
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалт хийжээ.
Шалгалтын явцад Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчимд гар дээрээс, ил задгай жимс хүнсний ногоо худалдаалж буй иргэд жимс, ногоогоо City toilet нийтийн бие засах газарт хадгалж, худалдаалдаг зөрчил илэрсэн байна. Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж байсан 19 нэр төрлийн 900,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо, жимс жимсгэнийг хураан авч, устгуулахаар устгалын комисст шилжүүлжээ.
Иргэд та бүхэн гар дээрээс, ил задгай жимс, хүнсний ногоо худалдан авахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.