Сургууль орох, тарах цагуудад машинт эргүүлийг сургуулиудын ойр орчимд ажиллуулна

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн сэдвээр мэдээлэл хийлээ. Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхлэж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой "Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаа аж. Мөн насанд хүрээгүй хүмүүсийг дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг олж тогтоон баривчилсан, бага насны хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөж байгаа нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар мэдээллийг өглөө.

Мэдээлэлд НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, ЗЦА-ны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Насанжаргал, “Монголын сурагчдын холбоо”-ны тэргүү О.Сэлэнгэ нар оролцов.

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний найман сард 12807 гэмт хэрэг бүртгэгдсэн нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт хэргийн 65.7 хувийг эзэлж байна. гэмт хэргийн дийлэнх хувийг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүрэгт үйлдэгджээ.

Энэ оны эхний найман сарын байдлаар булаах гэмт хэрэг -54.8, хүнийг санаатай алах гэмт хэрэг 31.5, танхайрах гэмт хэрэг -32.7, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам зөрчих гэмт хэрэг -15.7, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг -2.8, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг -26.3, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг -24.5, хүүхэд оролцсон гэмт хэрэг -10.6 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эхний найман сард 405 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26,3 хувиар буурсан бол насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн хэрэг эхний найман сард 343 бүртгэгдсэн нь 10.6 хувиар буурчээ.



ХҮҮХДҮҮД ДЭЭРЭМДДЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА


Цагдаагийн байгууллагаас олон нийтийн үйлчилгээний газруудад бохь, сэтгүүл, ном зарах нэрийдлээр иргэдийн гар утас, цүнх, эд зүйлийг хулгайлах, “Чи манай дүүг зодсон хүүхэд байна чамтай яриатай” гэж насанд хүрээгүй хүмүүсийг дагуулан явж байрны орцонд болон хүнгүй, эзэнгүй газар аваачиж гар утас, хувцас эд зүйлийг нь дээрэмддэг хэсэг бүлэг этгээдүүдийг илрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулжээ. Үүний дүнд НЦГ-ын Мөрдөн шалгах газрын ажилтнууд дээрмийн гэмт хэрэг үйлддэг 15 настай 3 бүлэг этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн өчигдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрмийн хэрэг үйлддэг 16-20 насны таван бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Эдгээр гэмт этгээд нь Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр явж насанд хүрээгүй хүмүүсийг айлган сүрдүүлж эд зүйлийг нь дээрэмдсэн 23 үйлдлийг тогтоосон байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, таны хүүхэд болон ойр дотны хүмүүсээс чинь энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохироод цагдаагийн байгууллагад хандаагүй тохиолдол байвал Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахыг зөвлөлөө.

 

“ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цагдаагийн байгууллагаас “Хичээлийн шинэ жил” арга хэмжээг энэ сарын 28-аас эхлүүлээд байна.

Арга хэмжээний хүрээнд сургуулийн дотор болон гадна орчинд болон гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг мөн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан чиглэлээр олон талт ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлжээ.

Нийслэлийн 200 гаруй сургууль дээр сургуулийн эргүүлтэй хамтран олон нийтийн цагдаа нар эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж. Мөн сургууль орох, тарах цагуудад машинт эргүүлийг сургуулиудын ойр орчимд ажиллуулахаар төлөвлөгөө зураглал гарган ажиллаж байна. Түүнчлэн иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр морьт, нохойт, дугуйт, авто, явган эргүүлүүд ажиллаж байна. Эргүүл ажиллуулснаар нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг буурчээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.