Б.Жадамба: Өнөөдрийн байдлаар 212290 иргэн газар өмчлөх хүсэлтээ ирүүлсэн байна

НИТХ-ын тогтоолоор 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Үүний эхлэл 5 байршилд газар өмчлүүлэх ажлыг 8 дугаар сарын 01-ний өдрөөс цахим хэлбэрээр зохион байгуулж иргэдийн хүсэлтийг авч байгаа. Цахим бүртгэлийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Жадамбатай зарим асуудлаар ярилцлаа.

-Цахимаар газар өмчлөх иргэдийн хүсэлтийг хүлээн авах ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй ил тод шуурхай болгох үүднээс НИТХ-ын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор 52 байршилд сууршилын бүс үүсгэн шинээр газар өмчлүүлэх шийдвэр гарсан. Энэ ажлын хүрээнд иргэдэд хүнд суртал, чиргэдэлгүй, шийдвэр гаргах түвшний оролцоогүйгээр цахим хэлбэрээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Цахимаар газар өмчлүүлэх ажил нь өмнө хийгдэж байгаагүй шинэ зүйл байсан учраас бэлтгэл ажлуудын маш сайн базаах хэрэгтэй болсон юм. Улмаар цахим хэлбэрээр бүртгэх ажлыг зохион байгуулах журам гаргах шаардлагатай болж НИТХ-ын тэргүүлэгчдийн 92 тоот тогтоол гаргасан байна.  Уг тогтоолын дагуу цахимаар бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Мөн бэлтгэл ажлын хүрээнд батлагдсан 52 байршлын байр зүйн зургийг хийж, эхний ээлжийн 20 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Энэ 20 байршлаас 5 байршилд 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн газар өмчлүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд, Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд  буюу 1500 га газарт 15000 иргэнд газар өмчлүүлэхээр болсон билээ.

-Эхний өдөр веб сайт нэлээд ачаалалтай байсан. Одоо бүртгэх ажил хэвийн үргэлжилж байгаа юу?

-Газар өмчлөлийн ажил 8 дугаар сарын 1-ний өдөр эхэлсэн боловч иргэдийн хандалт маш их байсан учраас веб сайт хэсэг хугацаанд ачаалал авч, гацсан. Манай систем үндэсний дата төв дээр байрладаг бөгөөд тэр байгууллагын сервер ачааллаа дийлэхгүй нөхцөл бий болсон байна. Веб сайтад тус өдрийн 16.00 цагийн байдлаар 4.5 сая удаагийн хандалт хийгджээ. Тиймээс Нийслэлийн мэдээлэл, технологийн газар, Үндэсний дата төв, Нийслэлийн өмчийн харилцааны газар хамтран тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр шуурхай ажиллаж, 8 дугаар сарын 4-ний өдөр серверийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хэвийн ажиллагаанд оруулсан. Одоо веб сайт ачаалал авах, гацах ямар нэгэн асуудалгүй ажиллаж байна.  8 дугаар сарын 1-ний өдрийн 16.00 цагийн байдлаар 16000 орчим иргэн бүртгүүлсэн байсан.

- Ачаалал авч, гацсан ч гэсэн үү?

- Хэдий ачаалалтай ч гэсэн систем маань ажиллаж, иргэдийг бүртгэсээр байсан. Системийн гадны халдлагад өртөхгүй байх тал дээр Тагнуулын ерөнхий газрын харьяа Кибер аюулгүй байдлын газарт хандаж шалгуулсан байгаа. Шалгалтаар гадны нөлөөлөл, гэнэт халдлагад автах нь бага юм гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн газар өмчлөх хүсэлтээ ирүүлээд байна вэ?

- Манай газрын хувьд өдөр болгон хэчнээн иргэн хандаж байна вэ гэдэг мэдээллийг авч, удирдах албан тушаалтанд танилцуулж байгаа.  Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар 212290 иргэн цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлтээ бүртгүүлсэн байна.

Үүнээс БЗД-ийн Хожуулын аманд 70274 иргэн бүртгүүлсэн байна. Гэвч энэ байршилд 909 иргэнд газар өмчлүүлэх ёстой байгаа.  Мөн СХД-ийн Соёондын аманд 71605 иргэн бүртгүүлсэн байгаа бөгөөд 4189 иргэнд өмчлүүлнэ. Багахангай дүүрэгт 6072 иргэн бүртгүүлсэн боловч 1483 иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.   

-Газар өмчлөхөөр бүртгүүлээд баталгаажуулах код авсан ч түүнийгээ санамсаргүй байдлаар гээсэн, устгасан, мартсан тохиолдолд яах вэ?

- Санамсаргүй тохиолдлоор баталгаажуулах кодоо мартсан, устгасан тохиолдлууд маш их гарч байна. Гэвч бүртгүүлсэн 200 мянга гаруй иргэнд нэг бүрчлэн мартсан кодыг нь хэлэх боломжгүй. Гэхдээ энэ ачааллыг бууруулах зорилгоор системдээ хөгжүүлэлт хийж иргэд өөрсдийн регистрийн дугаар, овог нэр, холбогдох мэдээллүүдээ оруулаад автоматаар дахин баталгаажуулах код авч болох цонхыг нээсэн байгаа. Энэ цонхонд хандаад дахин баталгаажуулах кодоо авах боломжтой.

