Эмгэнэл
ЦЭРЭНГИЙН ДАМДИНСҮРЭН
1955-2017
 
Бидний хайрт хань, аав, өвөө, ах, дүү Цэрэн овогтой Дамдинсүрэн нь 2017 оны 08 сарын 27-ны өдөр өвчний улмаас нас нөгчиж бидний амьдралд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.
 
Ц.Дамдинсүрэн нь Увс аймгийн Улаангом хотод 1955 хотод төрж, 1963-1973 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1973-1974 онд Эрхүү хотын Политехникийн их сургуулийн бэлтгэл анги, 1974-1979 онд МУИС-ийн физик-математикийн факультетийн физикийн салбарыг цөмийн физикч, физикийн багш мэргэжлээр онцсайн дүнтэй суралцаж төгсчээ. 1987 онд Дубна хот дахь Марксизм-Ленинизмийн оройн их сургуулийг мөн амжилттай төгсчээ.
 
Тэрээр 1979-1982 онд Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд физикийн багш, 1982-1984 онд физикийн тэнхмийн эрхлэгч, 1985-1992 онд Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийн Их энергийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, 1992 онд Техникийн их сургуульд физикийн багш, 1993-2008 онд  Засгийн газрын Цөмийн энергийн комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2009-2014 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.    

Мөн 1974-1979 онд МУИС-ийн Физик-математикийн факультетийн ХЗЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүн, 1979-1982 онд Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийнХЗЭ-ийн хорооны анхны нарийн бичгийн дарга,1985-1992 онд Дубна хот дахь монгол ажилтан нарын МАХН-ын үүрийн орлогч дарга зэрэг сонгуульт ажлуудыг гүйцэтгэж байжээ.
 
Ц.Дамдинсүрэн нь Монголын оюутны анхдугаар чуулга уулзалт, Нийслэлийн МАХН-ын 30 дугаар бага хурал, Шинжлэх ухааны ажилтны улсын зөвлөгөөн, Монголын эдийн засгийн чуулган, “Төрийн албаны шинэтгэл” үндэсний  чуулганы төлөөлөгчөөр тус тус ажилаж байсан юм.

Мөн тэрээр Физик-математикийн шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдэд үнэлгээ өгөх комиссын гишүүн, Физик-математикийн шинжлэх ухааны эрдмийн зэрэг олгох Зөвлөлийн гишүүн, Улсын байнгын онцгой комисссын гишүүн  , “Мон-Атом” ХХК-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
 
ЦШНИ-д нам энергийн физикт ашигладаг гамма-спектрометрийн аргаар релятив цөмийн физикийн онолын төсөөллүүдийг шалгах туршлага, судалгааны шинэ ажилд оролцож,их энергитэй протон, нүүрстөрөгчийн ион атомын дунд болон хүнд цөмүүдтэй харилцан үйлчлэхэд их энергийн физикийн факторизац, фрагментацийн зарчмууд мультибарионы системд үйлчилж байгааг харуулжээ.ЦШНИ-д 1990 онд "3.65 ГэВ /нуклон энергитэй протон, нүүрстөрөгчийн ион атомын хүнд цөмүүдтэй  харилцан үйлчлэхэд үүсэх үлдэгдэл цөмийн шинж чанарыг судлах нь” сэдвээр физик-математикийн ухааны Дэд докторын зэрэг хамгаалжээ.
 
Цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг бэхжүүлэх бодлого тодорхойлох, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг бэхжүүлэх тухай (2001), Цөмийн энергийн тухай (2009), Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2009) болон “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ынтөсөлболовсруулах, батлуулах, хэрэгжүүлэх ажилд голлон оролцжээ. Хууль 5, Улсын их хурлын тогтоол 2, Засгийн газрын тогтоол 30 гаруй, Ерөнхий сайдын захирамж 10-ыг гаргах ажлыг биечлэн удирджээ.

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглахтай холбогдсон эрх зүйн баримт бичиг (2011),Цөмийн энергийн комисс 50 жил(2013), Монгол Улс, ЦШНИ-ийн хоорондын хамтын ажиллагаа (2016) ном болон хэд хэдэн гарын авлага бичин нийт Эрдэм шинжилгээний 40 гаруй бүтээлийг туурвижээ.
 
Аавын минь ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлж Монгол Улсын Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн тогтоолоор 1998 онд профессор цол, 2010 онд Ховд их сургуулийн Хүндэт профессор цол тус тус хүртжээ.
 
Мөн 1980 онд МХЗЭ-ийн ”Хүндэт жуух” бичиг, 1994 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны ”Хүндэт жуух”бичиг, 1997 онд “Гэгээрлийн тэргүүний аж илтан” цол, тэмдэг, 1999 онд ”Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, тэмдэг,2001 онд”Ардын хувьсгалын 80 жил”, ”Боловсролын 80 жил” ойн медаль, 2003 онд ЦШНИ-ийн “Хүндэт үнэмлэх”, 2005 онд “Иргэний хамгаалалтын тэргүүнийажилтан” цол, тэмдэг, 2006 онд төрийн дээд шагнал ”Алтан гадас” одон, 2007 онд Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн “Хүндэт тэмдэг”, 2011онд “Ардын хувьсгалын 90 жил” ойн медаль, Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол,тэмдэг, “Юмжаагийн Цэдэнбал” медаль, Хавдар судлалын үндэсний төвийн “Хүндэт тэмдэг”, ШУА-ийнФизик-технологийн хүрээлэнгийн 50 жилийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагджээ. Мөн волейболын спортын 2-р зэрэгтэй.
 
Хайрт аавын минь үнэнч шударга,зарчимч,хүнлэг энэрэнгүй,бүтээлч,ажилч хичээнгүй,эелдэг даруу зан нь хань, үр хүүхэд,ах дүү,төрөл төрөгсөд бидэндээ үүрд дурсагдах болно.
 
Ум сайн амгалан болтугай.
 
Гэр бүл, үр хүүхэд, ах дүү нараас нь
Бусдад түгээх
  • gplus