аж.
Мөн “Ди Би Эм ассет менежмент” ХХК урт хугацаат санхүүгийн үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтын орчин дотоодын хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийг хөгжүүлэх хүрээн үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Түүнчлэн мэдээллийн системийн шинэчлэлт хийн www.dbm.mn цахим хуудсаар дамжуулан зээлийн санхүүжилтийн хүсэлтийг онлайнаар авч байгаа аж.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus