Есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа
 Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа.

Ерөнхийлөгчийн гаргасан “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Зарлиг гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нар оролцов.

Ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн туслах Д.Мөнхбадрал “Эх хэлний өдөр зарлах тухай” зарлигийг уншин сонордууллаа.

Уг зарлигт “Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа  болсон  язгуур  соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор,

  1. Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
  2. Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг  жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
  3. “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

а/ Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах;

б/ “Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг  хэвшүүлж ажиллахыг уриалсугай.

4.Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай” гэжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлиг гардуулж хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ард түмэндээ хандсан, бүх нийтийг уриалсан анхны зарлигаа гаргасан нь Эх хэлний өдөртэй болох тухай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлиг юм.

Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эх хэл, соёлын бүрэн бүтэн, нэгдмэл байдлын баталгаа болсон төрөлх монгол эх хэлээ сахин хамгаалж, хадгалан хөгжүүлэх чиг үүрэг бүхий төр, төрийн захиргаа, судалгаа шинжилгээ болон боловсролын үйлчилгээний байгууллагуудын төлөөлөл та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцууллаа.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн маань өв их эрдэнэ хэмээн хэлэлцдэг төрөлх монгол эх хэл маань даяаршлын эрин үед танигдахын аргагүй болтлоо хувьсан өөрчлөгдөж байна. Зуунаас зууныг дамжин шинэ үгсийн сангаар шинэчлэгдэн баяждаг эх хэл маань эрдэнэ мэт үнэт зүйлсээ хадгалан авч үлдээд, хуучирч улирсныг нь эрэг рүүгээ хаялан гаргаж, ямагт ариудаж байдаг Сүн далай мэт билээ.

Орчин цагийн эх хэлний эзэд болсон та бид гадаад хэлийг эзэмшиж, XXI зууны соёлын түрэлт, түрэмгийлэлд автахын хэрээр монгол хэлнийхээ унаган төрхийг алдагдуулсаар байгаа. Эх хэлний хэрэглээний цар хүрээ хумигдаж, хэвлэл мэдээллийн орчны монгол хэлээр харилцаж, энэ нь монгол хэлний үгийн сангийн бүрэн төлөөлөл мэт болжээ. Хэл үгүй бол үндэстэн мөхдөг хүн төрөлхтний гашуун сургамж байна.

Хэл, хэлээ дагасан сэтгэхүй, сэтгэлгээг хөгжүүлж, улс орныхоо нэгдмэл байдлыг хангах нь монгол төрийн бодлогын үндэс, суурь юм. Монгол хэл бүтэн байж Монголын ард түмэн, Монгол төр  энх оршино. Баян тансаг эх хэлээ дээдэлж, суралцаж, сурталчлан дэлгэрүүлж, ард иргэд нийтээрээ зөв ярьж, зөв бичдэг болохыг уриалсан Ерөнхийлөгчийн зарлигийг олон нийт сайшаан дэмжиж хэрэгжүүлнэ гэж итгэж байна” гэлээ.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулав.



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kholookh  2017-08-30 16:23:15
    iluu yum daa. Uunees ih hiih ajil bii
  • delhiin mongol 2017-08-30 10:30:16
    Delhiin buh mongolchuudad hamaaraltai. Saihan shiidver bn.
  • Дэлдэгч 2017-08-30 10:25:27
    Цаг унэ нудээ олсон зарлиг гаргажээ. Дараа нь монгол бичиг усгийнхээ зарлигийг гаргаарай.
  • о 2017-08-30 07:42:12
    нэг ч гадаад үг хэлэхгүй_ гадаадууд монголоор л ярина. ярьж чадагүй нь дуугүй л баына ийм өдөр шүү
  • zochin 2017-08-30 06:57:50
    mash zuw shiidwer , khulan ajlaa sayn khiiji medremjitey baymna