Д.Наранбаатар: Сонирхлын зөрчилтэй сайд томилж болдоггүйн сонгодог жишээ нь, А.Цогцэцэг сайд
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Дашдоржийн Наранбаатартай ярилцлаа.
 
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр “Оном” сан тэргүүтэй ТББ-уудын санаачилга байсан бол та бүхний уйгагүй зүтгэлийн дүнд олон нийтийн анхааралд орж, МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж, улмаар Засгийн газрын бодлогод суулган хэрэгжүүлж байгаа гэж ойлгодог. Хэрэгжилтийн  үр дүн, ач холбогдлын талаар та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
 
-Энэ ганц миний биш, олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн том ажил. 2014 оны есдүгээр сарын 8-нд бид “Эрүүл элэг” хөтөлбөрийг улс орон даяар зарлаж байлаа. Тэр үед  “Оном” сан, “Монголын эмч нарын нийгэмлэг”, “Монголын гастроэнтрологийн холбоо” гээд гурван байгууллага л байсан. Бид хамтран элэгний С вирусыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг бүрэн зогсооно. Элэгний хорт хавдар, элэгний хатуурлаас үүдэлтэй нас баралтыг эрс буруулах “Эрүүл элэг” хөтөлбөрийг албан ёсоор зарлан хэрэгжүүлж эхэлсэн  юм. Түүндээ 15-аас дээш насны монгол хүн бүрийг элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулъя. Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эмчилгээ, судалгаа, шинжилгээний дөрвөн дэд хөтөлбөртэй байя гэсэн зорилт дэвшүүлсэн. Хөтөлбөр маань хэрэгжиж явсаар, 2015 оны зургадугаар сарын 22-нд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэнд, спортын  яам /тухайн үеийн нэрээр/, ДЭМБ хамтран “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээ болгон өргөтгөсөн.
 
2014 оны есдүгээр сарын 8-нд хөтөлбөрөө анх зарлаж байх үед бидэнд төр, засгийн ямар ч дэмжлэг, бодлогын баримт бичиг байгаагүй. Иргэдийнхээ төлөө, монголчуудынхаа төлөө үүнийг хийе гэж бор зүрхээрээ зүтгэж явсан. Тухайн үед биднийг 2020 он гэхэд элэгний С вирусыг  устгаж, халдварын тархалтыг бүрэн зогсооно. Элэгний хорт хавдар, элэгний хатуурлаас үүдэлтэй нас баралтыг эрс буруулна гээд ярихаар “Эд нар  юугаа яриад байгаа юм бэ”  гэж л хүлээж авдгаас тийм ч сайн ойлгож хүлээж авч байгаагүй. 2015 оны зургадугаар сарын 22-ны үндэсний арга хэмжээ ч гэсэн  олон нийтэд хандаж гаргасан зүгээр л тунхаглал байснаас ардаа бодлогын баримт бичиг  ч байсангүй. Харин 2016 оны гуравдугаар сарын 19-нд бид “Элэг бүтэн Монгол” үндэсний нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, “Эрүүл элэг” хөтөлбөрийнхөө зорилго, зорилтыг тусган Засгийн газрын хөтөлбөр болгомоор байна. Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэй, төсөв мөнгө зарцуулах шаардлагатай. Даатгалын мөнгөнөөс  эмийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Оношилгоо, эмчилгээнд хамруулах шаардлагатай байна гэсэн асуудлыг хөндсөн. Хэлэлцүүлгийг “Оном” сан, “Монголын эмч нарын нийгэмлэг”, “Монголын гастроэнтрологийн холбоо”, “Нэг Монгол”,  нийгэмлэгийн төлөөлөл гэсэн таван байгууллага хамтран зохион байгуулсан. Яам, тамгын газрууд, улс төрийн намууд, ДЭМБ, эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллагууд оролцож хэлэлцээд гурван зорилго тавьсан. Намуудаас МАН, АН-ын нарийн бичгийн дарга нар, зөвлөхүүд ирсэн. Намуудын зүгээс төр,засгийн бодлого болгож явах нь зүйтэй юм байна гээд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах  томъёоллоо  нэг өгүүлбэрт багтаан гаргаж өг гэсэн. Бид “Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн томъёоллыг гаргаж, хоёр намд өгсөн. Ардын нам яг энэ хэвээр нь мөрийн хөтөлбөртөө тусгасан. Түүндээ зориулж, үндэсний хэмжээнд цацах видео шторк хүртэл хийлгэсэн. Түүнийгээ та бид хоёрын ярилцаж суугаа “Оном” сангийн  энэ байранд зохион байгуулж байлаа. Тэр нь Ардын намыг сонгуульд ялалт байгуулахад том үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл, Монгол Улсад  элэгний өвчтэй 400 мянган гаруй хүн байна. Тэдний саналыг авахад том хүчин зүйл болсон. АН-ын хувьд бидний гаргаж өгсөн томъёоллыг оруулаагүй, “Элэгний В, С вирусын голомтыг устгасан анхны улс орон болно” гэсэн  лоозогносон байдалтай өгүүлбэрийг тодорхой зорилтгүйгээр мөрийн хөтөлбөртөө оруулж нэг их анхаарал тавиагүй нь Ардын нам ялалт байгуулах үндэс суурь болсон.
 
