Хөгжлийн банк 200 сая долларын зээлийг шүүхэд шилжүүлнэ

Төрийн ордон улайстлаа улстөржих зуур эдийн засгаа сэргээхээр Засгийн газраас Invest Mongolia” чуулга уулзалтыг  зохион байгуулж байгаа билээ.  Энэхүү чуулга уулзалтын гол зорилго бол  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэх, тэдний урин дуудахад чиглэж буй. Шангри-Ла зочид буудалд болж буй чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяраас Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл авлаа.

-Хөгжлийн банк өмнө нь олгосон зээлүүдээ хоёр ангилж нэг хэсгийг нь шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?  

-Монгол Улсын Засгийн газрын босгосон томоохон бондууд буюу зээлүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдэд  зарцуулсан.  Харамсалтай нь, хэрэгжүүлэгчийн санхүүгийн хариуцлагаас шалтгаалаад хэрэгжиж чадаагүй төслүүд байна. Заримыг нь хууль хяналтын байгууллагаар шалгаж байна.  Мөн шүүхийн байгууллагад шилжүүлэх шаардлагатай хэд хэдэн төсөл байгаа. Эхний ээлжинд 200 орчим сая доллартай тэнцэх хэмжээний төслүүдийг шүүхэд шилжүүлэхээр болсон.  Харин эргэн төлөх боломжтой гэж үзсэн төслүүд дээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Хөгжлийн банк арилжааны банкаар дамжуулан яг хэдэн төгрөгийн зээлийн санхүүжилт хийсэн бэ?

-Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг хийсэн. Энэ зээлүүдийн эргэн төлөлтийг банкууд хариуцах гэрээтэй. Тиймээс арилжааны 11 банк  өгсөн зээлүүдээ эргэн төлүүлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Түүнчлэн дэд бүтцийн 16 том төсөлд нэг их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк өмнө нь олгосон. Үүний эргэн төлөлтийг сайжруулах тал дээр уулзалт хэлцэл хийж байгаа.

Манай банк 300 орчим сая  ам.долларын  зээлийн төлбөрийг 2017 оны үлдсэн хугацаанд хийгээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Аравдугаар сарын эхэнд бага хэмжээний төлбөр төлнө. Гадаад зах зээлд санхүүгийн байгууллагууд болон бусад банкуудтай эх үүсвэрийнхээ гэрээг амжилттай хийгээд явж байна. Гол нь мөнгөө авахаас өмнө ямар төслийг хэрэгжүүлэх вэ гэсэн ТЭЗҮ-гээ хийж дуусгах,  хоёрдугаарт тэр төсөл дээр санхүүжүүлтээ хамтран хийх, хөрөнгө оруулах, түншээ оновчтой тодорхойлох хэрэгтэй байна гэв.

Б.БАТ

Бусдад түгээх
  • gplus