
Тэгвэл 30 дахь Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар юм. Ж.Энхбаяр Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Д.Хянхярваа нарын нэр ч Ерөнхий сайдын таамагт явж байна. Гэхдээ ганцхан хүн л 30 дахь Ерөнхий сайд болно. Тэгвэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ нэгэн сонирхолтой судалгаа явуулахад бүгд нэг адил үр дүн гарчээ.
Тухайлбал, CHUHAL.MN сайт 7 хоногийн хугацаатай Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд таны бодлоор хэн бэ? А. У.Хүрэлсүх, Е. Ж.Энхбаяр, В.Ц.Нямдорж, Б.С.Бямбацогт, Г.Ч.Хүрэлбаатар, Д.Д.Хаянхярваа гэсэн судалгаа явуулсан юм. Судалгаанд нийт 59928 хүн санал өгч оролцсон байна. /2017.09.18 өглөөний 08:50 минут/. Үүнээс санал асуулгад оролцсон нийт хүний 24.8 хувь нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болно гэсэн дүн гарчээ. Харин Е. Ж.Энхбаяр 20.9 хувиар удаалсан бол Ц.Нямдорж 16.0 хувь, С.Бямбацогт 15.8 хувь, Ч.Хүрэлбаатар 15.8 хувь, Д.Хаянхярваа 6.8 хувийг тус тус авсан байна.Манай энэхүү санал асуулгад 60 мянга орчим хүн оролцсон байна. Хэр барагийн судалгаанд энэ хэмжээний олон хүн оролцсон тохиолдол ховор байдаг. Үүнээс харахад Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа нь харагдаж байна.
Мэдээллийн сайтуудын явуулсан санал асуулгаас гадна хувь хүмүүс цахим хуудастаа 30 дахь Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуулга явуулжээ. Тухайлбал Сэтгүүлч Урантогтохын явуулсан санал асуулгыг харвал Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэнийг дэмжих вэ? гэсэн санал асуулга явсан байна. Уг судалгаанд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Н.Энхболд, гурван хүн нэр дэвшжээ. Судалгаанд оролцогчдын 70 хувь нь Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн санал өгсөн байна. Улмаар Ц.Нямдорж 14 хувь, Н.Энхболд 16 хувийн санал авчээ.
Жиргээч Батка: Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэн бэ? гэсэн санал асуулга явсан байна. Уг судалгаанд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын дөрвөн хүн нэр дэвшжээ. Судалгаанд оролцогчдын 51 хувь хувь нь Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн санал өгсөн байна. Удаах байрт Ц.Нямдорж 18 хувь, Ч.Хүрэлбаатар 17 хувь, Н.Энхболд 14 хувийн санал авсан байна.
Харин С1 телевизийн сэтгүүлч Тэгшээгийн явуулсан санал асуулгад 1081 хүн оролцсон байна. Санал асуулгад оролцсон иргэдийн 49 хувь нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэж санал өгчээ. Энэ дүнгээс харахад санал асуулгын хувь хэмжээний харьцаа хөл зөрүүтэй байгаа нь харагдаж байна
Ийнхүү дээрх судалгаанаас харахад Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн дүнг олон нийт өгсөн байна. Ямартай ч энэхүү судалгаануудын үр дүн 30 дахь Ерөнхий сайд хэн байвал илүү тохирох вэ гэдгийг харуулж байна гэхэд болно. Дашрамд дуулгахад энэ долоо хоног гэхэд МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдын асуудал хэлэлцэж нэгдсэн байр сууринд хүрэх болов уу гэсэн чигтэй байгаа.
Д.Нэргүй
chuhal.mn