Төрийн өмчит компаниудын өр 25 хувиар буурчээ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн үйлдвэрлэл, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, авлага, өглөгийг бууруулах зарчмыг баримтлан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг хянаж нэг жилийн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэжээ.

Төрийн өмчит компаниудын 2016 оны эхний хагас жилд 15,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг 30 дахин өсч, компаниудын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирч, борлуулалт 3,4 их наяд төгрөгт хүрч орлого 56 хувиар өсчээ.

2016 оны эхний хагас жилийн байдлаар 10,8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр төлбөр 8,7 их наяд төгрөг болж, 2,1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан байна. Өнгөрсөн оны 10,8 их наяд төгрөгийн өр төлбөрт Хөгжлийн банк, Төрийн банкны ашиглаж байгаа 5,2 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг оруулж тооцсон ба энэ эх үүсвэрээс хувийн секторт 4,4 их наяд төгрөгийн зээл олгожээ. Ийм учраас Төрийн банк, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэр 5,2 их наяд төгрөгийг нийт төрийн өмчит компаниудын өр зээлээс хасч тооцвол төрийн өмчит компаниудын өр 3,5 их наяд төгрөг болох ба богино хугацаат өр төлбөр 1,4 их наяд төгрөг, урт хугацаат өр төлбөр 2,1 их наяд төгрөг байна.

Төрийн өмчит компаниудын удирдлагын зардлыг 3 тэрбум төгрөг, барилгын засвар, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 8,8 тэрбум төгрөг, тансаг хэрэглээний жийп автомашин худалдан авах зардлыг 3,3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулжээ. Төрийн өмчит компаниуд 2012-2015 онд нийт тансаг хэрэглэлийн 170 ширхэг жийп автомашиныг 19 тэрбум төгрөгөөр буюу жилд дундажаар 42 ширхэг жийп автомашиныг 4,7 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан бол 2016-2017 онд 10 ширхэг жийп ангиллын автомашиныг 1,4тэрбум төгрөгөөр худалдан авсан нь өмнөх жилтэй харьцуулахад 3,3 тэрбум төгрөг буюу 70 хувиар бууруулсан дүнтэй байна.

Монгол Улсад төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 12, Сангийн яамны харьяа 5, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдаж үйл ажиллагаа явуулж байгаа ба 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт төрийн өмчийн компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны хагас жилийн дүнгээр 60 гаруй хувь нь ашигтай ажиллажээ.


П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-09-29 06:36:29
    АН-ынхан үнэндээ Монгол улсын аль идэж болох бүхий л зүйлийг идэж уусан штэ. Тэрнийхээ шанг ч хүртсэн. Одоо идэж уусан нөхдүүдийг шитгэж улсыг хохиролгүй болго