
Үер ус, галын аюулаас хүний амь насыг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтсийн дэслэгч Б.Энхбаяр, дэд ахлагч Х.Ганзориг нарыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
Цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, С.Батсумьяагийн хамт 2017 оны долдугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд албан үүргээ гүйцэтгэж явахдаа үерийн аюулд өртсөн таван хүүхэд, дөрвөн том хүний амийг аварсан юм. Тэднийг Жаргалант тосгон орчимд ажиллаж байхад нэг хүн гэрээ тойроод гүйгээд байгааг анзаарчээ. Учир байдлыг тодруулахаар дөхөж очиход гэрийн эзэн сандарсандаа тэдний асуултанд ч хариулж чадахгүй байсан аж. Гэрт ороход ташаагаар татсан устай бага насны 4 хүүхэд, 5 том хүн эрсдэлтэй нөхцөл байдалд байжээ. Тиймээс хүүхэд болон томчуудыг үүрч аюулгүй газар аваачсан байна. Энэ үед гэрийн эзэн иргэний үнэмлэхээ гэртээ орчихсон байна гээд эргэх хооронд гэр нь урсаад явчихсан гэдгийг Г.Эрдэнэбаяр ярьсан юм.
Харин дэслэгч Б.Энхбаярын хувьд 2017 оны есдүгээр сарын 05-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд айлын гэр шатаж байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн дэслэгч Х.Ганзоригтой хамт газар дээр нь очжээ. Тус хороонд оршин суугч Н хоёр охины хамт таван ханатай монгол гэрт утаанд ухаан балартсан байдалтай байсан аж. Хаалгыг нь эвдэж орох гэсэн ч онгойгоогүй учраас ханыг нь сугалж ороод эхлээд хоёр хүүхэд дараа нь ээжийг нь галын аюулаас аварчээ.
Б.Орхон