М.Энхболдод хаягласан боловч бусдад хүргүүлэв
1.
Монголчууд бид цөөхүүлээ билээ. Үүний нэг нотолгоог хэлье .Өнөөгийн улс төрийн тавцанд гурван Энхболд байна. Тэднийг бүр Миеэ Энхболд, Зандаа Энхболд, Нямаа Энхболд гэж энгийн ярина. Гурвууланг нь дарга даамлаар монцойхоос ч өмнө би таньж мэддэг байлаа. Би таних нь чухал биш тэд ч намайг бас таньж мэддэг байлаа. Ингээд бодохоор л Монголчууд цөөхүүлээ. Цөөхүүлээ учир хагарал бутралгүй амьдрахыг хичээх үүднээс М.Энхболдын талаар бичихээр шийдлээ. Би эвтэй байх нь монголын нууц товчоо болчихоод байна.

Өнөөдөр дэлхий нийтийн байдал маш ойлгомжгүй боллоо. Европ, Америк, Орос, Хятадад юу болж байна? Араб, африкт бүү хэл Солонгос, Японд юу болж байгаа нь ч урьдын сайхан төсөөлөл тааврыг баллах өрнөлтэй явна. Бидний өчигдөрхөн үнэн мэт ойлгосон даяршил маань ч хаана явна? Юу болов? Улс орнууд хана хэрэм босгож эхлэх нь. Америк, Мексик, Балтийн орон,Орос, Европ гээд...

Дэлхий нийт нерв синдромдоо автаж тэр чигээрээ аливаад хүлээцгүй болж байх шиг. Аливаа хүн төрөлхтнийг хамарсан том шуурганд хүчтэй,чадалтай орнууд л хождог. Жижигүүд хүлээцтэй, тооцоотой, эв түнжинтэй хандвал зол болдог. Гадаад нөхцөл байдалд яаж хандах нь бидний дотоод амьдралаас үүдэн гарна. Дотроо хаос бол гаднаа бас хаос. Энэ бол улс орон орших алтан дүрэм.Үр дүн нь хяналтгүй хаосоос үйдэлтэй сүйрэл. Өнөөгийн Монголчууд цөөхүүлээ ч хувь заяаны эрхээр том хариуцлага үүрсэн үндэстэн. Дэлхийн бодлого тодорхойлцдог хүчирхэг стартегийн хоёр хөрштэй. Үүнээс гадна биднийг дотоод зөнгөөрөө хардаг “үсэрсэн цус, тасарсан яс” дэлхийн монголчууд ч байна. Сурч боловсрох, амьдарч тэмцэхийн хэрээр харьд гарсан үй түмэн ахан дүүс маань ч бий. Энд дөмөгхөн амьдралгүй учраас тэд тэнд байна. Уг нь бид дориухан байваас энэ бүхнийг татах төв хүч нь юм. Хэзээ нэг ирэх үүр нь юм. Дэлхийн еврейчүүдийг Израйль татдаг. Дэлхийн казахуудыг Казахстан цуглуулна. Герман германаа нэгтгэсэн.Түүн шиг солонгос солонгосоо гэх л болно. Румын хүртэл Молдавтаа ах нь болж үлгэр болох гэдэг. Тэгэхээр Монгол монголоо биз? Гэтэл голомтонд нь байгаа биднээс өөр хэн байх вэ? Гэтэл бид нэгдмэл бодлоготой байх нь бүү хэл нэгдэж амьдарч чадахгүй хэмжээнд байна. Иймд бид цөөхүүлээ гэдгээ санаж ахан дүүс шиг амьдарч сурах нь чухлын чухал. Дэлхийд бид буйд газар шүү дээ.Тэгэхгүй бол дэлхий хэмээх том далайд халим нь “хап” гээд үмхэнэ. Акул нь “ап” гээд үмхэнэ. Төрөлх цөөрөмдөө нэг хэсэг нь цурхай болоод  “цуп” гээд бусдыгаа үмхэх утгагүй. Нөгөө  хэсэг нь алгана “авар!” гэж зугтаж хөөцөлдөхөд халим хоёуланг нь өөрөө ороод ирлээ гээд “хап” гээд үмхэнэ.

Иймд бид цөөхүүлээ ахан дүүс шиг амьдарч чадахгүй бол хохино болох нь дээ.

За ингээд гурван Энхболд руугаа оръё. Энэ нэр Ганболд, Ганбаатар гэдэг шиг сүүлийн үеийн нэр шиг хэрнээ эртний нэр. “Ган”-тай нэр бол Сталин гэдгээс үүдэлтэй түгсэн нэр. Ялангуяа Ганболд (Баасанжавын Ганболд, Цогсүрэнгийн Ганболд, Үнэнчийн Ганболд гээд ойрын нөхөддөө би ингэж хэлдэг юм. Х.Б). Энхболд бол энхтэй нэр л дээ уг нь. Орчин цагийн Монголд яагаад түгсэн бэ гэвэл надад нэг бодол байдаг. Ямартаа ч 1940 онд Москвад Зөвлөлтийн автономт буриад-монгол улсын урлаг соёлын I декад гэдэг болжээ. Тэнд буриад ахан дүүс маань анхны дуурь - “Энхболдбаатар” гэдэг дуурийг тоглуулсан байна. Энэ нь “Эрийн сайн Энхболдбаатар” гэдэг Монгол ардын туулиас үүдэлтэй дуурийн бүтээл гэнэ лээ. Арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж ард зондоо  энхжинг авчирдаг. Оросын “Руслан, Людмила”, “Игорь ван” зэрэг эртний дууриуд байдаг даа. Түүн лугаа адил тавьсан байх даа. Энэ дуурь 1940-өөд оны эхэнд Монголд тоглож шуугиулсан юм гэнэ лээ. 40-өөд оноос өмнө төрсөн Энхболд нэртэн бараг байдаггүй билээ. Энэ бол эртний монгол үлгэр туульд гардаг жинхэнэ монгол нэр. Яруу найрагч Энхболдбаатарын нэр жинхэнэ оригоороо байгаа ийм учиртай болов уу. Иймээс эртний баатарын нэртэй хүмүүс их багагүй ард зоноо энх тунх, элэг бүтэн амьдруулах хувьтай ч юм бил үү? Хошин ч юм шиг хэдий ч нэрлэх нэрэнд учир бий гэдэг. Нэг л олон Энхболдууд. Зүгээр л “нэр хугархаар яс хугар” гэдэг наад захын энгийн логикоор бодсон ч тэр дээ.Эд маань энхжинг монголд амаржуулах нь энэ цагийн баатар үйл юм даа.

За ингээд монголчууд цөөхөн цул байх ёстой гэдгийг нотлох үүднээс гурван Энхболд руугаа оръё. Н.Энхболдыг 1989 онд Москвад сурч байхад нь тэрбээр миний сайн мэдэх Соёл урлагийн хүрээлэнгийн аспирант ах хүүтэй нөхөрлөдөг улмаас танил болсон. Нилээдгүй уулзаж, учирч 1995 онд Австрали явж сурахаас нь өмнө ярьж хөөрдөг л байлаа. З.Энхболдыг эртнээс зүс таних ч хожим Их сургуулийн их дээдийн хуулийн ангид “тохой нийлүүлэн” сурч байлаа. Энэ бол 1990-ээд оны дунд үе. Тэр цагт яггүй дотно, бүр гэр орноороо орж гардаг байсан. М.Энхболдтой яаж анх танилцснаа санадаггүй юм. П. Жасрай гуайн хүү Жанцан агсантай багын найз хүн юм. Жанцан бид Москвагаас үерхсэн хоёр.Нэг л мэдэхэд “хувьсгалын тохироо бүрдвэл” зуу хуваагаад татчихдаг, зугаатай яриа (элдэв хууч, паян, онигоо ярина. Энхболд бас нилээн юмор хошигнолд дуртай эр шүү дээ.Х.Б) ярьдаг танилууд л болчихсон байсан. Хожим нь хотод болон ОБЕГ-т удирдлаганд нь ажилж цэрэг нь болж манаргаж л явлаа. Түүнийг Чингэлтэй дүүргийн орлогч байхад нь хойд ууланд түймэр гарсан. 1990-ээд оны эхээр нэг тийм дүлий том гар утас байсан даа, Уншигч та санах л байх. Бөх хүний гарын шууны чинээ гар утсыг монголчууд анх хэрэглэж байлаа.Тэрбээр тийм нэг утас барьчихсан сандарч явсан дүр төрх одоо ч нүдэнд харагддаг юм. Түүний амьдрал оюутнаасаа хойш уг нь бүхэлдээ шахуу гал түймэр, үер ус, хог шороо, нийтийн ахуй, шугам хоолой хөлдөх,хагарах, зуух хаалгуур тэсрэх, дэлбэрэх, зуд зурхан,малын шүлхий, шувууны сарс, зам барилага, сантехник, цахилгаан дулаантай зууралдаж явсан дүр зурагтай юм шүү.Цагаан гартан ч биш, цагаан захтан бүр ч биш.