-Газар өмчлөхөөр бүртгүүлсэн иргэдийг хэрхэн сонгон шалгаруулах вэ?

-Сонгон шалгаруулах процесс нь 5 байршилд газар өмчлөхөөр бүртгүүлсэн нийт иргэдээс санамсаргүйгээр сонгох үйл ажиллагааг зохион байгуулна. Хуанлийн 15 хоногийн турш цахимаар бүртгэх ажил үргэлжилнэ. 8 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагт манай систем автоматаар хаагдана. Үүний дараа бүртгүүлсэн бүх иргэдийн мэдээллийг файл хэлбэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэх юм. Тэнд өмнө нь газар өмчилсөн эсэхийг нь автоматаар шалгах төхөөрөмж бий. Мөн янз бүрийн механик алдаанууд гарч болно. Үүнийг УБЕГ-аар засуулсны дараа Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй явуулахаар төлөвлөж байгаа. Мөн систем сонгогдсон иргэдэд мэдээллийг автоматаар явуулахаар тооцоологдсон. Өөрөөр хэлбэл “Та газар өмчлөх эрхтэй боллоо” эсвэл “та сонгогдсонгүй” гэх мэдээлэл сонгон шалгаруулалтын дараа иргэдийн гар утас болон майл хаягаар очно.

-Сонгогдсон иргэд яаж газраа өмчлөх вэ?

-Сонгогдсон, газар өмчлөх эрхтэй болсон иргэд 10 хоногийн дотор холбогдох мэдээллээ бүрдүүлээд харьяа дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандах ёстой. Иргэдээс иргэний үнэмлэхний хуулбар, газар өмчлөх тухай хүсэлт, маягтын дагуу өргөдөл бөглөх зэргийг л шаардаж байгаа. Үүний дараа нийслэлийн Засаг даргын газар өмчлөх тухай захирамж гарч, геодизийн мэргэжлийн байгууллагаар эргэлтийн цэгүүдээ суулгуулснаар газраа өмчлөх боломжтой болох юм. Үүний дараа өмчилсөн газраа хамгаалах нь иргэдийн үүрэг болно. Өөрөөр хэлбэл өмчилсөн газар нь өөр хүн буусан тохиолдолд тухайн иргэн өөрөө хариуцах ёстой.

-Хашаагаа барьж, хамгаалах ёстой гэсэн үг үү?

-Ер нь хашаагаа барьж, өмчилсөн газраа хамгаалах арга хэмжээг авах ёстой.

-Өмнө газар худалдаж авсан иргэнд бүртгэлд хамрагдаж газар өмчлөх эрхтэй юу?

- Газар эзэмших эрхийг худалдаж авна гэж байдаггүй. Харин нэр шилжүүлсэн байж болно. Тухайн хашаа, байшинг худалдаж авдаг болохоос газрыг нь худалдаж авдаггүй. Газар эзэмших эрхийг л шилжүүлж, дээр нь баригдсан обьектыг л худалдан авч байгаа юм. Газар эзэмших эрхийг шилжүүлэн аваад нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлж болно. Харин газар эзэмших эрх аваад улмаар тухай газраа өмчилсөн бол цахим системд хандаж, бүртгүүлэх боломжгүй болж байгаа юм. Нэг хүн хэчнээн ч газар эзэмших эрхтэй. Харин нэг удаа л газар үнэгүй өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулсан байгаа.

-Дараагийн газар өмчлүүлэх ажлууд хэрхэн зохион байгуулагдах вэ?

-Таван байршилд газар өмчлүүлэх энэ удаагийн ажил хэрхэн зохион байгуулагдахаас цаашид бусад байршилд газар өмчлүүлэх зохион байгуулалт хамаарна. 2016 он дуусахад 52 байршилд газар өмчлүүлж дуусахаар байгаа. Ойролцоогоор 230 гаруй мянган иргэнд газар өмчлүүлнэ гэсэн тооцоо байна. 2003 оноос газар өмчлөлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 105 мянга орчим нэгж талбайг өмчлүүлжээ.

-Ярилцсан баярлалаа.

Л.Тамир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2014-08-12 07:23:43
    Иргэд газар эзэмших маш сонирхолтой байсан нь одоо харагдаж байгаа биз дээ. МАН-ын үед бол газрын наймаачид зүгээр л зохиомол хомсдол үүсгэж улмаар газраа зардаг байсан биз дээ. АН-ын үед л энэ бүхнийг ил гаргаж тавилаа.
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэрэн 2014-08-12 04:35:59
    Одоо бол гацахгүй сайхан ажиллаж байгаа шүү. 200 гаруй мянган хүний өргөдөл гэдэг бас л их тоо шүү. Ажлаа улам сайжруулж улам хялбаршуулж хөнгөвчлөөрэй.
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах