
Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Өчигдөр буюу гурав дахь өдрийн барилдаанд дэвжээнд гарч барилдсан Олимпын наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аварга боллоо.
Манай тамирчин Японы аварга Ёшидатай аваргын төлөөх нэлээд хүндхэн барилдаан хийсэн. Хоёр бөх үндсэн цагт хэн хэн нь оноо аваагүй тэнцэн, улмаар цаг сунган найман минут нийтдээ 13 минут барилдаж, Д.Сумъяа вазари үнэлгээгээ авч Будапешт 2017 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медалийг хүртэж, Монгол түмнээ баярлууллаа. Ингэснээр Д.Сумъяа дэлхийн аваргын хос медалиа олимпын медальтай хослуулсан Монголын хамгийн анхны жүдоч олж байна. Мөн манай бөх сүүлийн гурван жил олимп, дэлхийн тавцнаас цогц медаль хүртэж, дэлхийн шилдэг бөх гэдгээ батлан харууллаа.
Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр буулган авсан юм. Ингээд аваргын төлөө Японы Ёшидатай хүч үзэж, буулган авсанаар Будапештын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Манай бөх Япончуудын алтан медалийн буухиаг тасалж чадсан ганц бөх бөх олж байна. ДАШТ эхэлсэнээс хойш зургаан жингийн барилдаанд Японы баг таван алтан медаль, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар нэгдүгээр байрт бичигдэж байгаа юм. Харин манай шигшээ баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаарт бичигдэж байна.
Манай улсын тухайд Д.Сумъяагаас өмнө Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлж байсан билээ. Энэ жил ДАШТ-ээс медаль хүртээд буй дөрвөн бөхийн гурав нь ДАШТ-ээс хоёр дахь медалиа авсан нь яахын аргагүй бахдам амжилт юм.
olloo.mn