Сая Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг амьдралдаа юу ч хийгээгүй насаараа морь уралдуулсан хүн шиг л гүжирдэж байв.Түүнийг мэр болоход Улаанбаатар хотын дулааны шугам 100 айлаас хойш таг, Баянхошуу ханын материал таг, зүүн баруун тийшээ бүхэлдээ таг. III,IY зам гэж бирдийн хүзүү шиг нарийн юм. 1990-ээд оны цөөхөн машинтай үед л Автобусныхан түгжирдэг байв. Ард иргэд бөөн бухимдал. Эдгээр хорооллынхон 10-15 градусын дулаантай л өвөлждөг байсан цаг бий. Энхтайваны гүүрнээс том гүүргүй, Нарны зам нь сарны зам ч болмооргүй эд байлаа. Олон өөрчлөлт хэрээрээ хийсэн ч ирж байгаа хүмүүс одоо энэ Европ руу цагаачлах араб дүрвэгсэд шиг цутгаж байв. Ер нь бол Улаанбаатар хот 300 мянган хүний хот гэж анх төлөвлөгдсөн. Тэгснээ 500 болсон. Одоо орох гарахтайгаа 1,5 сая болоо биз ээ. Утаа бол хотын даац хэтэрсэн багширсан олон хүнээс үүдэлтэй. Яг үнэндээ 1990 он гараад хөдөө орон нутгийн суурингууд наашаа нүүж ирсэн. Дархан,Эрдэнэт, Сэлэнгэ, Чойбалсанг эс тооцвол халуун усанд орж болох газар чинь Улаанбаатар л болсон шүү дээ. Уншигч Та санаж байгаа бол? Уг нь ч тэр үеийн Улаанбаатарыг санахаар даа. Тэр үед Улаанбаатар хотын гоё байшин барилга гэж Үйлдвэрчний соёлын ордон, Хуримын ордон, Баянгол, Улаанбаатар зочид буудал гээд тоотой хэдэн байшин байв даа. Хүн амьдрах газраа сонгоно гэж 1990 онд тунхаглаад, 1992 оны Үндсэн хуулиараа хуульчлаад Улаанбаатар Утаанбаатар болох эхлэл тавьсан даа. Аливааг тунхаглалж болно. Гэхдээ зүй зохистой байх арга хэрэгслийг бүрдүүлэхгүй бол хаос шиг юм болдгийг үзлээ. Монгол хүн сая төгрөгтэй байхад л жалгын ирмэг дээр гэр бариад нийслэлийн “иргэн” болно. Тэнд үүрэг роль, үүрэх хариуцлага, үйлчлэх хууль гэж байхгүй. Гэтэл Москва, Бээжинд гэр бариад суу л даа, ёстой хол оо хэвтэнэ. Ингэхээр утаа улам их болсон нь нийт монголчуудын бүтээл. Хүний эрх, ардчилалын хоосон тунхагаас үүдэлтэй. Улсын баатар дарга Бат-Үүл ч үүнд ялагдсан даа. Ер нь бол Энхболдын хийсэн юмыг тоочвол 1999 оны өвлөөс 2005 оны зуны хооронд хийсэн бүтээн байгуулалт болгон түүнтэй холбоотой. Түүнийг жагсаавал зах хязгааргүй юм болно. Улаанбаатар хот улсын татаасгүй болсон үе бол Энхболдын үе. Энэ цаг үеэс хойш бүтэн 12 жил болж, ард түмний ой санамж богино учир саяын Ерөнхийлөгчийн сонгуульд тааруу санал хотын мээр байсан хүндээ өглөө. Хөдөөний зудныхан болон шинээр шилжин ирэгсэд Энхболдын гавъяа байтугай хувьчлалаар үнэгүй авсан хэдэн малынхаа шидийг үзээгүй хүмүүс байдаг болов уу. Миний бие 1999-2003 онд Энхболдын командад ажиллахдаа захын суурин хөлдөөж ч явлаа, хөлдүүсээс нь гаргаж ч явлаа. Тэр цагт хүнд байсан даа, гэрэл цахилгаан доголдолтой, хөрөнгө мөнгөгүй. Тэрбээр хотын мээр ч аваар гарсан газарт шөнө орой хоол ундтай ажил эргэж ирэх нь ч бий. Утас шөрмөсөөр загнаж зөвлөх хослуулах нь ч бий, уг нь хамт ажилахад ханьтай эр л дээ. За нэг иймэрхүү. Миний бие жирийн л нэг уранхай дээлтэй, туранхай царайтай монгол хүн гэхэд гурван монцгор даргатай танил тал, холбоотой явсан нь Монголчууд цөөхнийг илтгэнэ. Нөгөө талаар хүмүүс бие биендээ, ажил төрөлд их бага гэлгүй ач холбогдол өгдөг, хүнийг хүн гэж үздэг байсантай холбоотой болов уу.

2.
Хүн бол хоёр нүдтэй, хоёр чихтэй, хоёр хамрын нүхтэй гээд мэдрэх гол эрхтнүүд нь хоёр. Гэтэл тархи нэг, зүрх нэг, хэл нэг. Цул ард түмэн ч мэдрэх нь хоёр байвч нэг бодлоготой, нэг сэтгэлтэй байвал хүний хорвоог хөгжүүлэх байх.Сүүлийн үед энэ тулгуур хоёр намын ач холбогдлыг алга хийх эрмэлзлэл их гарах болжээ. Хагалган бутаргах амархан хамж нэгтгэх маш хэцүү. Иймээс Монгол улсад хоёр нам л оршин тогтнож байна. Америкт ч ялгаагүй. Жирийн амьдрал дээр ч гуравдахь билгийн нүд бол мөрөөдөл, утопи, үлгэр домогт л гардаг эд юм. Том утгаар нь хийсвэрлэвэл дэлхийн хүн төрөлхтний багананууд бол АНУ,ОХУ,БНХАУ, Европын холбоо юм. Гэтэл нэг минутанд АНУ алга болчихвол дэлхийд юу болох вэ? Нэг минутад, ОХУ,БНХАУ алга болчихвол юу болох вэ? Нэг минутанд Европ алга болчихвол юу болох вэ? Айдас сүйрэл биз? Яах аргагүй тийм. Харин хүн төрөлхтний бүтээсэн зэвсэг нэг минутанд юуг ч алга болгох болзолт нөхцөл шиг айлгах хэмжээнд очсон. Манай монгол ардын үлгэрүүд дайнч талдаа. Нэг том шидэт сэлэм, эсвэл шидэт сумын ачаар ч юм уу амьдралыг цэгцлээд гуч дөчин жил ч юм уу, өнө мөнхөд арван таван толгойтой мангасаа дараад айх аюулгүй “хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах огтолж идэн”-гээ амар сайхандаа жаргадаг. Гэтэл суурьшмал , тасралтгүй хөдөлмөрлөдөг ард түмний үлгэр, ган гачгийг хамтдаа давж, дайн дажинаа хамтдаа ялж тариачин нь тариагаа сайн ургуулаад амар сайхандаа жаргах нь буй. Иймд монгол бүх зүйлийг нэг мөсөн, нэгэн шидээр сайн сайхан болгох сэтгэл зүй давамгайлдаг. Уг нь арга билэг нэгдэж амьдрал бүтдэг. Нэг өдөр АН,эсвэл МАН алга болбол юу болох вэ? Иймд том намынхан аливаад хүлээцтэй хандах ёстой. Өнөө цагийн эр зориг бол хяргаж, тасдаж хаяхаасаа тэвчээр, хүлээцтэй байхад илэрдэг. Энхболд бол ийм хандлагатай намын удирдагч. Энхболд эв эеийг тунхаглагч нь биш хэрэгжүүлэгч болох бүрэн боломж байна. Иймд өнөөгийн Монголын улс төрийг тэвчээр ухаанаа гаргах хэрэгтэй. “Зайл” гэсний зоргоор зайлаад ч яах вэ? Харин ч нэг. Харааж гүтгүүлэхийн зовлон таньдаг хүний хувьд, намаа ялуулж эрх баригч болгосны хувьд юмаа цэгцэлэхэд хамаг анхааралаа тавих ёстой. Монгол хүн баахан уйдамхай учир уламжлалт юм ховортой. Уламжлалт юм ховордохоор бүгдийг шинэчилж,эсвэл  буулгаж, нураадаг. Хоёрхон сарын өмнө Монгол төрийн их хүн Жамсрангийн Самбуу дарга шиг буйр суурьтай гэж цоллуулж байсан Энхболд одоо юу ч болоод байгаа юм? Хоёрхон сарын өмнө дайнд хамт явахад хамгийн үнэнч нөхөр гэгдэж байсан Энхболд одоо хамгийн гайтай хүн болоод ч байх шиг. Ер нь Энхболд энэ хавар, зунжингаа элдвээр хэлүүллээ.Эцэг эх, эхнэр хүүхдээ ч хангалттай доромжлууллаа. Одоо болох юм биш үү. Харийнхний үлгэр дууриалал ч юм уу, даалгавар ч юм уу, хүнийг ач холбогдлоо алдтал хочилж доромжилдог арга монголд их хөгжлөө. Энхболд яачихсан хүн юм. Нэг хүнд үнэн худал нь мэдэгдэхгүй нэр хоч зүүж түүнийг мөнхжүүлэн хаддаг. “Газрын наймаачин” гээд л нүдээд байх. Нотлогдсон ширхэг баримт байхгүй. Шүүхийн шийдвэр байхгүй. Тэр хамаагүй нүдээд л байна. Эрх зүйт төр бол хуулиар тогтоогдсон бол гэм буруутан гэдэг байх. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа монголын ардчилсан арга болж хувирснаар ардчилалыг ташаа ойлгох нийгмийн хөрс үржиж байна.Ууг нь Монгол хүний суурь менталите́т шал өөр суурь хүмүүжил дээр үүссэн эд л дээ.Наран Үүнийг түр орхин цааш өгүүлэх нь: Монгочууд жаахан хуримтлалтай болж, унтах нойроо ч мартан энд тэндгүй шавар овоолох болсон үеийн хотын мээр бол Энхболд. Эргээд харвал энэ хэдэн динозавр шиг байшингууд хэнийх вэ гэвэл өнөө нэр хоч өгдөг улсуудын овоолсон шавар, зангидсан төмөр бетон. Түүнээс Наран туул дээр ажил хийж буй хүнд огт падлийгүй. Дунд сургуульд багш хийж байгаа хүнд хамаагүй. Сүүний үйлдвэрийн ажилчинд тусгүй эд. Хий хэрүүл,хоосон хов.Баригдасн байшин барилгад нь хэдэн зуу, мянгаараа Улаанбаатарынхан орогнож байна. Энхболдоос хойш хотын таван мээр бас л газар өгсөн, барилгажуулсан. Зарим нь хаусжуулна ч гэж амалсан тал бий. Энэ бол ямар ч хотын мээрийн хийдэг нэг ажил.Энэ бол хотын даргын хийх л ажил. Хотын даргыг газрын наймаачин гэдэг бол бүгд л газрын наймаачин. Одоо ч хэрүүл уруул нь үргэлжилж л байгаа. Хүнийг улиг болсон нэр хочид холбодог нь ямар хүний ёс юм? Лав манай ёс биш.

