Тосон Заамар тоост Заамар болсон гуниг...

Хөдөө тал минь хөндийлж ухсан нүхээр дүүрч, хөрсөн доор нь уурхайн машин механизмын сэг зэм, асгарсан тос, нефтийн хог шаар л үлдэх нь...
 
Үндэсний мэдээллийн төвд өчигдөр холбогдох хуулиудыг зөрчин “Алт-2” хөтөлбөрийг Заамар сумын Төмстий багийн нутагт хэрэгжүүлж эхэлснийг эсэргүүцэж тус сумын ИТХ, иргэд малчид, нутгийн зөвлөлийнхөн мэдээлэл хийсэн.
 
Засгийн газрын “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ, АМГТГ-аас Заамар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 15 мянган га газарт ашигг малтмалын хайгуулын зориулалтаар “Эрдэнэсийн Эрэг” компанид энэ оны долоодугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөл олгожээ. Дээрх зөвшөөрлийг Заамарынхан тууштай эсэргүүцэж байгааг өчигдөр Үндэсний мэдээллийн төвд цугласан Нутгийн удирдлагын холбооны гишүүн Ж.Ханджав, Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах, сумын өндөр настан Н.Гантемөр, ажлын хэсгийн ахлагч Ж.Буянхишиг, Нутгийн зөвлөлийн дарга Д.Дамбадагва, малчин Г.Эрдэнэцогт нар болон нутгийн иргэдийн төлөөлөгчид мэдээлж БОАЖЯ, Ашигт малтмал, газрын тосны газарт шаардлага хүргүүлэхээр болсноо зарласан юм.
 
Шаардлагад “Алт-1” хөтөлбөрийн ашиг, стратегийн үнэлгээ хийгээгүй бөгөөд нэг ч удаа нөхөн сэргээлт хийлгүйгээр дахин тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байгаа нь малчин иргэдийн амьдрах эрхэд эрхэд халдаж байгааг дурджээ. Үнэхээр өнөөдөр Монгол Улсад уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ гэгч нь бараг л ор нэрийн төдий зүйл болж мартагдаж эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнөх УИХ-ын үед буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн “Хаалт хөгжлийн сангийн тухай” хуулийн төслийнх нь хариуг ЗГХЭГ-аас 2015 оны нэгдүгээр сарын 12-нд 62 тоот албан бичгээр өгөхдөө “УИХ-аар хэлэлцэхийг дэмжихгүй” гэсэн нь өнөөдөр Монголд хамгийн анхаарал татсан хурц асуудлуудын нэг болчихоод байгаа ашиглагдаж дууссан уурхайнуудын хаалт, байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг Засгийн газар огтхон ч ойшоож үзэхгүй ирсний нотолгоо гэж дүгнэж болно.
 
Алдарт Д.Нацагдорж нэгэнтээ “Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд” хэмээн дуу алдан шүлэглэсэн эрдэнэсийн өлгий Монгол нутаг өнөөдөр “Хүн, мал унаж үхсэн, хоосон гуу жалганууд, эрдэс нь ухаад авчихсан уурхайн хаягдал овоолгууд” газар сайгүй багширсан, хөөрхийлөлтэй нутаг болсныг бид бүгд харж л байгаа.
 
Монгол Улсын анхны Ервнхийлөгч П.Очирбатын санаачилсан “Алт” хөтөлбөр 20 гаруй жил хэрэгжихдээ бидэнд багагүй өгөөжөө өгсөн нь үнэн. Гэхдээ онгон, дагшин байгаль дэлхийгээ ухаж, онгичиж үзээгүй Монгол хүний сэтгэхүйд хэзээ ч арилшгүй “хар нүх” үлдээснийг мартаж болохгүй. Өнгөрсөн 20 жилд ёстой л алтыг нь аваад авдрыг нь сүйдлээд орхисон уул, толгод, нуга хөндий Монголоор дүүрэн бий. Тамтаг болтлоо сүйтгэгдсэн нутаг усны хамгийн эмгэнэлтэй тодорхой жишээ нь урьд нь “Тосон Заамар” нэртэй байснаа өнөөдөр “Тоост Заамар” болчихоод байгаа нутгийн иргэд өчигдрийн эсэргүүцлийн мэдээллээрээ дахин нотолсон юм.
 
Уг нь уул уурхайн үйл ажиллагааг нөхөн сэргээлттэй нь зэрэгцүүлэн явуулдаг нь дэлхий дахинд хэрэгжээд удаж байгаа практик. Уурхайн хаалтын төлөвлөгөө батлуулаагүй бол үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрдөггүй хатуу хууль дэлхийн олон оронд үйлчилдэг. Гэтэл “Алт” хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн 20 гаруй жилд монголчууд дэлхийд үйлчилдэг энэ л хууль дүрмийн яг эсрэгээр нь ажилласаар өнөөдөртэй золгов. Үр дүнд нь “Тосон Заамар” ундуй сундуй, цөлжиж пургисан “Тоостой Заамар” болж, тунгалаг уст Орхон гол улаан хоормогоор тасалдан, тахиралдан урссан гунигт түүх л үлдэж байна.
 