-Гэхдээ Засгийн газрын хөтөлбөрт оруулах үеэр багагүй маргаан гарсан санагдана?
 
-2016 оны зургадугаар сарын 29-нд сонгуулийн дүн эцэслэн гарч, Эрүүл мэндийн яамнаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өргөн барихдаа хөтөлбөрийн маань хоёр том үндсэн зорилтыг авсан ч жаахан сулруулсан байдлаар оруулж ирсэн. Тухайлбал, элэгний хорт хавдар, хатуурлаас урдьчилан сэргийлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд эрс бууруулах, 2020 он гэхэд С вирусын голомтыг устгана гэснийг нь орхисон байсан.
 
Үүнийг бид нэлээд эсэргүүцсэн. Учир нь хоёр зорилт нь орж байж  тодорхой үр дүнд хүрнэ шүү дээ. Харин Их хурлын гишүүдийн зүгээс  үндсэн томъёоллоор нь оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Б.Энх-Амгалан тэргүүтэй Ардын намын гишүүд энэ асуудлыг ихээхэн дэмжсэн. АН-ын бүлгийн гишүүд ч гэсэн үндсэн томъёоллоор нь оруулах нь зүйтэй гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүдийн санаачилга, дэмжлэгээр энэ асуудал бүрэн томъёоллоороо орж,  2016 оны есдүгээр сарын 9-нд Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ бол ерөнхийдөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон, Эрүүл мэндийн салбарт тусгагдсан том хөтөлбөрүүдийн нэг. Үр дүн нь ч маш тодорхой. Зорилт нь ч тодорхой, хэрэгжих боломжтой. Хөтөлбөрийн ач холбогдлын талаарх таны түрүүний асуултад хариулахад, энэ үнэхээр үндэсний хэмжээний ач холбогдолтой хөтөлбөр. Өнөөдөр Монголд элэгний хатуурлаар өдөрт долоон хүн нас барж байна. 2012 оны тоо, баримтаар хэлэхэд, манай улс элэгний өвчлөлөөр  дэлхийн дунджаас найм дахин их байсан бол 2015 оны байдлаар дэлхийн дундаж нас баралтаас 10 дахин их болсон байгаа. Одоо элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтын оргил үе нь ирж байна.
 
-Яагаад? Бид чинь элэгний өвчлөлийн эсрэг тэмцээд байгаа шүү дээ?
 
-Яагаад гэвэл, та бидний аав, ээж 50-60 насны хүмүүс вирусын тархалт маш өндөртэй байдаг. Дунджаар 20-25 хувьтай байдаг. Энэ хүмүүс олон жил вирус тээж, түүнээсээ болж элэгний хатуурал, хорт хавдар болох цаг үе нь эхэлчихсэн учраас нас баралт их байна. Жишээ нь, 2014 онд элэгний хорт хавдраар 1740 орчим хүн нас барсан. Энэ нь Монгол Улсын  хүн амын дундах нийт нас баралтын 10 хувийг эзэлж байгаа. Элэгний хатуурал өвчнөөр  нас барсан 1000 гаруй хүн бий. Ингээд үзэхээр нэг жилд нийтдээ 2700 гаруй хүний халуун амь эрсдэж байна. Энэ нь өдөрт долоон хүн нас барж байна гэсэн үг.Элэгний В, С вирусаас гадна Д вирусын өвчлөл  тулгамдсан асуудлын нэг  юм. 150 мянга орчим монгол  хүн элэгний Д вирусын архаг өвчинтэй, өвчний явц маш хурдацтай байгаа. Залуус маань дөнгөж 30-хан насандаа элэгний хорт хавдраар хорвоог орхиж байна. Тиймээс энэ хөтөлбөрийн ач холбогдолыг монголчууд маань надаар хэлүүлэлтгүй маш сайн ойлгож байгаа байх. Миний хувьд 55 орчим хүнтэй мэргэжлийн багийн олон нийтэд гарч ярьдаг л хүн. Ярьж буй бүх зүйл маань цаанаа нарийн судалгаатай,  хөдөлшгүй тоо баримттай, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн, Засгийн газар хүлээн зөвшөөрсөн ийм мэдээллүүд. Ер нь бол элэгний өвчин манай улсад үнэхээр гай гамшиг, харанга болж байгааг манай ард түмэн  мэргэжлийн хүмүүс байна уу, мэргэжлийн бус байна уу гэдэг хамааралгүйгээр надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
 
-Сүүлийн үед “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад салбарын яам, сайд нь хариуцлагагүй хандаад байна уу даа. А.Цогцэцэг сайд хувийн эмнэлэгтээ элэгний В, С вирус шинжлэх эрх авсан асуудлаар таны Ерөнхий сайдад хандсан албан бичиг олон нийтэд ил боллоо?
 
-Тийм ээ, би албан бичиг хүргүүлсэн. Бидний тавьж буй зорилго бол энэ хөтөлбөрийг худлаа хоосон лоозон биш, яг хүмүүсийн амьдралд хэрэгтэй, бодитой, үр дүнтэй болгох юм. Тийм учраас алдаа, дутагдлаас авахуулаад хэлэх зүйлээ бид хэнээс ч айлгүй шүүмжилнэ. Хөтөлбөрийг зөв явуулах талаас нь бүх чадлаараа ажиллана. Энэ ажлыг бид улс төрийн зорилгоор, эсвэл албан тушаалд очих гэж хийж буй юм огт биш. Монгол Улсад өчнөөн  хөтөлбөр явсан. Хэрэгжээд бодитой ажил болсон  нь тун цөөн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг тийм болгочихгүйн тулд бидний зүгээс бүхий л чадлаараа ажиллана. Үүнийг хийх гэж бид багагүй хөөцөлдсөн. Бид яагаад нэг зүйл төлөвлөчихөөд түүнээсээ ухраад байдаг вэ гэвэл, шинжлэх ухаанч зорилт тавиад, лоозон гаргаад ажиллах  нэг хэрэг. Түүнийг хөрсөн дээр нь буулгаж, бодитой ажил болгох өөр юм. Энэ үүднээс үзэхэд, яах аргагүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт дээр  алдаа гарч байна. Үүнийг бид зохих түвшинд нь хэлж, ярьж ирсэн. Хэвлэлд эхэлж хандсан юм ч биш. Өмнө нь гарч байсан алдаатай зүйлүүдийг бид тухайн үед нь шүүмжилж байсан. Зарим нь засагдсан, засагдаагүй зүйлүүд ч бий. Бидний тавьсан вирусын эрт  илрүүлэлтийн талаарх зорилго, 15-аас дээш насны хүмүүсийг шинжилгээнд хамруулж, хатуурал, хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажил орон даяар зохион байгуулагдаж ажил эхэлсэн. Энэ жил 40-65 насны 741 мянган иргэнийг шинжилгээнд хамруулж, бүртгэж авч байна. Үүнтэй хамт  урдьчилан сэргийлэх, эмчилгээ  хийгдэж  байгаа.Гаднаас нь хараад элэгний В, С вирустэй хүн байна гэж хэн ч хэлэх боломжгүй, шинжилгээгээр тогтооно. Үүн дээр алдаа гарсан. Энэ талаар  би наадмын өмнөхөн долдугаар сарын 3-нд Ерөнхий сайдад албан тоот явуулахдаа дурдсан. Өмнө нь  Эрүүл мэндийн яаманд албан болон албан бусаар хандаж “Та нар үүнийг засахгүй бол  ийм алдаа гарах гээд байна шүү” гэдгийг сэргийлэх үүднээс урьдчилж маш олон удаа хэлсэн. Харамсалтай нь бидний хэлсэн санал, шүүмжийг сонсоогүй. Сонсох механизм нь ч бас үнэнийг хэлэхэд байхгүй байна. Тиймээс өнөөдөр нэлээд хэцүү алдаанууд гарчихжээ. Гэхдээ засаад урагшаа явах боломжууд бий. Ер нь  төр, засгийн удирдах албан тушаалд ажиллаж буй хүмүүс мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн багийн гаргаж буй санал, санаачилгыг  сайн сонсч байхгүй бол алдаа завхрал газар авна.
 
-Тэгвэл Ерөнхий сайд таны хүргүүлсэн албан бичгийн хариуг ирүүлсэн үү?
 
-Ерөнхий сайд хариу өгөөгүй. Наадмын үе таарчихсан л даа. Би Дэлгэр гэдэг туслах руу нь наадмын дараа долдугаар сарын 15-нд утсаар ярьсан. Хэнд цохогдсоныг нь эргэж хэлнэ гэснээс хойш чимээгүй байна. Салбарын сайдын алдаатай асуудлыг Ерөнхий сайдад тавихаас өөр арга байхгүй. Танхимын тэргүүний хувьд тэр хүний л  шийдэх асуудал шүү дээ. Харамсалтай нь хариу алга.
 
-Өнгөрсөн хавар байх аа, таны А.Цогцэцэг сайд руу очоод өрөөнөөс нь хөөгдөж гарчээ. Сайд “ТББ-ын нэг нөхөр миний ажлыг заах гэлээ” гэж бухимдав гэсэн мэдээллүүд гарсан. Тэр үед юу болсон юм бэ?
 
-Тэр Архангай аймагтай холбоотой асуудал л даа. А.Цогцэцэг сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл өгөхдөө ЭМЯ бусад байгууллагатай хамтарч ажиллаад, өвчлөл өндөртэй аймаг, эмзэг бүлгийнхэнд эмчилгээг нь хийх гээд эхний амжилтаа олж байна. 3000 тун эмийг хандиваар авахаар болсон. Түүнийгээ өвчлөл өндөртэй аймагт, мөн эмзэг бүлгийнхэнд хэрэгжүүлнэ гэсэн. Тэр мэдээллийг бид аваад та Эрүүл мэндийн салбарынханд вирус тараах боломжтой эрсдэлт хүмүүстээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ салбарт ажил, үүргээ гүйцэтгэж яваад вирусын халдвар авсан хүн олон байна, хэсгийн эмч, эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид гээд. Эдгээр хүмүүстээ хэрэгжүүлээрэй гэсэн. Ийм зүйлүүдийг өнгөрсөн 2016 оны намар ярьсан. Нэлээн олон удаа би энэ талаар  бичиж, албан болоод албан бусаар хэлсэн. Харамсалтай нь А.Цогцэцэг сайд бидний үгийг сонсоогүй. Юу болсон бэ гэвэл, Архангай аймагт, өөрийнхөө нутгийн 40-65 настай хүмүүст хэрэгжүүлэхээр болсон. Байнгын хорооны хурлын дараа би сайдтай уулзахаар очтол над руу дайрч давшилж, бид хоёр нэлээд маргалдсан. Энэ үйл явдал Төрийн ордонд болсон. Тэр үед сайдад  юу гэж хэлсэн бэ гэвэл, “Та мэргэжлийн багийн үгийг сонсоод, хамтраад ажиллавал хэрэгтэй юм даа. Буруу зүйл хийгээд яваад байвал та эрүүл мэндийн салбарынхны хайр энэрэл, хүндэтгэлийг хүлээж чадахгүй юм байна” гэсэн. Түүнээс хойш, биднийг үйл ажиллагаанд оролцуулахгүй, гаргаж буй санал, санаачилгыг сонсохгүй, иймэрхүү байдалтай л байгаа. Бидний хувьд хийх ажлаа хийгээд явна. Сонсохгүй байхад нь заавал сонсгох гэж зүтгэх нь төвөгтэй юм билээ. Ер нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр дээр маш сайн байх ёстой. Харамсалтай нь энэ ажлыг А.Цогцэцэг сайд хийж чадахгүй байна.
 
