Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэгч нэгжтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Хөгжлийн банк болон Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх нэгж  хооронд  “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэх ёслолын ажиллагаа боллоо.

Санамж бичгийн хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг экспортын шинэ зах зээлд нэвтрэх, экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх,   хөгжүүлэх түүнчлэн шинээр экспортлогч болоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, экспортын зах зээлийг өргөжүүлэхэд  хувь нэмэр оруулах зорилготой.


Монгол Улсын Хөгжлийн Банк, Экспортыг дэмжих Төслийг хэрэгжүүлэх нэгж цаашид уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  гадаад худалдааны мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэдээлэл түгээх, холбож өгөх, сурталчилгаа хамтран зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих төслийн хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд гадаад худалдааны мэдлэг олгох,   тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдэд 100.000 хүртэл ам.долларын санхүүгийн буцалтгүй дэмжлэг олгох, экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх ажлуудыг хийж байна.
Бусдад түгээх
  • gplus