4.
Манайд намуудын санхүүжилт их багагүй ямар ч дүрэмгүй явж ирсэн. Дэлхийд үлгэрлэж явдаг улс орнуудад ч энэ зовлон байдаг. Хамгийн хууль ёс мөрдөгддөг германд хүртэл ийм явдал байсан. Герман хүний амьдрах арга нь угаасаа дүрэм шүү дээ. Агуу их Бисмаркаас хойш Герман үндэстэнг нэгтгэсэн гавъяатан агуу их Гельмут Коль хүртэл ийм ярианд орж дээлээ арай нөмрөөгүй. Тэрбээр 16 жил канцлер байсан. Дэлхийн хэмжээний улс төр ч хүн. 1998 онд Коль өөрийнхөө үзэглэн батлуулсан улс төрийн намын тухай хуулиа зөрчиж хандивлагчдаас 1.5-2,0 сая маркын хэмжээтэй мөнгө авч намын санхүүжилтэд хэрэглэсэн гэдэг шуугиан тарьсан. Энэ талаар Коль, энэ спонсоруудынхаа нэрийг ил болгохгүй гэж ам өгсөн учраас би нэрлэж чадахгүй гэдэг тайлбараас өөр ч ямар тайлбар хийгээгүй.Энэ нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан ч үр дүн гараагүй.Үүний цаана юу нуугдаж байсныг үл мэднэ. Түүнээс хойш 2008 онд хоёр дахиа гэрлэж, 19 жилийн дараа буюу 2017 онд 87 настайдаа Коль гуай хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь эрх зүйт төрийн хүний эрхийн нэг ололт юм даа.. Францын Ерөнхийлөгч Н.Саркози 2006 оны сонгуульд бүр Ливийн М.Каддафигаас сонгуулийн мөнгө авсан гэж шуугиулж байв. 50 сая еврогийн асуудал яригдаад нотлогдоогүй учир тэгсхийгээд өнгөрсөн. Азийн орнуудад бол ийм явдал улиг болтлоо өрнөж байдаг билээ. Ийм учраас сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудлыг нарийвчлан хуульчлахгүй бол энэ маргаан мөнхийн хардлага, сэрдлэг. Хагарал бутрал. Манайд бол ярианы бичлэгээс болж л шуугиад байна. Эрх зүйт төр бол хуулиараа л нотлох ёстой. Нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээдийн нотолгоогоор л хүний гэм буруутайг тогтооно. Эрх зүйт төр, ардчилалын нэг гол зарчим бол үйлчилж байгаа хууль ёсоо сахих. Өөр юу ч биш.Үйлдэл, эс үйлдэл болгонд зохицуулж хууль батлахгүйгээс хойш. Аль дэмий яриаг тэр гэх вэ? Улс төржсөн өнөөгийн ертөнцөд дуу л дуулах ёстой Мадонна маань хүртэл, цагаан ордны дэлбэлэх бодолтойгоо зарладаг, Бүр Трампыг тонилгох хүсэлтэйгээ мэдэгдэж л байсан. Хоосон сүр дуулиан болсон. Одоо хэрэв ажил хийж байгаа хүн болгоноос: “Чи хэдэн төгрөг төлж энэ ажилд очсон бэ?” гэж асуувал энэ бол том дискриминац, төр албан хаагчаа дорд үзсэн доромжлол болно. Ярьсан хэлснийг хэн нэгэн бичээд  тэрийг нь хуульд хэрэглэвэл бол угаасаа хуулийн байгуулгын завхрал. Хүн ярьж хүртэл зүүдэлдэг. Өглөө босоод гэм буруутан болох нь байна шүү дээ.
Практик амьдралд намын дарга нар мөнгө босгох гэж зовлонгоо эдэлдэг. Арга хэмжээ, хурал цуглаан болгон санхүүжилт нэхнэ. Түүнийг нь хийхгүй бол нам ялагдана. Нам ялагдана гэдэг намын хамт олны итгэл сэтгэлийг будаа болгож байгаа хэрэг. Цаашилбал, хэрэгжүүлэх гэсэн ажил будаа, бүр цаашилбал нийгэмд хүргэх үзэл санаа будаа.
