
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нартай цалингийн асуудлаар уулзсан билээ. Энэ үеэр тэдний шаардлагыг биелүүлэх талаар судалж эхэлсэн тухайгаа дуулгажээ. Тэрбээр энэ намрын чуулганаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлэх болсоныг багш нарын төлөөлөлд хэллээ.
Уулзалтын үеэр Г.Чулуунбаатар сайд “Өнөө жилийг багшийн хөгжлийн төлөөх уриатай болгохоор төлөвлөж буй. Багш нарын суурь цалинг нэмэх шаардлагыг дэмжиж байгаа. Эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгжүүлж болох бүхнийг хийнэ. Гэвч улсын эдийн засгийн өнөөгийн байдал сайнгүй, ОУВС-гаас дэмжлэг авсан учир шаардлагад тусгасан 1.6 сая төгрөгийн цалинг олгох боломж хомс байна. Багш нар маань үүнийг ойлгож, хичээлийн шинэ жилээ өмнөх онуудын адил баяр хөөртэй эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, цалингаа нэмэхийг шаардсан багш нар түр хороо байгуулан тэмцэж байгаа билээ. Одоогоор уг түр хороонд 21 аймаг бүх дүүргээс нийт 16 мянган багш нар нэгдэж гарын үсэг зураад байгаа юм. Тэд Засгийн газраас есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөг болгон нэмэхийг шаардаад байгаа билээ. Хэрэв шаардлагыг биелүүлэхүй бол хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцэн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.
Б.Сансар
olloo.mn