Засаг огцруулах кноп дарсан 33 амбийцаа дарж дийлэхгүй байна

“Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноос хойш 17 хоног өнгөрлөө. Үндсэн хуульд заасны дагуу дараагийн Засгийн газар нэг сарын хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх учиртай. Тиймдээ ч танхимаа унагах орхисон МАН-ынхан тун ч тав тухтайхан шинэ Засгийн газрын бүтцээ зурж байна. Одоо тэдэнд 13 хоногийн хугацаа байгаа учраас хоёрдугаар ээлжинд хэнийг оруулахаа дээр, дооргүй сайтар ярилцаж, өнөөх л хэн илүүг амлах вэ гэсэн марафон хэдийнэ өрнөөд эхэлчихэж, энэ намд.
 
Өнгөрсөн 17 хоногийн хугацаанд гадагшаа мэдээлэл алдахгүйн тулд хаа хаанаа хичээж, шинэ сайд хэн байх талаар зөвхөн таамаг л өрнөв. Тэр ч байтугай өнөөдрийн Бага хурлаар хэлэлцэх Ерөнхий сайдын нэр хүртэл хэвлэл мэдээлэлд тодорхой болохгүй 10 гаруй хоног өнгөрсөн.  Коммунист нам дотоодын нууцаа хэрхэн хав дарж чаддагийг энэ 17 хоногт хангалттай харлаа. Ардын намын өнөөдрийн Бага хурлын сэдэв өмнө бичсэнчлэн урвагчдад тооцох хариуцлагын асуудал болон Ерөнхий сайд хэн байх тухай. Мэдээж, албан ёсоор өрсөлдөхөө мэдэгдсэн Ө.Энхтүвшин. Засгийн газрыг унагахад гол дүрд тоглосон У.Хүрэлсүх, “Увс” бүлэглэлийн хүчтэй дэмжлэгийг авсан Ч.Хүрэлбаатар нарын дунд “тулаан” болно. Эдгээр гурван хүний хэн зангарагтай, мэдлэгтэй нь ялна гэхээс илүү хэн Бага хурлын гишүүдээ хайрцаглаж, өөрийн талд “урвуулж” чадсан нь ялагч болох юм. Яг л АН шиг. Хэний фракци хүчтэй байхаас хамаарч, эрх мэдлийг авч ирсэн АН-ын олон жилийн эмгэнэлтэй хувь заяаг МАН тойрч чадсангүй, дайраад өнгөрөх нь.
 
У.Хүрэлсүхийн толгойлсон фракци уу, эс бөгөөс М.Энхболдын хотын фракци уу. Эсвэл Ц.Нямдорж нарын удирдсан “Увс” бүлэглэл энэ тулаанд илүүрхэх үү гэдэг нь өнөөдрийн хамгийн чухал сэдэв байх биз. Тэнд хэн ялахаас дараагийн Засгийн газрын бүтэц зурагдана. Шууд утгаараа биш ч гэсэн Ерөнхий сайд танхимдаа хэнийг авах, бүтцээ хэрхэн зурах багахан ч болов эрх мэдэлтэй байдаг. Хэрвээ М.Энхболдын хотын фракцийг төлөөлөн өрсөлдөж буй Ө.Энхтүвшин ялж гэмээнэ мэргэжлийн Засгийн газарт ажиллаж байсан М.Энхболдын фракцийн бүх сайд нар үргэлжлүүлэн ажиллах юм. Харин У.Хүрэлсүх энэ тулаанд илүүрхвэл НАМЗХ-гоор овоглож байсан олон шинэковууд сайдын суудалд очно. Харин “Увс” бүлэглэл ялж гэмээнэ Ц.Нямдорж зэрэг дандаа цөөхөн давхар дээлтэй сайд Засгийн газарт орж ирэх бөгөөд ихэнх нь гаднаас бүрдэнэ гэсэн таамаг ч явж байгаа юм. Тиймээс хэний фракци ялахаас хэн сайдаар очих вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг.
 
Ойрын үед явж буй таамгаас үзэхэд огцруулах кноп дарсан 33 гишүүний дийлэнх нь сайд болно хэмээн фракцийн дарга нараа “тойглож” эхэлжээ. Зарим нь бүр нэг яаманд “гутал тулсан” учраас хоёр салгаад өгчих хэмээн даналзаж суугаа гэх. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Мэргэжлийн Засгийн газрын зарим сайдууд үлдэхээр санаархаж байгаа юм билээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар сайдаар үлдэх нь тодорхой хэмээн ярьж буй. Өмнө хэлсэнчлэн М.Энхболдын фракци ялагдаж гэмээнэ эдгээр сайдууд ч үлдэхгүй. ХХААХҮ-ийн сайдын албан тушаалд Х.Болорчулуун гишүүн санаархсан ч хувьдаа гурилын үйлдвэртэй учраас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хасагджээ. ХХААХҮЯ-ыг хэрвээ Худалдаа аж үйлдвэр, Хөдөө аж ахуйн гэж салгачихвал мөн л нэг сайдын суудал нэмэгдэнэ.  Г.Занданшатар гишүүний хувьд Гадаад харилцааны яамыг авна, эс бөгөөс ХХААХҮ-ийн сайдаар очно хэмээн хөөцөлдөж байгаа аж. Харин БОАЖ-ын сайдын суудалд Д.Цогтбаатар, Б.Саранчимэг нарын нэр хамгийн өндөр рейтингтэй байгаа гэнэ. Б.Саранчимэгийг У.Хүрэлсүхийн фракци дэмжиж буй бол Д.Цогтбаатар Сү.Батболдын фракцийнх. Тэгэхээр мөн л хэн Ерөнхий сайдаар очихоос шалтгаална гэсэн үг.
 
