
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тогтоолоор Чингэлтэй хайрханыг тайх их тахилгыг таван жилд, бага тахилгыг хоёр жилд нэг удаа тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх бага тайлга тахилгын ёслолын үйл ажиллагааг намрын эхэн сарын шинийн 25-ны билигт өдөр, аргын тооллын есдүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Бага тайлга тахилгын ёслолд тус дүүргийн удирдлагууд, албан хаагчдын төлөөлөл, дүүргийн хамтын ажиллагаат ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Хангаласский дүүрэг, ОХУ-ын Улаан-үд хотын Советский дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сөнд Баруун хошуу, Бүгд найрамдах Солонгос Улсын Инчон хотын Ёнсу дүүрэг, Архангай аймгийн Чулуут сум, Хэнтий аймгийн Баян овоо сумын зочид төлөөлөгчид болон иргэд сүсэгтэн олон оролцсон юм.
Ёслолын үйл ажиллагааг төрийн ёслол, шашны зан үйлээр хамтарч үйлдэн Монгол Улсын далбаа, Нийслэлийн туг болон Чингэлтэй дүүргийн тугийг залж, Төрийн дууллаа эгшиглүүлэн их овоондоо мэхийн ёсолсноор эхлэв.
Шашны уламжлалт ёсоор Жанчивлан хийдийн лам хуврагууд тусгай дэг жаягийн дагуу буян номын хур буулгаж сүсэгтэн олны буян хишгийн урин даллага авч, хайрханы сахиусыг аргадаж тайллаа. Үүний дараа тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хайрханд хандсан захирамжийн айлтгалаас адис аван, сүсэгтэн олонд дуудан уншиж, галын бурханд өргөлөө.
Лам хуврагууд хайрханд иргэдийг даатган ном хурж тэнгэр, сахиусыг тайх даллагын тариа будаанаас хишигтэн олонд зэд хүртээсэн юм. Өргөл мөргөлийн ёслолыг үйлдсэний дараа иргэд сүсэгтэн олон их овооноос гороолон буулаа.
Б.Орхон