
МАН-ын Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдаа сонголоо. Энэ Бага хурал МАН-ын томчуудын хувьд эрх мэдлээ хамгаалж, хадгалж үлдэх том ашиг сонирхолын зөрчилдөөн, бас хагарал тэмцлийн дунд болсон гэдгээрээ онцлогтой. Өмнө нь намын дарга нь нэг хүний нэр барин орж ирж, захиалгаар заалнаас хэн нэгний нэрийг дэвшүүлж, заалнаас нэр дэвшигч нь ёс юм шиг нэрээ татаад, намын даргынхаа халаасанд явсан нэр дэвшигчийг 100 хувь гар өргөн баталдаг хуучны жүжиг шийнээс арай өөр болов.
Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцах гэсэн хэрэгт орооцолдож, нэг сонгуульд хоёр удаа ялагдсан МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайдын суудалд хүрэхийн тулд ямар ч өрсөлдөөнийг давж гарна гэдгээ аль эрт зарлаад байсан Ө.Энхтүвшин, тендерчид, концессчидтой тэмцэхээ хатуу мэдэгдсэн У.Хүрэлсүх нарын дунд гол өрсөлдөөн явагдах нь аль эрт тодорхой байсан. М.Энхболд энэ удаа аавынхаа нутгийн хүү, багын найз, олон жил түүний үгнээс хэзээ ч зөрж байгаагүй Н.Энхболдыг Ерөнхий сайдад сойхоор аль эртнээс бэлтгэж байлаа. Даргынхаа үгнээс зөрж үзээгүй Н.Энхболд ч намын Бага хурлын бүх гишүүд рүүгээ утасдаж, “Би Ерөнхий сайдад нар дэвшинэ. Намайг дэмжээрэй” хэмээн ярьжээ.
Түүний хувьд Ө.Энхтүвшин шиг Ерөнхий сайд болох гэж улаарахаасаа илүүтэй намын дарга М.Энхболдынхоо үгийг тушаал мэт хүлээж авсан хэрэг. Даргынхаа тушаал зааврыг биелүүлэх гэж хэр чадлаараа хичээж байсан Н.Энхболд МАН-ын Бага хурлын өглөө М.Энхболд даргынх нь ааш хувирч, өөрийг нь бус Ө.Энхтүвшинг дэмжих команд өгч байгааг ч мэдсэнгүй. Бага хурлын үеэр түүнийг орхисон намын дарга нь ядаж нэрээ тат ч гэж хэлсэнгүй өрсөлдөөн рүү түлхэж орхив. УИХ-ын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдож, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж, УИХ-ын дэд даргын сэнтийд заларч байсан Н.Энхболд намын Бага хурлын гишүүдээсээ ердөө л тавхан санал авлаа. Н.Энхболдын авсан таван саналын эзэн нь тодорхой. Н.Энхболд, түүний туслах, зөвлөх, хамаатан бүсгүй гээд санал өгсөн хүмүүсийнх нь нэр хүртэл гарч ирэв. М.Энхболдын үгэнд орж, Н.Энхболдыг орхиж явсан нөхдүүд Ө.Энхтүвшинг дэмжээд ч ялалт байгуулж чадсангүй. Энэ ялагдал Н.Энхболд гэдэг улс төрчийн хувьд хэтэрхий гашуун байгаа нь мэдээж. Тэрээр М.Энхболдыг өөрөөс нь гэнэт урваж, Бага хурлын үеэр өөрийнх нь эсрэг ажиллана гэж төсөөлөө ч үгүй явсандаа, бас Бага хуралд нэрийг нь дэвшүүлчихээд нэр хүндийг нь шавартай хутгаж орхисонд гомдож үлдэв. Улс төрд найз байдаггүй гэж үнэн бололтой.
olloo.mn