Хөгжсөн, хүн ам олонтой, орлого зарлага ихтэй оронд бол нийт дэмжигчдээсээ хандив авч сонгуулиа явуулдаг ёстой. Миний мэдэхээр З.Энхболд Америкт сурч ирээд УИХ-д дэвшихдээ анх данс нээж байсан. Хорт хавдараа эмчлүүлж чадахгүй байгаа ард түмэн улс төрийн акцид юу гэж шальтай хандив өгөх вэ? Иймд ямар ч мөнгө хөрөнгөлөг хэдээс л босно. Тэд ажил алба нэхнэ. Ах дүү хамаатан саднаа төрийн албанд байрлуулна. Сайд дарга болно. Тэдний нэхэмжлэл сонгуулийн дараа дуусахгүй. Намын дарга барьцаанд орно.Ингээд дээдсийн нийгэм үүснэ. Баян нь баяжсаар ядуу нь ядуурсаар байх болно. Энэ бол практик үнэн. Энэ бол манайд бүх намын түвшинд хэрэгжиж байгаа схем. АН-ын ч дарга сайдыг намдаа яаж ч туслаагүй байхад зуслан дээрээс нь дуудаж авчираад дарга сайд болгосн тохийл бий юу? МАН-д бий юу? МАХН-д бий юу? Хамгийн тод жишээ, Г. Шийлэгдамба гэдэг сайхан залуу энэ схемийн золиос болоод өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгснөөр хохирч явна.Аль ч намд шууд болон шууд бус аргаар мөнгөн тусламж өгсөн хүн, эсвэл тэр спонсорын төлөөлөгч өндөр албанд очиж ирсэн явдал 1996 оноос эхтэй. 1992 онд Пунцагийн Жасрай гуайг Ерөнхий сайд бол оо гэхэд ихэд цаараглаж, цахалж байж, намын даалгавар энэ тэр гэж шахуулж байж болсон гэдэг. Одоо бол би-би-би гэдэг радио станцууд л их болжээ. Намын санхүүжилтийн асуудал нам дотоодын асуудал, тэр хууль эрх зүйд нийцэж эсэхийг шалгах нь хуулийнхны асуудал. Нотлогдоогүй бол гэм буруутан биш гэдэг ардчилалын үнэ цэнэ, үйлдээгүй үйлдэл гэж байхгүй гэдэг энэ тэр үнэн бол Сандуйг буруутгах ямар ч үндэс байхгүй. Ажил албанаас нь буулгах бол бүр дикриминац шахуу юм.Намаа хотод ялуулсан хүнийг өнөө “Мавр хийдгээ хийлээ, одоо зайл “ гэдэг чинь улс төрийн гэхээсээ хүн ёсны соёлгүй явдал юм. Энэ асуудал намын дотоод асуудал боловч төр иргэнээ хамгаалдаг шиг нам нь гишүүнээ ядаж ойлгохыг оролдох хэрэгтэй. Сошиал ертөнцөөр л сэлэм эргүүлцгээгээд нийтийн үйлдэл болгоод бие биеэ л намдахаа урьтал болгох юм. 37 он сон бол Шархаданд буудах нь л дээ. Хүлээцгүй болсон нийгэм хэлмэгдлийг төрүүлдэг. Монгол хүн л монгол хүндээ хайртай гэж дуучин Тэнгэр хэлсэн буй. Намын дарга дээр Доржзодов гэдэг хүн стартегич хүнийхээ хувьд стартеги схем зохиож өгье гэж ирээ л биз? Тэрийг нь танилцуулаа биз.Яахав ийхэв гэж яриа л биз.Ахуйн түвшинд ч банк ухвал мөн гоё оо баяжина гэж ярьж л байдаг. 37 он биш аль дэмий ярихийг тэр гэх вэ. Аливаа намын санхүүжилтийг маш болгоомжтой ярьдаг. Энхболд бол багагүй хашир хүн. Жирийн нэг хүнтэй ийм юм үнэн голоосоо ярих уу. Яриа схемийг санаачлагч нь стартегич Доржзодов байсан байж л сонсох маягаар ярьж магад. Би алаад өгье гоё санаа оллоо гээд хүн ирэхэд хэн ч сонсоно. Хэт хэнхэг л биш бол яриаг өдөөнө. Сонсоно. Авахыг нь авна, хаяхыг нь хаяна. Энэ бол нам дотроо учираа олох л эд. Тэгэхээр логикоор өөрөө хүмүүсийг хөдлөгчихөөд эргээд дууг нь хураасан роль л түүнд үлдээд байх шиг.Ертөнцөөр нэг галбиржуулаад байх ч зангарагтай яриа биш байх. 1990 онд ардчилсан хувьсгалд оролцсон нэгэн: “Бизнесийн гарааны мөнгө бол бохир мөнгө байдаг.Өөр аргагүй” гэж хэлж байж билээ. Энэ сэтгэл зүй одоог болтол явж ирлээ. “Загалмайлсан эцэг”, “Америкт нэгэн удаа” гэхчилэн киноогоор 1990-ээд оны эхэнд Москвагийн кино театруудыг бөмбөгдчихсөн байж билээ.Түүний дараа гудамжны жижиг гар рекитүүд нь мафижиад Путинг гарч иртэл бие биенээ учиргүй алав шив дээ. Манайхан ч энд их үзсэн. Тэгээд бүгд л цөөрөмдөө Дон болох дөхсөн дөө.

