Замын түгжрэлийг бууруулах гээд байна уу, эсвэл...
Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч, утаа нь ихэсч, замын түгжрэл нь улам нэмэгдсээр байгаа. Тиймдээ ч Улаанбаатар хотын удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах талаас нь янз бүрийн арга авч байгаа. Дугаараар нь хязгаарлаж эхэлсэн. Хотын авто замуудыг өргөтгөж, шинэчилж, уулзваруудыг өөрчилсөн. Үр дүнгээ өгсөөр байгаа. Гэхдээ автомашины тоо хасагдахгүй нэмэгдэж байгаа болохоор түгжрэл саарахаас илүүтэй ихэсч байна. Тэгвэл сүүлийн үед түгжрэлтэй холбоотойгоор хийж байгаа ажлууд байгаа яг онож чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. 
 
Зүүн эргүүлэхгүй байх шийдвэр түгжрэлийг улам л нэмж, туслах замуудын ачаалал дээд цэгтээ хүрсэн. Тиймээс шийдвэрээ эргэж харах шиг боллоо, дарга нар. Дээрээс нь “Авто плаза” төвийн уулзвар гээчийг нээлээ. Дөрвөн замын уулзвар маягтай болгосон. Урагшаа “Дашчойлон” хийд рүү аль ч талаасаа эргэж болохоор болж байгаа юм. 
 
Мөн хойшоо 16 дугаар сургууль руу эргэнэ. Энэ уулзварыг нээснээр  Их тойруу дахь 100 айл, Өлзий төвүүдийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байгаа юм билээ. Мэдээж тооцоо, судалгаа хийж байж л уулзвар шинээр барьж, замаа өөрчилж, шинэчилдэг байлгүй дээ. Гэхдээ “Авто плаза” хавьд уулзвар нээснээр замын хөдөлгөөний ачаалаал 20-30 хувь буурна гэдэгтэй санал нэг л нийлэхгүй байна шүү. Өмнө нь энэ замаар аятайхан яваад байж болдог байсан. 
 
Одоо түгжрэл нь улам нэмэгдчихлээ. Уулзвар тэрүүхэн тэндээ л сайхан харагдаж байгаа байх. Урагшаа эргээд “Дашчойлон” хийд рүү зүглээд л бөөн түгжрэл. Замын хоёр талаар нь машин тавьчихна. Өргөтгөж, шинэчилсэн юм байхгүй. Хойшоо 16 руу ч ялгаагүй. Дээрээс нь Баянбүрдийн тойргоос наашлаад 100 айлын уулзвар хүртэл км гаруйхан газар таван гэрлэн дохио байрлаж байгаа. Гуравдугаар сургуулийн цаад уулзвараас “Авто плаза”-гийн шинэ уулзвар хүртэл гурван гэрлэн дохио ойрхон ойрхон байх жишээтэй.
 
Машинтай 10, 20 метр явж чадаагүй байтал л гэрлэн дохион нь асчихна. Тэгээд л зогсоод байна даа. Шинэ уулзвар нээгдсэнээс хойш бүр илүү түгжирдэг болсон гэсэн үг. Юун түгжрэл буурах манатай.  Ядаж гуравдугаар сургуулийн өмнөх гэрлэн дохиогоо аваад хаячих хэрэгтэй шүү дээ. Сургуулийн орчим, хүүхдэд аюулгүй байлгах гэж хийж байгаа байх л дээ. Гэвч түгжрэлд улам л нэрмээс болоод байна.  
 
Түүний оронд хурд сааруулагч хийчихвэл арай дээр байх.  Одоо ямар нэгэнт хийчихсэн уулзварыг буцаагаад хаалтай биш. Өдөр болгон энэ замаар зөрчиж байгаа хүний хувьд аргаа бараад үгээ хэллээ. Ер нь сүүлийн үед замын түгжрэлийг бууруулахтай холбоотой шийдвэрүүд жаахан нүдээ олохгүй л байна уу даа.
 
Тэр судалгаа, шинжилгээг нь ямар ч хүмүүс хийгээд байгаа юм. Түгжрэл буурах биш нэмэх ажил ч хийгээд байх шиг. Цаашид энэ мэт уулзвар барьж, түгжрэл бууруулахаар шийдвэл сайтар судалмаар юмаа. Хоёр км хүрэхгүй замд ийм олон уулзвар байж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Бас л бодох л асуудал байсан. Мэргэжилтнүүд нь асуудлаа мэдэж байгаа байлгүй дээ. Гэхдээ л түгжрэл яах аргагүй нэмэгдчихээд байна, 100 айл хавьд.    
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГООЧОНО 2017-08-30 05:35:41
    ЕР НЬ ЗҮҮН ГАР ЛУУ ЭРГЭХИЙГ БАГАСГАХ НЬ ЗӨВ Л ДӨӨ. ГЭХДЭЭ САЯ ЯМАРЧ СУДАЛГААГҮЙ, ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛАА ТООЦОЛГҮЙ ХИЙСНИЙГ ЭХНЭЭСЭЭ БУЦАЖ БАЙГАА НЬ БАТЛАВ
  • зочин 2017-08-30 03:11:12
    Уулзвар, гэрэл дохио нэмэх тусам түгжрэл шууд хамааралтай нэмэгддэг гэдгийг мэддэггүй мангуунууд.Мөнгө угаах л арга ш дээ