Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байсан Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Энэ хөтөлбөрийг зогсоох болсон шалтгаан нь төр засгийн тогтворгүй байдал, дараагийн Засгийн газрын хүлээлт байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү, эсвэл татгалзах уу гэдэг нь энэ өдрүүдэд хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна. Үргэлжлүүлбэл ямар байдлаар яриа хэлцэл хийх, үргэлжлүүлэхгүй гэж шийдвэл эдийн засгийн талаас ямар үр дүн дагуулах вэ гэдэг асуудлаар эдийн засагчид болон улстөрчдийн байр суурийг сонирхлоо.
 

Д.Батжаргал: Хөтөлбөр зогсох байх

/Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, доктор профессор, Эдийн засагч/

-Нөхцөлийг нь ашиглаад улс  төрийн шинжтэй популист маягийн арга хэмжээ авчихсан шүү дээ. Хөтөлбөр батлагдсан чигээрээ явчихвал дахиад олигтой үр дүн авчрахгүй. Уг нь бол жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг хөтөлбөрийг нь Монгол Улс хэрэгжүүлэх ёстой байсан юм. Үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт хийх, зээл олгох аргаар явсан бол илүү үр дүн гарна гэдгийг олон ч удаа хэлсэн.

Гэтэл хүүхдийн мөнгө гэх мэтээр тараагаад унахаар наадах чинь буруу болчихсон юм. Саалийн үнээгээ эхлээд саах ёстой. Саалийн үнээ мань хаана байна вэ гэдгийг эхлээд олж тогтоогоод явмаар байна. Гэтэл гаднаас зээл аваад түүнийгээ тараагаад дуусчихаар юу болох вэ дээ. Энэ хөтөлбөр бараг л зогсох болов уу. Өмнөх Засгийн газраас эдийн засагчид ажлын байр хүсэж, эдийн засаг сайжрах ёстой гэж хүлээж байсан. Гэтэл ийм зүйл болсонгүй.

Гадаад эдийн засгийн таатай нөхцөлийн улмаас бага зэрэг өөрчлөлт орсноос биш өөр үр дүн гараагүй шүү дээ. Шинэ Засгийн газар одоо энэ бүхнийг өөрчлөөсэй гэж хүсэж байна. Үйлдвэрлэгчээ дэмжмээр байна. Монгол Улсыг тэжээх саалийн үнээнийхээ өвс тэжээлийг хангалттай бэлтгэмээр байгаа юм. Эдийн засгийн салбарт зуд боллоо гэхэд түүнийг ажрахгүй давах боломжийг бий болгомоор байна.
 

Д.Жаргалсайхан: Бидэнд ямар ч сонголт байхгүй

/Эдийн засагч, нийтлэлч/

-Бидэнд ямар ч сонголт байхгүй. Бид хүсэж байгаа эсэх үүнд хамаагүй. Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Тиймээс суугаад явахаас өөр аргагүй юм. Энэ улсад одоогоор өөр сонголт алга. Харин өрөө дараа нь өөрсдөө төлж чадах уу гэдэг нь асуудал болно. Шинэ Засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах л болов уу. Энэ Засгийн газраас мэдээж тогтвортой байдлыг л хүн бүхэн хүсэж байна. Ганц эдийн засагчид ч биш. Шийдэх зүйл олон байна. Үгүй ядахдаа л төрийн өмчит компаниудаа хувьчлах хэрэгтэй байна шүү дээ.
 

Ж.Дэлгэрсайхан: Хөтөлбөрийг зогсоовол хүндрэлтэй асуудал болно

/СЭЗДС-ийн багш, эдийн засагч/

-Засгийн газар огцрохоос өмнө би энэ асуудлаар олон ч удаа ярьсан даа. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хойшлуулж байгаа нь бодит хүчин зүйлээс болсон хэрэг. Валютын санг бид буруутгах учиргүй. Төрийн удирдлагын төвшинд эргэлзээтэй байдал үүссэн учраас л тэд хүлээзнэсэн. Шинэ Засгийн газрын эдийн засгийн байр суурь тодорхой болоогүй байхад хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэхгүй шүү дээ. Энэ бол зүй ёсны үйлдэл байсан. Шинэ Засгийн газар энэ хөтөлбөрийг хүлээж авна гэж бодож байна.

Авахгүйгээр цаашаа явахад хэцүү. Эдийн засгийн өөр гарц одоогоор алга. Шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд нар хүлээж авахгүй гэсэн тохиолдолд эдийн засагт нэлээд том хүндрэл бий болно. Нэгдүгээрт, үе шаттай орж ирэх 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт эргэлзээтэй байдалд орно. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэж амжаагүй энэ цагт хөтөлбөрийг зогсоовол Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдал маш хүнд байдалд орж, төсвийн алдагдал болон бусад өрөө төлж чадахгүйд хүрнэ.

Тиймээс өөр гарц харагдахгүй байна л даа. Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан гишүүд дотор Валютын сангийн хөтөлбөр хэрэггүй гэж ярьсан гишүүд байгаа юм билээ. Улстөржиж болох ч улсын эдийн засгийн талаар ингэж ярьж болохгүй л дээ.
 

