
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг гардаж авсан Г.Баасан дарга АТГ руу орох гэсэн боловч дотогш нэвтрүүлээгүй. Энэ талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням "Тэр өдөр авлига, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр олон улсын хурал, сургалт болсон. Тэр өдөр мөн Ард түмний онц зөвлөл гэдэг байгууллага манай А байрны урд жагсаал хийсэн. Авлигатай тэмцэх газрын байр нь төрийн тусгай хамгаалалтад байна гээд хуулийн заалттай. Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид А байрны нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлахтай давхацсан байсан. Миний авсан мэдээллээр, Олон нийтийн зөвлөлийн гишүүд маань буруу хаалгаар нэвтрэх гээд очсон юм билээ. Та бүхэнд хэлэхэд, Авлигатай тэмцэх газар Олон нийтийн төвтэй болсон. А байрны буюу төв хаалгаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд холбоотой хүмүүс нэвтрэхээр дотоод журамтай. Харин Олон нийтийн төвийн хаалгаар бусад иргэд, олон нийтийг нэвтрүүлнэ. Энэ дээр Г.Баасан даргыг оруулахгүй, нэвтрүүлэхгүй гэсэн асуудал байхгүй” гэсэн юм.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн