Хятадаас оруулж ирдэг чихэвч сонсголд сөргөөр нөлөөлж байна

Хүн төрөлхтөн үүссэн цагаас дуу хөгжим үүсэн гэж үздэг. Энэ урсгал цаг хугацаатай хамт хөгжсөөр өнөөгийн бидний үед дээд цэгтээ тулсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Шугамын радиогоос өөр сонсох зүйлгүй байсан бид өнөөдөр ухаалаг утасныхаа буянаар хүссэн газраасаа цахим ертөнцөд орж мэдээлэл авахаас гадна дуртай дуу хөгжмөө сонсох боломж хүн бүрт нээлттэй болсон.

Тэгвэл үүнийг дагаад хөгжиж байгаа нэг зүйл бол урдаас оруулж ирдэг чихэвчний бизнес. Хэрэв та анзаардаг бол хаашаа л харна чихнээсээ утас дүүжлээстэй залуус. Автобусны буудал, арын суудал, гудамж талбай хаа сайгүй орчлонгоос тасарч, дуу хөгжимд умбасан хүүхдүүд. Хэдийгээр энэ нь хувь хүний эрхийн асуудал боловч үүний цаана эрүүл мэндээрээ хохирч байгаагаа мэддэггүй.

Саяхан хүүхдийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар чихний өвчин ихэссэн дүгнэлт гарчээ. Үүнийг судлаад үзэхэд өнөөх хоёр утастай бондгор чихэвчний гай. Тус судалгаанд 6,000 гаруй ерөнхий боловсролын сургуулийн сурагч оролцжээ. Тэдний 70 хувь нь чихэвч зүүдэг гэж хариулжээ. Харин эдгээр хүүхдүүдэд эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг хийж үзэхэд 37.8 хувь нь сонсгол болон сэтгэцийн өөрчлөлттэй гарсан байна.
 

ХОЁР ЦАГ ЧИХЭВЧ ЗҮҮХ НЬ ЗУРГААН ЦАГ АЖИЛЛАСАНТАЙ ТЭНЦЭНЭ
 

Хэдийгээр бид ажлын ачаалалтай, сэтгэл гутарсан, ядарсан үедээ хөгжим сонсоход алжаал тайлагдана гэж үздэг ч энэ нь тун буруу алхам юм. Чих хамар хоолойн их эмч, доктор Х.Өнөржаргал" Бид хэт ядарсан эсвэл сэтгэл гутарсан үедээ хөгжим сонсохыг илүүд үздэг. Гэвч энэ нь буруу шийдвэр юм. Учир нь хэт ачаалалтай байгаа тархинд хөгжмийн аялгуу, чимээ очсоноор амраах биш улам ачаалал өгч эхэлдэг.

Хэдийгээр ухамсар нь амарч байна гэж мэдэгдэх боловч тархины ачаалал буурдаггүй. Харин үүний оронд нам гүм орчинд байж, 10 минут унтахад тархи амардаг" гэв. Тэрээр чихэвчний хэрэглээний талаар "Хүний сонсголын эрхтэн 16-20,000 гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Харин хүмүүсийн харилцан ярианы түвшин дунджаар 60 дебицел байдаг.

Гэтэл МР тоглуулагч, гар утасны хөгжмийн аппликейшн 120 дебицел байдаг юм билээ. Үүний хажууд машины чимээ 75, онгоцны буух үеийн чимээ нь 110 дебицел байх жишээтэй. Тэгэхээр энэ хэмжээний дуу чимээг уг нь сонсголын эрхтэн маань хүлээж авах чадваргүй. Хэрэв та байнга чихэвч зүүдэг бол үүний ард эрүүл мэнд тань хохирч байна гэдгийг сайн бодоорой. Хүн хоёр цаг тасралтгүй чихэвч зүүхэд зургаан цаг ажил хийсэнтэй тэнцэхүйц ачаалал үүсдэг" гэсэн юм.

Тэгэхээр бид чихэвчийг өдөр бүр хэрэглэснээр байнгын дуу чимээтэй нөхцөлд ажиллаж буй мэт ачааллыг өдөр бүр өөртөө авдаг байх нь.
 

ЧИХЭВЧИЙГ ГЯЛГАР УУТААР ХИЙДЭГ

 

Өнөөдөр бидний зүүж буй чихэвч гадуур ямар үнэтэй байгааг судаллаа. Эдэлгээ, оруулж ирж буй улсаасаа шалтгаалаад харилцан адилгүй байдаг юм байна. Хотын төвтэй хамгийн ойрхон орших “Цэцэг” худалдааны төвд 4,500-17,000 төгрөгийн хооронд байв. Шалтгааныг асуухад хамгийн хямд чихэвч нь Хятадаас орж ирдэг. Харин бидний хэлж заншсанаар “ориг” чихэвч буюу Герман, Японоос оруулж ирдэг чихэвч нь 9,500-17,000 төгрөгийн ханштай аж. Үүнээс хамгийн их борлогддог нь 4,500 төгрөгийнх гэв.

Тэгвэл захын хорооллоор 3,500-15,000 төгрөгийн ерөнхий ханштай. Энд ч ялгаагүй хамгийн хямд чихэвч эрэлттэй. Тэгвэл хамгийн эрэлттэй байдаг Хятад чихэвч юугаар хийдэг болоод хамгийн хямдхан зарагддаг нь тун сонин. Тэгвэл Хятадууд чихэвчийг гялгар уутаар хийдэг гэсэн мэдээллийн Хятадын нэгэн сайтаас мэдээлжээ. Байгууллагуудын хаягдал гялгар уутыг хайлуулж, дотуур нь дуу дамжуулах нарийн утсыг гүйлгэснээр өнөөгийн бидний хэрэглээ болсон чихэвч мэндэлдэг юм байна.

Энэ аргаар чихэвч хийж зардаг хэд, хэдэн компанийн үйлчилгээ явуулах эрхийг нь одоогоор цуцлаад буй тухай дурдсан байна. Энэ мэдээлэл цацагдахаас өмнө манай улс руу хэдэн зуун мянган гялгар уутаар хийсэн чихэвч орж ирснийг хэн ч мэдэхгүй. Гялгар уут бидний эрүүл мэндэд ямар хортой вэ. Монгол улсад хавдрын тархац ихтэй байна. Үүний гол шалтгаан нь амьдралын зохисгүй хэрэглээ, муу зуршил, буруу хооллолт гэж “Хавдаргүй ирээдүй” ТББ-ын зөвлөх их эмч Б.Үнэнхишиг ярьж байна.

Энэ дунд хуванцар сав, гялгар уутнаас үүдэлтэй хавдрууд бүртгэгдэж байгаа тухай тэрээр ярьсан. “Хуванцар сав болон гялгар уут нь хүний биед химийн тасралтгүй нөлөө үзүүлэх бөгөөд олон тооны эдээс тогтдог нь хавдар үүсэх шалтгаан болж байна. Тиймээс хуванцар сав, гялгар уутны хэрэглээгээ багасгах шаардлагатай” гэв.
 

ДЭЛХИЙН ЖИШИГ ДУУ НАМСГАГЧТАЙ ЧИХЭВЧ

 

Чихэвчинд стандарт бий болов уу. Дэлхийн жишгийг авч үзье. Германы эрдэмтэд чихэвчний хөгжим сонсдог, мөн шуугиантай үйлдвэрт ажилладаг хүмүүсийн дунд харьцуулалт хийжээ. Тэгэхэд байнга хөгжим сонсдог хүмүүсийн сонсголын бууралт шуугиантай үйлдвэрт ажиллагсдаас хамаагүй их байгаа нь тогтоогджээ. Тиймээс Германы эрдэмтэд 30 минут дуу сонссон бол хоёр цаг чихээ амраах ёстой гэсэн зөвлөгөөг туршилт дээр үндэслэн гаргасан байна. Мөн АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тус улсын таван хүүхэд тутмын нэгнийх нь сонсгол муудсан болохыг тогтоожээ.

Сонсгол муудах болсон шалтгаан нь мөн л нөгөө чихэвчний хөгжим гэнэ. Тиймээс Америкчууд чихэнд шигдэж ордог чихэвчнээс татгалзах болжээ. Үүний оронд дуу намсгагчтай, зөөлөвчтэй чихэвч хэрэглэх болоод удаж байна. Харин Япон улсын хувьд чихэвчний хэрэглээнд хязгаар тавьж, эрүүл мэндийн шаардлагад нийцсэн, дуу намсгагчтайг худалдаалдаг болжээ. Мөн Япончууд чихэвчний хөгжимтэй авто замаар гарч байгаад осолд орвол тухайн хүний буруу болох хууль баталжээ.

Хууль хэрэгжүүлсний дараах судалгаагаар чихэвчний хөгжим сонсох хүний тоо 60 хувиар буурсан гэх үзүүлэлт гарсан байна.
 

БАЙНГА ЧИХЭВЧ ЗҮҮВЭЛ ДҮЛИЙРЭХ МАГАДЛАЛ 70 ХУВЬТАЙ

 

Манайд чихэвч зүүж яваад хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсан тохиолдол цөөнгүй. Үүнээс гадна байнга чихэвч зүүвэл дүлийрэх магадлал 70 хувьтай гэж Б.Үнэнхишиг өмч өөрийнхөө судалгаанд үндэслэн  хэлсэн юм.

Тэрээр “Сонсгол муудаж, чих нь дүлийрээд ирэхээр хүн нийгэмтэй зов харьцаж чадахгүй. Манайд энэ аюулын харанга ойрхон байна. Чихэвчний хэрэглээнд хязгаар тавихгүй бол 10 жилийн дараа гэхэд манай орон сонсголын бэрхшээлтэй иргэдээр дүүрэх нь” гэв. Б.Үнэнхишиг чих хамар хоолой, хавдрын эмч бөгөөд энэ өвчлөлийн талаар гурван жил судалгаа хийсэн аж. Энэ хугацаанд эрт дүлийрсэн олон хүнтэй уулзаж ярилцсан аж. Эдгээр хүмүүсийн зарим нь ажил мэргэжлийн онцлогоос болж дүлийрсэн байдаг.

Тэгвэл өсвөр насны хүүхдүүдэд энэ өвчлөлийн шинж тэмдэг илэрч эхэлсэн тухай ярьж байна. Энэ нь өнөөх чихэвчний хөгжимтэй салшгүй холбоотой. Түүний судалгаанд 17 настай Б хэмээх охин орсон бөгөөд сүүлийн гурван жил тасралтгүй чихэвч зүүсэн аж. Энэ охиныг судалж, эмчлээд үзэхэд хоёрдугаар зэргийн дүлийрэл явагдсан байж. Энэ мэт олон хүүхэд Б.Үнэнхишиг эмчийн судалгаанд хамрагдаж, эмчилгээ хийлгэж буй тухай тэрээр дурдлаа.

Зууны мэдээ
Ч.Гантулга


з

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • заза 2017-08-31 14:17:48
    хятадаас хортой бараа оруулахгүй байх барааны жагсаалтыг гаргах хэрэгтэйй