Ч.Улаан: “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхээс өөр аргагүй

/ УИХ-ын гишүүн /

-Шинэ Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээс өөр арга байхгүй. Манай эдийн засгийг гурван жилийн дотор хямралаас гаргах хамгийн бодитой шийдэл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т суусан гэж ойлгож байгаа. Тиймээс зогсооно гэсэн асуудал байж таарахгүй. Хугацаа хожиж шуурхай хэрэгжүүлмээр байгаа юм. Өмнөх хөтөлбөрөө л үргэлжлүүлнэ гэж ярьсан нь дээр. Алдаа оноо байсан гэх мэтээр асуудлыг шинээр яривал дахиад л гурван жил яригдана шүү дээ. Тийм цаг хугацаа байхгүй биз дээ.
 

Д.Тогтохсүрэн: Хөтөлбөрт засаж залруулах зүйл бий

/УИХ-ын гишүүн /

-“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг түр хугацаагаар зогсоосонд нэг их эмзэглэхгүй байгаа. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд гэрээ байгуулаад явж байгаа асуудал. Түүнээс биш Ж.Эрдэнэбат гэж хүнтэй гэрээ байгуулаагүй шүү дээ. Тиймээс зогсохгүй байх. Яах вэ, нэг удаагийн санхүүжилт саатах тохиолдол байгаа л байх. Валютын сангийн хөтөлбөрийг шинэ Засгийн газар үргэлжлүүлэх ёстой.

Энэ хөтөлбөр хоёр том ач холбогдолтой. Нэгдүгээрт, 2014 оны долоодугаар сараас өмнө авсан өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих эх үүсвэрийг Валютын сан олж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, өрийн дарамт багасаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, төсвийн зардлыг бууруулах, сахилга батыг сайжруулах ач холбогдол байгаа. Тиймээс энэ хөтөлбөр үргэлжлэх нь зөв. Гэхдээ шууд хэлсэн үгийг нь дагана гэсэн үг биш л дээ. Анхаарах зүйл байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын асуудлыг бууруулах бус нэмэх хэрэгтэй юм.

Ядуурал их, иргэдийн орлогын төвшин буурч байгаа. Тиймээс энэ чиглэлд анхаарч, цалин тэтгэврийг нэмэх чиглэлээр дахиж яриа хэлэлцээнд орох ёстой. Өмнөх Засгийн газрын гэрээгээр 2019 оныг дуустал цалин нэмэгдэхгүй гэж байгаа шүү дээ. Багш, эмч нарын тавьж байгаа шаардлагад заавал хариу өгөх ёстой учраас орлогыг инфляцтай уялдуулан нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгөө бүх хүүхдэд олгох талаар шинэ Засгийн газар яриа хэлцэлд ормоор байгаа юм. Бид нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн орлого нэмэгдэж байгаа учраас энэ орлогоор нийгмийн хамгааллын арга хэмжээг таслахгүй авч яваасай гэж шинэ байгуулагдах Засгийн газраас хүснэ дээ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sain bod!!!Mongol oo yr ach nartaa yldee 2017-09-19 14:49:36
    Mongolchyydiin setgelgee sebtsen baih aa!!!!yagaad ene ylas oron togtoj orsin syyj chadah yy?ygyi yu?gedegeen yridaar bodoj boloogyi yum boloo!Ta bid Mongoldoo ...
  • иргэн 2017-09-19 09:16:38
    ОУВС-ын хөтөлбөр хэрэгжээд, Монгол хөгжих байсан бол аль хэдийн хөгжих байсан.1990-өөд оноос хойш бид шувтан ОУВС, Дэлхийн банкны зөвлөгөөгөөр явлаа.Хөгжсөнгүй
  • иргэн 2017-09-19 07:20:18
    хамгийн эдийн засгийн мэдлэггуй хумуус бол эдийн засагчид болой эд нар мэддэг байсан бол ялангуяа тэр олон гавьяат эдийн засагчид мэддэг бол арай ийм байхгуй л ...
  • !!! 2017-09-19 06:17:23
    Д.Батжаргал зөв хэлжээ!!! Халамжид мөнгө тараадгаа болих хэрэгтэй!!! Ямар ч үр дүнгүй, баас болоод л жорлонд үлдэнэ!!!
  • Монгол 2017-09-19 05:43:32
    Аймаар зөв юм бичсэн байна, энэ Жаргалсайхан гуай аймаар ухаантай хүн шүү. Аймаар шүтмээр
  • zochin 2017-09-19 05:15:22
    ENE NEG BBB GESEN M< ENKHBOLDYN KHOSHNOGO DOLOOJI AMTSHISAN AMITAN BOOJI UKHEKH NI EE
  • БББ 2017-09-19 03:38:08
    НАМЫН НЭР ХҮНД, ЭВ НЭГДЭЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ, ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ...
  • zochin 2017-09-19 03:35:39
    шийдээд явж байгаа болон эхний үр дүн ажиглагдаж байгаа асуудлыг юу гээд дахиад л мэдэмхийрээд өөрсдийнхээ бодлыг яриад байдаг юм бэ..Улаан сайдын зөв шүү..
  • Эмэгнэл 2017-09-19 03:12:54
    Алтан дээр суусан гуйлгачид юм даа. Удахгүй хоосон нүхэнд суусан гуйлгачид болно.