Барилгачдын талбай юу, машины зогсоол уу

ТӨӨРСӨН ӨВГӨН


Цагтаа талбай байсан юм аа  гэдгийг баталж буй аятай “Хүүхээд Барилгачдын талбай хаана вэ” хэмээн 70 эргэм насны өвгөн хэн нэгнээс асуух нь сонсогдоно. “Энэ” хэмээх хариу сонссон даруйдаа эргэлзэж байгаа аятай, итгэж ядсан харцаар ийш тийш хэдэнтээ тойруулж хараад, “Хүүхээд барилгын яам нь аль вэ” гэж үргэлжлүүлэн лавлаад хариугаа гүйцэд сонссон бололтой зогссон машинуудын дундуур сүлжин одов.
 
Уг нь энэ газрыг тэртээ 1970-аад онд тохижуулан Барилгачдын талбай хэмээн нэрлэжээ. Гэвч эдүгээ Барилгачдын талбайн нэр нь үлдэж, буурин дээр нь хоолны болон түрээсийн газрууд байрладаг “Баганат өндөрлөг” гэж жигтэйхэн сайхан нэртэй барилга гэхэд барилга биш, талбай гэхэд талбай биш, хөшөөт цогцолбор гэхэд цогцолбор биш яг тийм гээд оноод хэлэх нэр ч олдохгүй болж. Хэлбэрээр нь биш агуулгаар нь хэлбэл үнэндээ далд машины зогсоол л доо. Далд машины зогсоолыг тойроод мөн л ил машины зогсоол үргэлжилнэ. Энэ хавийн албан байгууллага, яам тамгаар үйлчлүүлж буй иргэд ил зогсоолд машинаа байрлуулдаг аж. Тэгэхдээ төлбөртэй.
 

МӨНГӨ НЬ ДУТСАН ЗАЛУУ

 
“Ээ л дээ эгчээ, байгаа бэлэн мөнгө нь энэ” гээд машиныхаа цонхоор 500 төгрөг сарвайх залууг Ууганаа гэдэг. Ууганаа энд ажил хөөцөлдөхөөр ирээд талбай дээр байх зогсоолд машинаа байрлуулаад цаг гаруй болжээ. Буцаж гарах гэтэл журмаараа 1500 төгрөг тушаах хэрэг гарахад, хяслантай нь бэлэн мөнгө байхгүй зогсоо нь энэ. Тэрбээр түрүүн ийшээ орохдоо талбайн зүүн урд байх хаалтыг нэвтрэн хажуу түгээгчийн амбаараас тасалбар аван орж ирсэн. Одоо харин нар буруу нэг тойроод талбайн баруун урд байрлах амбаарт суух мөнгө хураагчид тасалбараа хураалган гарахаар зогсоо нь энэ. Амбаарын дотроос “Энэ тасалбар дээр нь цаг нь бичигддэг болохоор болдоггүй юм аа. Мөнгөө гүйцээж өг. Чи нэг цаг 20 минут болж, 61-90 минут нь 1500 төгрөг” хэмээн тасалбар түгээгч ширүүн дуугаар үглэнэ. Энэ хооронд Ууганаагийн машины хойно хэд хэдэн машин ирж зогсоод эхнээсээ дуут дохиогоо хангинуулж эхлэв.


ЗОГСООЛЫН БОСС

 
Амбаарт сууж мөнгө хураах түгээгчээс өдөртөө хэдэн машин үйлчлүүлдэг талаар тодруулах гэсэн боловч “Мэдэхгүй” гээд хавьтуулсангүй. Мэддэг хүнийг зааж өгсөн нь “Ногоон тэнгис” ХХК-ийн менежер О.Давга байсан юм. Тэрбээр “Өдөртөө 300-400 машин үйлчлүүлдэг. Манайх нийслэлтэй гэрээ байгуулсан гүйцэтгэгч компани. Нийт орсон мөнгөний 60 хувийг гэрээгээрээ нийслэлд өгдөг. Үлдсэн 40 хувиар нь ажилчдаа цалинжуулж, тохижилт үйлчилгээ хийдэг” гэсэн юм. “Тохижилт үйлчилгээ юу хийсэн бэ” гэхэд өнөөх л хоёр амбаар, хаалт, үнэ бичсэн самбар төдийг заав.
 

ТАЛБАЙГААР АЙЛЧЛАГЧИД

 
Машиндаа хэн нэгнийг хүлээн суух жолооч “Нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоол байх нь буруу шүү дээ. Анх энд талбайн доор далд зогсоол хийнэ гээд энэ балай юмыг барьсан. Тэр далд зогсоол нь хувийн өмч болсон. Одоо баахан түрээсийн үйл ажиллагаа явуулдаг л газар байгаа шүү дээ. Бид тэртээ тэргүй энэ хотод машинтай зорчих татвараа жил бүр төлж байгаа. Гэтэл ажил хөөцөлдөх гээд Энд тэнд очихоор машинаа тавих газар олдохгүй. Зам дээр тавихаар ачаад явчихна, яалт ч үгүй зогсоолд оруулж тавих хэрэгтэй болно. Тэгээд л давхар төлбөр төлөөд явж байна” гэж уурсангуй хэллээ. Хэд хэдэн талбайд машинаа байрлуулсан жолооч нартай уулзахад бүгд л төлбөр авч байгааг таашаасангүй.


ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

 
Нийслэлийн удирдлагын “Хангарди” ордон. Үдийн 12:00 цаг. Таван давхарт Авто замын хөгжлийн газар байрладаг. Дээрх асуудлыг хариуцсан хүнтэй нь уулзах гэсэн боловч “Цайны цаг” гэдэг хоёрхон үгээр ам таглав. Өдрийн 13:00 цаг. Цайны цаг дуусав. Нийслэлийн төлбөртэй зогсоолыг Дотоод хяналтын ажилтан Ө.Төрбат хариуцдаг аж. Гэвч сэтгүүлчдэд яриа өгөхөөр загнуулдаг гэх шалтгаанаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай уулзахыг зөвлөв. Харамсалтай нь орлогч дарга цайны цагаас хойш 30 минут хүлээгээд ирсэнгүй. Утас руу нь залгаад холбогдох боломжгүй байна гэдэг хариу өгөв. Тайлбар л авна гэж учирлан байж мэргэжилтнээс хэдэн асуулт асуув.
 
Тэрбээр “НИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолын дагуу зарим зогсоолуудыг төлбөртэй болгосон. Нийт 27 зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд гэрээ байгуулан эзэмшүүлдэг. Тэдгээр хувь хүн, ХХК-ийг шалгаруулахад тендер зарладаггүй бөгөөд өөрсдийнх нь хүсэлтэд үндэслэж гэрээ байгуулдаг. Орлогын 60 хувийг нийслэлд, үлдсэн 40 хувийг гүйцэтгэгч байгууллага, хувь хүн авах гэрээтэй. Би саяхан хяналтаар яваад ирсэн. Бүгд л стандартын бус тамга тэмдэггүй тасалбартай байна гээд тасалбаруудыг үзүүлэв. Энэ нь өдөрт хэдэн төгрөг орж буйг хянах хүндрэлтэй байгааг илтгэнэ. “Иргэд нийтийн эзэмшлийн талбай дээр машинаа байрлуулахдаа төлбөр төлөх нь зөв үү? Та хувь хүнийхээ үүднээс юу гэж бодож байна” гэсэн миний асуултад “Би тэрийг яаж мэдэх вэ? НИТХ-ын гаргасан шийдвэрийг бид хэрэгжүүлж байна” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
 

МЭРГЭЖЛИЙН ХҮН


Тус талбайн талаар Монголын Архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар “Барилгачдын талбай зориулалтаараа ашиглагдахаа больсон шүү дээ. Дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа, энэ тэрийг нь харахаар зүгээр л машины зогсоол, ногооны зах зэрэг л ажилладаг болсон. Мэдээж талбай болсон хойно, мөн ойр орчмын байгууллагын хүмүүсийн машины зогсоолын асуудлыг шийдэх ёстой. Тэгэхдээ талбай чигээр нь үлдээж зогсоолыг далд байдлаар шийдэж болно. Хоёрдугаарт, бид энэ талбайн зураг төслийг өөрчлөөд талбайн төрхөнд нь оруулъя гэж санал тавьсан боловч харамсалтай нь дэмжигдээгүй” гэсэн юм.

 
ТӨГСГӨЛИЙН  ОРОНД

 
Зам талбай хоёрыг тусгаарлах машины хаалт дээш нэг өргөгдөн доош нэг бууна. Өдөрт өч төчнөөн хүн ажил амьдралын эрхээр үүгээр орж, гарна. Түрүүхэн талбайгаа олохгүй явсан өвгөн харин ажлаа бүтээсэн аятай хаалтыг үл тоон алхлан одов. Явган алхах нь ч дээр юм болов уу?

Монголын мэдээ
Б.Бундхорол
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-10-12 07:42:06
    Нийслэлийн гаргасан тогтоолын зорилгыг харахад замын түгжрэл басгах зорилгоор гэж байсан. Амралтын өдөр, ажлын бус цагт түгжрэлгүй ш дээ зорилгоосоо хазайжээ
  • боч 2017-09-27 11:35:19
    шаагаагийн барилгачиддаа зориулсан хүндэтгэл
  • үнэн 2017-09-27 11:29:37
    төлбөртэй зогсоол хэрэггүй ээ. бүгд төлбөргүй байх ёстой. бид замын татвар төлж байна. тэр зогсоолууд чинь улсын мөнгөөр хийгдэж засварлаж байдаг эд шүү дээ.
  • zochin 2017-09-27 06:42:13
    Ydahgui Ylsiin ih Delguuriin yrd tal iim bolno.
  • зочин 2017-09-27 05:20:09
    Батболд даргаа анхаараач. түмэн олны шаардлага, хүсэлт шүү
  • иргэн 2017-09-27 04:43:51
    уб хотын дарга гэж нэг салга толгойтой зенег евген эсвэл нохойн сприаль тэнэг толгой байх юм еедтэйхэн юм олоод тавьчихаач гайгуй газууд бугд хятадынх болсондоо...
  • h 2017-09-27 03:52:35
    Yavuugiin tsetserleg shig goy tsetserlegt hureelen baiguulchihval saihan daa. Baahan nogoo , mod zardag gazar l bolson bn lee hend ch hereggui
  • ИЙМ ЛУЙВАР ХОТООР ДҮҮРЭН ШҮҮ ДЭЭ 2017-09-27 03:49:58
    60 ТЭРБУМЫН БҮЛЭГЛЭЛИЙН МАНГАРУУДЫН ХИЙСЭН НЭГ ЛУЙВАР ДАА
  • иргэн 2017-09-27 03:41:18
    Зогсоол төлбөртэй байх нь зөв, орлого нь улсын төсөвт орох ёстой. Харин төлбөртэй зогсоол гэчээд төрийн албаныхан өөрснөө үнэгүй зогсоод байдаг нь буруу.
    • ХУЦ АА ЧИ . нэг муу боссонцорын дүү биз  2017-09-27 11:30:24
      ХУЦ АА ЧИ . нэг муу боссонцорын дүү биз чи