Ашиг сонирхлын зөрчил гэсэн шалтгаанаас болж сайдын суудал олдоогүй улстөрчид цөөнгүй олон бий. БСШУС-ын сайдад залуу гишүүн Н.Учрал яригдаж байсан ч мөн л хувьдаа дээд сургуультай гэдэг шалтгаан саад болсон гэх. Тиймээс энэ яамны сайдаар Ц.Цогзолмаа гишүүн очихоор тохироо хийгджээ. Хэрвээ БСШУСЯ-ыг хоёр, салгават Соёл, спорт, урлаг хариуцсан сайдаар харин Н.Учрал томилогдох магадлал өндөр юм. Н.Номтойбаярын удирдаж буй ХНХЯ-ны сайдаар Л.Оюун- Эрдэнэ, О.Содбнлэг нар өрсөлдөж буй сурагтай. Залуу сайдын суудлыг залуус л залгамжлах ёстой. Бүр болохгүй бол энэ яамыг хоёр задлахад ч буруудахгүй хэмээн ярьж, дээр дооргүй хөөцөлдөж буйг албан бус эх сурвалж дуулгав. Н.Номтойбаярыг сайдаараа үлд гэсэн санал тавьсан ч тэрбээр хүлээж авахаас татгалзжээ. Харин Шадар сайдад Н.Энхболдын нэр яригдаж байсан ч Ө.Энхтүвшин Ерөнхий сайд бус харин Шадар сайд болохын тулд нэрээ дэвшүүлж амбийцаа дарж чадахгүй яваа аж. Засгийн газрыг унагахад оройлон оролцсон Т.Аюурсайханы нэр ЗГХЭГ-ын даргад яригдаж байна.
 
Өмнө бичсэнчлэн, Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл, Хуульзүйн сайдаар Ш.Раднаасэд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Даш.Зоригт, /Г.Тэмүүлэн хэдийгээр огцруулах талд кноп дараагүй ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болно хэмээн намын даргатайгаа уулзжээ/, Сангийн сайдад Ц.Даваасүрэн /Ч.Хүрэлбаатарын нэр мөн яригдаж байгаа/, Барилга хот байгуулалтын сайдад Я.Содбаатар гэсэн нэрс эхнээсээ дуулдаж байна. Мөн дэд сайд Б.Цогтгэрэл, Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар суудалдаа үлдэхийн тулд хэр чадлаараа пиар хийж яваа гэнэ лээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын хар пиар хэтэрч, намын даргаа өвдөг шороодоход багагүй “үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг хэлэх хэрэгтэй.
 
Нэмж хэлэхэд энэ зөвхөн таамаг төдий. Фракциудын уулзалт болгоноор эдгээр нэрс яригдаж байгаа ч хэн Ерөнхий сайд болохоос ихээхэн хамаарах учраас, Бага хурлын шийдвэрийн дараа танхимын нэрс эцэслэх нь. Ойрын өдрүүдэд Ардын намд өрнөж буй уулзалт, сайд болох сонирхлоо илэрхийлсэн давхар дээлтэй болон дан дээлтэй улстөрчдийн санаархлыг ажихад хоёрдугаар ээлжийнхэнд яаж ч хуваагаад хоол нь хангалттай хүрэхгүй нь. Тиймээс дэд сайдын орон тоог үгүй болгохгүй нь ээ. Тэгэхээр давхар дээл болон дэд сайдын албан тушаалын улстөржилт энэ намрын хамгийн сонирхолтой сэдэв байх нь. Товчхондоо МАН-ын залуус амбийцаа дарж дийлэхгүй байгаа нь илэрхий. АН-ынхан ч хэдийнэ бэлтгэлдээ гарчихсан гэнэ лээ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-25 11:11:47
    Зарим яамдыг салгаж захиргааны зардал нэмэгдүүлэх гэж байгаа бол дараагийн Засгийн газар даруй огцрох хэрэгтэй.
  • ЭЦСИЙН ДУСАЛ ... 2017-09-25 03:16:14
    ЭНЭ 33 ОДОО ЯЛАГДВАЛ УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС БҮРМӨСӨН АРЧИГДАНА
  • зочин 2017-09-25 02:45:15
    Өнөөдөр Монголын төр хятад гаралтны бүлэглэлийн хяналтаас гарах уу үгүй юу гэдэг асуудал шийдэгдэх нь.М.Энхболд хятадуудаа төрд бөөгнөрүүсэн бна даа
  • иргэн 2017-09-25 02:21:06
    богд уул туул голоо нудэн дээр нь суйрч байхад яаж ч чаддаагуй боажя ны хэрэг бна уу ийм арчаагуй яам байснаас менхбаяр байхад л болно доо