“Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалт боллоо
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд харьяалагддаг гишүүдийн зөвлөх, туслахууд өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтад хамрагдав.

Энэхүү сургалтыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар удирдсан юм.

Сургалтыг нээж УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Хүний эрхийн асуудал бол төрийн амин сүнс нь юм. Үндсэн хуулийн бүтэн нэг бүлэгт хүний эрхийн асуудал багтдаг. Төрийн оршин тогтнох гол үндэс нь Монгол Улсын иргэн бүр эрх чөлөөтэй, айх аюулгүй, ажилтай, суралцах, эрүүл энх амьдрах боломжоор хангагдах явдал юм.

Төрийн үйл ажиллагаатай холбогдож, хүний эрхийн асуудал байнга гарч байдаг. Тиймээс төрийн албан хаагчид энэ асуудалд онцгой анхаарч байх ёстой. Энэхүү сургалтыг бид цаашид тогтмол зохион байгуулж байх нь хүний эрхийг хүндэтгэх, төрийн албан хаагчдын ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой учраас цаг үеэ олсон арга хэмжээ болж байна гэж бодож байна” гэв.

Дараа нь Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Үндсэн хууль дах, хүний эрхийн хамгаалалт болон Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлд хүний эрхийн тухай ойлголт, Үндсэн хуулийн тухай анхдагч ойлголт, хүний эрхийн асуудлыг Монгол Улс Үндсэн хуульдаа тусгаж ирсэн түүхэн товчоон, Шинэ Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасан болон энэ нь хүний эрхийн тухай олон улсын тунхаг, конвенц, протокол зэрэг баримт бичиг, өндөр хөгжилтэй, ардчилсан орнуудын Үндсэн хуулийн үзэл санаатай хэрхэн нийцэж байгаа зэрэг асуудлыг хөндөв.

Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг “Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилт ба хүний эрхийг хамгаалах олон улсын механизм”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө” сэдвүүдээр илтгэл тавьсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
 
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.