-Гэхдээ одоо Засгийн газартай холбоотой асуудлууд доторх ёс зүйгүй сайд нарт  хариуцлага тооцох хувилбарт хамгийн түрүүнд А.Цогцэцэг сайдын нэр дуулдаж байна. Үүнд таны Ерөнхий сайдад хүргүүлсэн албан  бичиг  нэг хүчин зүйл болж байх шиг?
 
-Тэгэлгүй яахав. Яагаад ашиг сонирхлын зөрчилтэй сайд томилж болдоггүй сонгодог жишээ нь, А.Цогцэцэг сайд байхгүй юу. “Алергимед” гэж эмнэлэг 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт байна уу, байна. 2.6 тэрбум төгрөгийн өртэй юу гэвэл, өртэй. Өөрийнх нь өгч байгаа мэдээлэл шүү дээ, энэ. Би зохиогоогүй. Ийм хүн  тухайн салбар руу орохоор тэнд  эрх мэдэл нь байж байна, ашиг сонирхол нь байна. Үүнээс болоод зөрчил үүсч байгаа юм. Тиймээс  анхнаас нь тэр хүнийг томилсон нь алдаа байсан. Би улстөрч хүн биш. Надад тийшээ орох сонирхол ч алга. Гэхдээ  бидний санаачлан явуулж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг  урагш явуулж, ард түмэнд үр өгөөжтэй болгохын тулд бид Монголын төртэй, Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Үүнээс өөр арга, бололцоо, боломж бидэнд байхгүй. Тэртэй тэргүй, одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж, албан ёсны, үндэсний хэмжээний хөтөлбөр болж батлагдаад явж  байна. Үүнийг  ард түмэнд ашиг тустайгаар зөв хэрэгжүүлэх  нь л бидний ашиг сонирхол. Олон хүн эмчлэгдэж, эдгэж, эрт оношлогдож, урдьчилан сэргийлэгдээд явах нь бидний ашиг сонирхол. Түүнээс биш хэн нэгэн хөтөлбөрийг мөнгө болгох, эсвэл албан тушаалд очих юм уу сонгуулийн шоу болгох юм уу, тийм зүйл болгохыг бид хүсэхгүй байна. Намайг эмч биш болохоор, мэргэжлийн бус хүн гэж зарим нь хэлдэг. Надаас олж байгаа ганц дутагдал нь тэр юм. Гэхдээ би мэргэжлийн бус байлаа гээд Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтрологийн холбоо зэрэг эмч нарын олон байгууллагыг төлөөлөөд ярьж байгаа, судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн хүний хувьд алдаа, дутагдлыг нь хэлэхээс өөр арга байхгүй. А.Цогцэцэг сайдын хувьд тодорхой зүйл дээр ашиг сонирхлын зөрчилтэй. Ийм хүнийг томилж болдоггүй юм. “Алергимед” эмнэлгээ би урд өдөр нь зарчихсан, би аягүй азтай” гэж ярьдаг юм билээ. Урд өдөр нь зараад, тийм азтай байдаггүй л байхгүй юу. Монголын түүхэнд тийм зүйл байхгүй. Байхгүй гэдэг нь ч харагдаж байгаа. Элэгний чиглэлийн биш арьс харшлын эмнэлэг яахаараа элэгний вирусын шинжилгээ авах лабораторитой болчихдог юм бэ. Тоног төхөөрөмж нь тэнд байхгүй байсан шүү дээ. Тэр нь батлагдчихсан зүйл. Би үүнийг  баталгаатай хэлж чадна. Хэрэв хүнийг доромжилж,  гүтгэсэн гэвэл  хууль хяналтын байгууллагаар нь шалгуулахад бэлэн. Надад бүх баримт нь байна. Монголын нийгмийг ингэж цэвэрлэж авахгүй бол  бид бахь байдгаараа байгаад, хэдэн дарга гарч ирж, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд сайд болоод ард түмэнд өгөөжтэйгээр явж байгаа цагаан зүйлийг хар болгож самарч хаяад, эцэст нь хэн хохирох вэ. Монголын ард түмэн, би өөрөө хохирч байна шүү дээ. Яагаад өөрийгөө хохирсон гэж хэлэв гэвэл, би өнөөдөр шүдний эмнэлэгт үзүүлэхдээ энэ С, В вирусын голомт нь байгаа тохиолдолд халдвар авах магадлалтай. Миний хүүхдүүд ч халдвар авах магадлалтай. Улс орон  маань дайн дажин болж байгаа юм шиг өдөрт долоон хүн  үхдэггүй болмоор байна. Монголчууд урагшаа харж хөгжье л дөө. Яагаад заавал ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс оруулж ирээд, тэд нь  ард түмний төлөө хийж байгаа ажлыг самраад байдаг юм. Тэгэхээр УИХ улс эх орныхоо төлөө  шийдлээ гаргаад явах хэрэгтэй. Тэр яриад байгаа тохиролцооны дундын загварууд дээр нь  дараагийн сайд ашиг сонирхолын зөрчилгүй байх ёстой. Дараагийн сайд үнэхээр хүний төлөө юм хийе гэсэн сэтгэлтэй, хүнийг  сонсдог, алдаа мадагийг нь хэлэхэд хүлээж аваад засдаг, зөв хүн байх ёстой. Амин хувийн эрх ашиг, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй   хүн сайд байж болохгүй. Би ийм л шаардлага тавина.
 
