Наймдугаар сарын шилдэг тамирчид тодорлоо

Монголын үндэсний олимпийн хороо өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчдын нэрс тодорлоо.

Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид болов.

"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм. Санал асуулгын дүнгээр өнгөрөгч сард төрсөн дэлхийн аваргууд манлайлж, анхны шилдгүүд болжээ.

Шалгаруулалтын дүн гарахтай зэрэгцэн Литвийн Клайпейда хотноо явагдаж буй чөлөөт бөхийн армийн ДАШТ-ээс П.Орхон алтан медаль хүртэж, түрүүлсэн сайхан мэдээ ирж, спортод хайртай ард түмнээ ахин нэг удаа баярлууллаа. МҮОХ-оос шилдгээр тодорсон тамирчид уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтаа дуусган эх орондоо хүрэлцэн ирэх үед шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын Шилдэг Тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.

Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшигчид 10 дугаар сарын эхний долоо хоногт тодорхой болно. Санал асуулгын дүн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт дуусан шилдэг тамирчны нэр тодрох учиртай.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.