Өгөөжийн уулзварын нэвтрүүлэх чадвар 25 хувиар нэмэгдлээ

Сүхбаатар дүүргийн  тавдугаар хороо,  “Өгөөж чихэр боов“ ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороонд байрлах "Авто плаза"-ийн уулзварын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан оролцов.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний  дагуу нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороо, "Авто плаза"-ийн уулзвар,  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар, 11 дүгээр хороо,  ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа билээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд бас нэг чухал алхам бол уулзваруудыг өргөтгөх явдал юм. Хотын төв замуудын уулзвар нь ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй. Тиймээс энэ жил 4 томоохон уулзварыг шинэчилж байгаа. Жишээлбэл, өнөөдөр бидний нээлтийг нь хийж буй “Өгөөж чихэр боов” ХХК-ийн  уулзварыг Сөүлийн гудамж талдаа 2 эгнээ байсныг 5 эгнээ болгон, Үндсэн хуулийн гудамж урдаасаа хойш 6 эгнээ байсныг 9, хойноосоо урагш 5 эгнээтэй байсныг 8 эгнээ болгон өргөтгөн шинэчиллээ. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 25 орчим хувиар нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн энэ жил Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "Авто плаза"-ийн уулзвар,  Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар зэргийг өргөтгөн шинэчилсэн байгаа” хэмээн онцлов.


 

“Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн  17-24.5 метр, эгнээний тоо 5-9,  явган хүний зам 1.5 м – 3 метрийн өргөнтэй болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болоод байна.

Харин "Авто плаза"-ийн уулзварыг өргөтгөн шинэчилэх ажлын хүрээнд Их тойруугийн өргөн чөлөө 2 талдаа  6 эгнээтэй байсныг баруун тийш эргэх 1 эгнээ нэмж, 7 эгнээ, урдаасаа хойш 2 эгнээ байсныг 5 эгнээ, хойноосоо урагш 2 эгнээ байсныг 3 эгнээ болгон өргөтгөлөө. Өргөтгөл шинэчлэлт хийснээр Их тойруу дахь 100 айл, Өлзий төвүүдийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байгаа юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Байнгын ачаалалтай байдаг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах  "Авто плаза"-ийн уулзвар нь 1990, 2010 онд өргөтгөл шинэчлэлт хийж байсан юм.  Хотын авто замын хэт түгжрэл, иргэдээс ирсэн саналыг үндэслэн энэхүү уулзварыг нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр энэ онд засварлахаар шийдвэрлэсэн билээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Велтэд лайн Монголия” ХХК ажиллаж, гэрээт хугацаандаа ажлаа дуусгасан байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.