Монгол Улсад уул уурхайн нөхөн сэргээлт туйлын хангалтгүй байгааг жилийн өмнө манай улсад ирж ажилласан Олон улсын эрдэмтдийн баг газар дээр нь үзэж судалсны дараа “Үнэхээр хангалтгүй” гэсэн дүн тавиад буцсанаас харж болно. Энэ ажиллагааг удирдсан АНУ-ын Баруун эргийн судалгааны төвийн Уул уурхайн нөхөн сэргээлт, ураны асуудал хариуцсан захирал Паул Робинсон “Оюу толгой компани уул уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө ердөө хоёрхон хуудсанд багтаажээ. Энэ нь Рио тинто компани албаар нөхөн сэргээлтийн ажлаа гээгдүүлж байна гэсэн үг. Олборлолт дуусахад Монголд маш олон асуудал үлдэнэ. Уул уурхайн нөхөн сэргээлтийг олборлолт хийж дуусаад орвонгоор нь эргүүлсний дараа биш олборлолт хийхээс өмнө төлөвлөж, олборлолтын ажилтай зэрэгцүүлэн явуулдаг. Гэтэл Оюу толгойн өнөөдрийн үйл ажиллагаа дэлхий дахинд хэрэглэгддэг дээрх технологийг огт мөрдөхгүй байгаа хардлагыг надад төрүүлж байна” гэсэн нь Монголд ямархуу замбараагүй уул уурхайн үйлдвэрлэл явж байгааг сануулсан гадны хүний үнэлэлт мөн.
 
Гадны туршлагаас харвал эхлээд маш сайн судалгаа хийсний үндсэн дээр нөхөн сэргээлт хийх хөрөнгийг тогтоож, олборлолт явуулах компани барьцаа хөрөнгө буюу даатгал маягаар Засгийн газарт төлдөг аж. Эцэст нь олборлолт явуулах лиценз олгодог.
 
Олон жилийн дараа Оюу толгой, Таван толгойг хаах болоход санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ гэдгийг эртнээс бодолцохгүй бол бид дэлхийн томоохон компаниудын өөдөөс дуугарах үг, шаардах бичиггүй сууж мэдэх л юм. Ашигт малтмал олборлогчид гэхээр л нинжа нараар төсөөлж, нөхөн сэргээлтийг зөвхөн ухсан нүхээ булаад, дээр нь цэцэг ногоо тарьснаар хязгаарлаж болохгүй гэдгийг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын жишээ харуулна. Ирэх он жилүүдэд хэрхэн амьдрах зураг төөргөө уул уурхайд даатгачихаад буй монголчууд одоо илүү том сэтгэх хэрэгтэй болж байна.
 
Ашигт малтмалын ордыг тогтцынх нь хувьд гурав ангилдаг юм байна. Хүдрийн биетийн ашигтай давхарга нь газрын гадаргуутай параллель тогтоцтой байвал хэвтээ уналттай орд, бага зэргийн налуугаар газрын гүн рүү шургасан бол налуу уналттай, огцом бол босоо уналттай орд гэж ялгадаг байна. Уул уурхайн ашиглалтын технологи, үйл явц, нөхөн сэргээлт эдгээрээс хамаараад өөр өөр байдаг аж.
 
Монголчууд 2000-аад оны эхэн үе хүртэл үндсэндээ хэвтээ уналттай ордыг ашиглаж байжээ. Тодорхой хэмжээний хөрсийг хуулаад, ашигт малтмалыг нь авч, эргүүлээд жилийн дараа түүнийгээ булах боломжтой алтны шороон болон жоншны ордууд энэ ангилалд багтдаг байна. 1990 оны дунд үеэс манайд уул уурхайн үйл ажиллагаа эрчимжихэд тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд нь алтны шороон ордыг ашиглах нь давамгайлж ирэв. Харамсалтай нь хэвтээ уналттай ордод тохирох нөхөн сэргээлтийн стандарт манайд бараг 2008 он хүртэл хэрэгжсэн байгаа юм.
 
Тиймээс олон нийтээсээ эхлээд хэвлэл мэдээллийн байгууллага, төр засгийн өндөрлөгүүд нь ч уул уурхайн ашигт малтмалыг ашиглаад, тэр дор нь нөхөн сэргээж болдог гэсэн өрөөсгөл ойлголттой явсаар ирж. Биднийг ийнхүү төөрч явахад эвдэрсэн газрын хэмжээ өссөөр, нөхөн сэргээлтийн хэмжээ буурсаар байжээ. Уг нь 2008 оны үед нийт эвдэрсэн газрын 60 орчим хувьд нь техникийн, 30 гаруй хувьд биологийн нөхөн сэргээлт хийдэг байсан бол одоо энэ тоо огцом буурсан гэдгийг албаны эх сурвалж нотолж байгаа.
 
