Оюутнууд өөрсдөө захиалгаа хянах боломжтой болсон
Cap хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Оюутан, залуусын хувьд хамгийн чухал зүйл нь нийтийн тээврээр үнэ, телбөргүй зорчих эрхийн карт байдаг билээ. Тиймээс ч энэ хичээлийн жилд смарт картын захиалга хэрхэн явагдаж байгаа талаар Монголын Оюутны холбооны ОНХХ-ийн дарга Э.Батжаргалаас тодрууллаа.
 
-Энэ хичээлийн жилд хэчнээн мянган оюутан смарт карт захиалах вэ?
 
-2014-2015 оны хичээлийн жилд нийтдээ 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчино гэсэн тоо гарсан байгаа. Одоогийн байдлаар 80 гаруй мянган оюутан, залуус смарт картаа захиалаад байна. Энэ жилийн хувьд бид урьд өмнөх туршлагууддаа үндэслэн аль болох захиалгыг оюутнуудад хүндрэлгүй байлгахаар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл бид өнгөрсөн хавраас смарт картын захиалгыг эхлүүлсэн байгаа. Цаг хугацааны хувьд хангалттай байсан учраас эхний захиалгуудаа аваад хэвлэлтэд явуулсан.
 
-Бүртгэлийн хураамжид өөрчлөлт орсон уу, нэгдүгээр курсын оюутнуудын хувьд хэзээ картаа захиалах боломжтой вэ?
 
-Бүртгэлийн хураамжид өөрчлөлт ороогүй. Тодруулбал, оюутнууд 3x4 хэмжээтэй цээж зураг, 6500 төгрөгийн хамт сургуулийнхаа  оюутны холбоогоор          дамжуулан өгч, хүсэлтээ гаргах ёстой. Нэгдүгээр курсын оюутнууд хичээлийн шинэ жил эхэлсний дараа захиална. Өөрөөр хэлбэл, ирэх есдүгээр сарын эхээр смарт картаа захиалах юм. Нэгдүгээр курсын оюутнууд смарт картаа захиалснаас хойш 14 хоногийн дотор бэлэн болж, гар дээр нь очино.
 
Дашрамд дурьдахад, энэ хичээлийн жилд оюутан залуус өөрсдийн захиалгаа хянах боломжтой болсон. Тодруулбал, Монголын Оюутны холбооны www.student.org. mn вэб хуудсанд хандаж, карт шүүх гэдэг цэс рүү орж, өөрийн овог, нэр, регистрийн дугаараа оруулснаар өөрсдийнхөө захиалгыг хянах боломжтой болсон. Түүнчлэн смарт картаараа дамжуулан оюутан залуус маань дурын банкнаас 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах боломжтой. Мөн эрүүл мэндийн даатгалд хамрагдах, Монголын Оюутны холбоотой хамтран ажилладаг, оюутан залуусын ихээр үйлчлүүлдэг газруудад картаараа дамжуулан 2-45 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
 
-Эрүүл мэндийн даатгалд хамрагдана гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу ?
 
-Оюутан залуус маань гэнэтийн осол, эндэгдэлд өртөх тохиолдол элбэг байдаг шүү дээ. Тиймээс ч бидний хувьд гэнэтийн ослын даатгалд хамруулахаар болсон. Тухайлбал, бусдад зодуулах, нохойд хазуулах, гэнэтийн ослоор бэртэж, гэмтэх тохиолдолд даатгалаа ашиглах юм.
 
-“Оюутны өргөө” цогцолборын төсөл цаашид үргэлжлэх үү?
 
-Бид ирэх онд хэд хэдэн хуучирч, муудсан оюутны байрыг шинэчлэх төлөвлөгөөтэй байна. “Оюут­ны өргөө” төсөл цааш үргэлжилж, хуучирч муудсан байруудыг шинэчлэх юм. Бидэнд өмнөх төсөв, төсөл гээд бүх шаардлагатай зүйлс нь байгаа болохоор энэ удаад илүү туршлагатай, сайн ажиллана гэж бодож байна. Ер нь цаашид МОХ-ын зүгээс оюутан залуусынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухтай орчинд ажиллаж, амьдарч, сурч, боловсроход анхаарах болно.

Монголын мэдээ
Х.Жаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.