Одоо ийм ойлгомжгүй байж болохгүй.
Ийм маягаар яваад байвал ямар ч намын дарга хавханд орно.

Манай нам санхүүжүүлж ирсэн түүх бүгдэд ил шүү дээ. Нэг намтай байхад 100000 гишүүдээсээ татвар авчихдаг. Улсаас дэмжлэг авчихдаг байсан. Намын татвар төлнө гэдэг бараг худалч хүнд эмэгтэй гишүүнд хүүхдээ хөхүүлэхээс чухал, эрэгтэйд нь хүүхэн эргүүлэхээс чухал байсан үе. Нэг номерийн нэр төрийн хэрэг.

Иймээс 1990,1992 оны сонгуулийн үед л мөнгө төгрөг яригддаггүй байв. Ганц хоёр барааны саван тараасан хүнийг баллах алдаж байв.1996 онд Ардчилсан холбоо эвслээс сонгуульд нэр дэвших бол нэг сая төгрөг намдаа хандивлах хөдөлгөөн анх гарсан. Тэгээд зардал суудлаа бас өөрөө төлнө. Ингээд депутат болъё гэвэл мөнгө төл гэдэг зарчимын эхлэл тавигдсан.Тэр үед хүмүүс туйлын ядуу, ажил албатай нь 10000 хүрэхгүй төгрөгийн цалинтай байсан үе. УИХ-д дэвших эрх олно гэдэг жирийн хүний 10 жилийн цалинтай тэнцэнэ биз. Ингээд депутат болохын тулд 2-3 сая төгрөг үгүй хийнэ ээ дээ. Тэгээд ялалтын дараа тэр шатсан хүмүүс алба ажилд очиж л шархаа нөхөж таараа. Ингэж л нам гэдэг чухал болж ирсэн. Түүнээс өмнө дүүрэг, хотын депутатад дэвших хүн олддогүй шахам байсан даа. 2000 оноос хойш Н. Энхбаяр 10 сая төгрөг УИХ-ын гишүүдэд хувиарласан. Тэрүүгээр баахан хөгжим, өсгөгч энэ тэр авч депутатууд нь орон нутагтаа тараасан. Дараа нь АН-ын босго 50 сая болсон. Одоо хэд болсон юм байгаа юм. Тойрогт зарцуулах хөрөнгө тэрбумаар яригдана. Тэгэхдээ 76 тойрогт 76 тэрбум бол юу ч биш.Ирээдүйд хэд болох юм байгаа юм. Энэ маягаар явбал Монгол орон сонгуулийнхаа зардалд дампуурах болно. Тэгэхгүй бол ялагдах гээд байдаг. Тиймээс ялагдвал удирдагч болоод нам улс төрийн тавцангаас зайлуулагдах гээд байдаг.Ийм л схем явж ирсэн. Иймд зөв хууль, нарийн хяналтгүй бол сонгож байгаа, сонгогдож байгаа нь сонгуульдаа сөгдөх хэмжээнд ирээд байна.

60 тэрбум гэж нэг хэрэг мандаад хоёр жил болж байна. Ер нь бол манай бүх нам “сонгуулийн үеэр мөнгөн тусламж хүргэсэн хүнээ дарга цэрэг болгодог” бичигдээгүй хуультай. Сүүдрийн засгийн газар байгуулна л гэдэг тэр нь бас л нарийндаа чи тийм сайд болно гэвэл тэдэн төгрөг ол л гэсэн үг. Үнэндээ, ажил хэргийн төлөө, үзэл санааны төлөө тэмцэл бол мөнгөний мөнгө босгохын төлөөхь тэмцэлдээ аль эрт мулт цохиулсан шүү дээ. Удаж байна. Стартегич Доржзодов 2014 оны бичлэгийг 2016 онд яагаад шуугиулав.Хэрэв энэ үнэн бол цаад зорилгоо хэлээд өгч байгаа юм биш үү. Бүх намын удирдлагын хүрээнд нам санхүүжүүлэх түмэн хувилбар, санаа оноо явдаг. Үл бүтэх юм ч сонсож л байгаа.Үнэн зөв юм шиг мөртөө буруу юм сонсож л байгаа. Сонсох нэг тусдаа, ахуйн хүрээнд хэлцэх нэг тусдаа. Үйлдэл болгох, ажил хэрэг болгох, намын нөхдөөрөө хэлэлцүүлэх нэг тусдаа. Одоо Сандуйг албан тушаалаас нь авч хаялаа гэлээ гэхэд Сандуй буруутан биш. Буруутан биш хүнийг буруутгана гэдэг өнөө эрх зүйт төр хаана оршиж байгаа нь үл мэдэгдэнэ. Одоо тэгээд Доржзодовын ч байдаг юм уу, Ганбаатарын фантаазыг сонслоо гээд хүнийг ажлаас нь халах нь ээ дээ. Инээдэм, ханиадам.Сандуй 2012 онд хотын намын хороо орох оронгүй, олох хөрөнгөгүй, хоосон тал дээр ирээд ялалт авчирсан хүн мөн үү мөн. Тэгээд шал хамаагүй, түүхий юмаар шийтгэх. Сонгуулийн үед Доржзодовын яриаг үгүйсгээ л биз. Мартаа л биз. Намын эрх ашгийг нэгдүгээрт тавиа л биз. Доржзодовын бичлэгээс болж энэ том нам ялагдана гэдэг даана ч шүү дээ. Ямар ард түмэн байна тийм хаан байдаг гэдэг л болно.Монгол цөөхүүлээ. Сандуйг ч би эртнээс танина. Тэр бол хүмүүжилтэй гэр бүлд өсөж торнисон, боломжийн мэдлэг боловсролтой хүн. Бас нэг тохиолдол. Ц. Сандуй намайг Москва хотын эрчим хүчний дээд сургуулийн зургаадугаар курст сурч байхад нэгдүгээр курсийн оюутан болж манай сургуульд ирсэн юм. Манай сургууль 30 мянган оюутантай ч 30 хүрэхгүй монголчууд сурдаг учир курсын ялгаагүй бие биенээ мэддэг байлаа.Тэрбээр гадаадын оюутан сурдаггүй нарийн хувиар авчихсан тул хагас жил хэртэй сураад оросууд илрүүлсэн тул өөр сургуульд шилжсэн юм.Нэгэнт болдоггүй газрыг мэддэг болчихсон хүнийг юу гэж хуучин сургуульд нь сургахав өөр сургуульд цөлөхөөс яах вэ. Хэрэв эрт мдэгдэхгүй тэгээд явсан бол сургуульгүй ч болж хэлмэгдэх байсан биз.  Энэ бол манай тухайн үеийн Дээд, тусгай дунд боловсролын хорооны нэг хариуцлагагүй түшмэлийн алдаа л даа.Хувь оюутандаа хөгжилтэй гэхээсээ гунигтай юм болох дөхөөд мултарсан хэрэг. Гадаадын оюутан сурах нь бүү хэл орж болдоггүй факультет, тэнхимтэй сургууль байсан юм.Тэгж анх түүнийг таньдаг болсон. Монголчууд цөөхөөн цөөхөн.Ийм сонин учрал болж байв.