-Монголын төрд, манай уншигчдад хэлэх зүйл танд байгаа байх. Сүүлийн асуултыг танд үлдээе?
 
-Өнөөдөр эрүүл мэндийн салбарт магадгүй олон тэрбум төгрөг үргүй зарагдсан, дээр нь маш олон хүний шинжилгээ буруу хийгдсэн байх маш том асуудал үүсээд байж байна. Энэ үнэхээр харамсалтай. Зарим тохиолдолд бид Монгол Улсад хүнд хэрэгтэй, ард түмний амьдралд тустай, бодитой юм хийхэд ямар хэцүү, саад бэрхшээлтэй байна вэ . Энэ бүхнийг давж гарахад Монголын төр цэвэрлэгээ хийж, эрүүлжих  шаардлагатай байна. Монголын ард түмэнд хүний төлөө ажилладаг, зүтгэдэг ийм л төр хэрэгтэй. Монголын төрд шударга, эх оронч түшээд цөөнгүй байгаа. Тэдэнд хэлэхэд, та бүхэн дараагийн сайдыг томилохдоо, А.Цогцэцэг сайд шиг хүнийг л битгий тавиарай гэж гуйя, өөр юм алга даа.

Зууны мэдээ
Ч.Зотол
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • инженер 2017-09-06 12:11:37
    Наранбаатараа эмч хүн шиг худлаа цэцэрхэхээ боль
    124.158.92.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-09-06 04:59:47
    Оном сангийн захирал чинь эмч биш л Инженер хүн гэсэн дээ. Энэ эмч нар нв хаачаад л мэргэжлийн бус нэг нөхрөөр элдвээрээ хэлүүлээд байдаг юм бол
    202.179.31.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-06 02:19:47
    Eruul mendiin salbart oligtoi ch eerchlelt hiih chadakhgui , huviin ashig sonirhol ny davamgailsan, saidiin sentii ashiglasan ene saidaas AT salmaar baina ...
    150.129.140.13
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-06 00:03:22
    B C вирусын шинжилгээ өгөөд 2 сарын дараа вакцинаа хийлгэхээр хавдар судлал дээр очсон чинь 1 сарын хугацаа нь дуусчихсан, шинжилгээ хүчингүй болсон гэлээ.
    114.16.51.136
    Мэдэгдсэн Хариулах
  • arisnii tuviin emch 2017-09-05 14:15:52
    Hudalch, hulhgaich, melzegch, buhagch, daranguilagch Tsogoo zail!
    202.179.25.232
    Мэдэгдсэн Хариулах
  • bold  2017-09-05 11:25:49
    Tsogtsetseg met ni gai boohoo zai bolmoor yum!
    45.117.32.3
    Мэдэгдсэн Хариулах
  • эмч 2017-09-05 11:15:38
    Д.НАРАНБААТАР мундаг эмч байна. Цогцэцэгийн огцруулах хэрэгтэй.
    202.179.26.250
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2017-09-05 10:59:30
    ТЭГВЭЛ БИД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ АЙМААР ОЛОН ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ АЙМШГИЙН ИХ ӨРТЭЙ АЙХТАР ЗАЛЬТАЙБҮХЭЛ ТӨМӨР ЗАМ ЗАЛГИСАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЯА...
    103.10.22.132
    Мэдэгдсэн Хариулах
  • ХЭХЭ 2017-09-05 09:37:33
    НӨГӨӨ УДВАЛ ЯАЖ СААД БОЛСНЫГ ЯРИАЧ ЦОГЦ ЭЦЭГ НӨГӨӨ БАЯНСЭНГЭЭ АВГАЙГААС Ч ДОР ЮМ АА
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-05 08:43:25
    uuruu ailiin ehneriin daitai business ch hiij chadahgui baij chatsaga tsarailah hereg baina yy.
    66.181.190.160
    Мэдэгдсэн Хариулах
  • dddd 2017-09-05 08:33:32
    zailaxgvi bol shorond xatna daa
    202.5.196.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-05 07:32:53
    Цогцэцэг хулгайд донтсон авгай, хойтон жил шоронгийн хоригдол болсон бна, Харж л байгаарай
    27.123.214.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-05 06:54:41
    ene hunii mungunii erh ashig hundugdjee. Chi naad sangaa Amarsanaag hulhidaj baij baiguulsan gej sonsson um bna. Tovchhon helbel ene nuhur luivarchin
    213.55.176.192
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-05 05:38:39
    Цогцэцэгийн нэг аптек нь 1-р эмнэлэг дотор байдаг, 2 дахь нь UBH Center дотор, 3 дахь өөрийнх нь хувийн эмнэлэг болох Аллерги мед дотор нь байдаг
    202.179.25.232
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-05 05:37:37
    Цогцэцэгийн Эмийн сангууд нь төрсөн дүү А.Эрдэнэцэцэгийнх нь нэр дээр байдаг болно. Хуулиар төрсөн дүү бол шууд хамааралтай этгээд юм.
    202.179.25.232
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-05 05:33:56
    12 давхар хувийн эмнэлэгтэй, 3 аптектай, эм гадаад улсаас ханган нийлүүлдэг Өлзий дэн гэдэг компанитай, эмийн үйлдвэртэй хүн чинь яаж ашиг сонирхлын зөрчилгүй б...
    202.179.25.232
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-05 05:23:20
    khogiin zasgiin gazar ogtsroochee
    122.201.21.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-09-05 04:50:47
    Өрхийн эмнэлэг дээр авч байгаа В С вирусын шинжилгээг Алергимед дээр хийлгэж байгаа нь үнэн шүү! АТГ үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү!
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах