Долоо хоногийн тойм
Шинэ Засгийн газар хэрхэн бүрэлдэх тухай мэдээллийг олон нийт чих тавин хүлээж байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан хуралдаж Бага хурлынхаа товыг зарлалаа. Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардав. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулах товыг гаргалаа. Ирэх сарын эхний долоо хоногт дараагийн Ерөнхий сайд тодорсон байх учиртай. Бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг шийддэг. Иймээс  Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх чиг барьж байгаа аж. Мөн намын дүрэмд Их хурлыг Бага хурлаас зарладаг. 45 хоногоос цаашгүй хугацаанд Их хурлыг хуралдуулах дэгтэй. Тийм учраас энэ сарын 25-нд хуралдах Бага хурлаас Их хурлыг зарлах юм. Их хурлаар намын шинэ даргыг мөн удирдлагуудыг сонгох чиг барьж байгаа аж.
 
Ээлжит бус чуулганы хуралдуулахыг шаардлаа

Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг илгээсэн. Тус бүлгийн зүгээс улс төр болоод нийгмийн олон асуудал хүлээгдэж буй учраас ээлжит бус чуулган зарлаж шийдвэрлэх ёстой хэмээн үзсэн байна. Тухайлбал, 9, 10 дугаар сарын хүүхдийн мөнгөнд 110 тэрбум төгрөг шаардлагатай ч эх үүсвэрийг шийдээгүй учраас  олгогдохгүй байх эрсдэл үүсээд буй аж. Тиймээс төсөвт тодотгол хийх замаар асуудлыг шийдэх ёстой гэжээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангахад чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдэх асуудал цөөнгүй байна хэмээн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг хүссэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байгааг дурьдан мөн УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн юм.
 
Бодлогын хүүг хэвээр үлдээлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 5.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.4 хувьд хүрлээ. Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсөв. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна.

Гадаад эдийн засгийн орчинд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлж байна. Зах зээлд оролцогчдын итгэл сэргэж, эдийн засагт ийнхүү нааштай хандлага гарч байгаа ч цаашдын төлөв нь экспортын үнэ, хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.
 
Сарын шилдэг тамирчинг тодруулдаг болно
 
МҮОХ-ноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж эхэллээ.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулах юм байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.