Гэхдээ энэ нь сүүлийн жилүүдэд төмрийн хүдрийн, нүүрсний, барилгын мэтериалын, зэс, молибдений том том ордууд их хэмжээний талбай хамран үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой гэнэ. Учир нь ашигт малтмалын тогтцын хувьд налуу, босоо уналттай энэ том ордуудад технологиосоо шалтгаалаад нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа ажээ. Тэгэхээр хэзээ нөөцөө ашиглаж дуусна, тэр болтол хүлээх хэрэгтэй гэсэн үг.
 
Биологийн нөхөн сэргээлт хийхдэа хуулсан үржил шимт хөрсөө арчилж хамгаалах, тухайн орчин нөхцөлд зохицсон ургамлыг сонгохоос гадна туршилтын талбайд өнөөхөө тарьж үзэх гээд анхаарах зүйл маш их байдаг аж. Гэтэл манайхан техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхдээ “Нүглийн нүдийг гурилаар хуурдаг” учраас хөрөнгө хүч зарцуулан байж нөхөн сэргээсэн газар нь ганц бороонд хагарч, томоохон гуу жалга үүсгэдэг байна. Олон жил ашиглах нөөцтэй томоохон ордыг ашигласны дараа шороогоор нь эргүүлж булах маягаар өмнөх байдалд нь оруулж, нөхөн сэргээх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд ярьсаар байгаа ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй.
 
Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй эрх зүйн ихэнх баримт бичигт зааснаар уул уурхайн компаниудаас “Эвдэрсэн газраа булж хэвгийжүүлээд, дээрээс нь ургамал ногоо тарь” гэсэн агуулгатай зүйл л шаарддаг. Гэтэл уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд Оюутолгой, Тавантолгой, Ухаахудаг, Нарийнсухайт, Цайрт, Цагаансуварга, Төмөр толгой, Төмөртэй гээд Монголын нүүр царай болсон томоохон ордуудаас гарсан их хэмжээний чулуулаг нь хөрсний овоолго буюу хиймэл байгууламж болдог. Харин тэндээс гарч байгаа хүдрийг боловсруулаад, бүтээгдэхүүн болгон гаргачихдаг учраас яаж ч булах гээд нүхээ дүүргэх боломжгүй.
 
Зарим томоохон аж ахуйн нэгж гэхэд л жилд 8-10 гаруй сая шоо метр хөрс хуулдаг. Арван жилийн турш ийм их хэмжээний хөрс хуулж овоолчихоод, эргүүлээд тийм хэмжээний хөрс шороо хаа нэгтэйгээс олж булна гэдэг үлгэр. Тэгэхээр манайхны хэлээд, шаардаад байдаг нөхөн сэргээлтийг хийнэ гэвэл бөөн зарлага гарах тул тийм үр ашиггүй ажил хийх нэгч компани олдохгүй. Харин үүний оронд үнэнтэй эвлэрч, дэлхий нийтийн жишгээр уурхайн овоолгыг нурахаас сэргийлж, хэдэн зуун метрийн гүн ухсан нүхэнд нь хүн, амьтан унаад үхчихгүй байх аюулгүй орчныг нь бүрдүүлэх нь давын өмнө хийх ёстой ажил юм.
 
Германд гэхэд л нүүрсний том ордуудыг хаасны дараа амралт сувиллын газар байгуулан, ухсан нүхээ усаар дүүргэснээр усан аялал хөгжүүлж, загас үржүүлгийн газар ажиллуулдаг болсон байна. Уул уурхайн нөхөн сэргээлтийг чадамгай хийдгээрээ алдартай БНСУ-д уурхайн овоолгыг ашиглан цанын бааз бий болгож, казино байгуулчихсан байдаг. Тэр бүү хэл, нутгийн иргэд болоод тухайн уурхайд ажиллаж байсан олон хүнийг сурган, тэрхүү газрууддаа ажиллуулдаг гэсэн. Манайх энэ чиглэл рүү хандсан хууль эрхзүйн орчинг даруйхан бий болгохгүй бол “Хөдөө тал минь хөндийлж ухсан хоосон нүхээр дүүрч, хөрсөн доор нь уурхайн машин механизмын сэг зэм, асгарсан тос, нефтийн хог шаар” л үлдэх болоод байна. Энэ чинь экологийн сүйрэл, гамшиг биш гэж үү.
 
Эцэст нь тэмдэглэхэд уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг “гурилдалт”-ын эсрэг мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан хуулийн төслийг Засгийн газар дээр унагаж байгаа нь ямар хор уршигтайг Заамарын иргэдийн өчигдрийн мэдээллээс тодорхой харагдсан юм.


Өглөөний сонин
Д.Энхтүвшин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-14 07:34:29
    Бэлчээрээр яах гэсэн юм,ногоо тарьцгаа,үргэлж бэлэнчлэнэ.Хятад болон хятад гаралтангаас суралц.
    202.9.40.145
    Мэдэгдсэн Хариулах