Өнөөдөр зурагт үзэхэд л юу хулгайлав, юу дээрэмдэв, хүн алав гэж үзүүлэх юм. Тэгснээ ямар аргаар хулгайлав, ямар аргаар дээрэмдэв, яаж алав гэдэг аргачилалыг нь үзүүлэх юм. Бүр нигүүлсэнгүй лам хүн ч төөрч эвдэрмээр...Бүхнийг ямар ч аргаар хамаагүй мөнгө босгохыг уриалж байна. Бодлоготой орнуудад соёл урлаг нь хүүхэд залуучууддаа бодлогоо хүргэдэг гэнэ лээ. Манай урлагийнхан хүртэл: “Урлаг улс төр, ёс суртахуунд үйлчлэх ёсгүй, хүн хүмүүжүүлэх албагүй” гэж хүртэл авч байх юм. Хүний сайн сайханд үйлчилж, ухамсрын гоо зүйд хүрэхгүй бол хэнд, юунд зориулсан урлаг байх вэ дээ. “Сэрэлт”,“Хонины найр”, “Хүргэн хүү” шиг атлаа орчин үеийн кино хийхгүй юм. “Говийн зэрэглээ”, “Өнөр бүл”, “Гарын таван хуруу” шиг өнөө цагийн кино хийхгүй юм.

Генри Форд: “Бүх ертөнц чиний эсрэг байсан ч онгоц салхи сөрж нисдэг гэдгийг сана” гэж хэлсэн гэдэг. Одоо Энхболд Та хангалттай доромжлууллаа, хардаж сэрдүүлээ, хорондоо бүрэн эрхийнхээ хүрээнд намын санхүүжилтийн асуудлыг боловсронгүй болгохын төлөө тэмцэж л салхи сөрөх болжээ. Аль ч намын санхүүжилт дампуу ярианаас лор дампуу юм байгаа гэдгийг Та мэднэ, бид ч мэднэ. Намын нөхөд юу ч болоогүй, юунд ч хүрээгүй бичлэгээс болж Монгол улсын багана болсон нэг том намыг хямраавал даана ч харамсалтай. Хүрэлсүх, Энхболд нар ишигний хоёр эвэр шиг бага залуугаасаа улс төрд явсан хоёр. Хүлээц ухаан гаргах болж дээ. Гөлгөө яалаа гэдэг шиг 1996-2000 онд дөрвийн дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзэж байж Ардчилсан холбоо эвсэл ганц ч депутатгүй болж байсан. 2012-2016 онд бас л Засаг хямарснаас ард түмэн дүн тавьсан даа. Ямар ч сайн хагарал ямар ч муу эвлэрэлийг гүйцэхгүй. Орчин цагийн шилдэг харилцаа бол цул байх. Эвээ олох, ойлголцох,консенсус.
 
Х.БҮРЭНТОГТОХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-25 14:56:51
    Та нар хүнээс илүү юу хийсэн хулгайч нар вэ энэ улс орноо бусад оронтой харьцуулаад хараарай 100 шахам төр баричихаад ганц олигтой хүнд үйлвэргүй доороо эргэлдс...
    150.129.140.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-25 11:16:07
    Газрыг иргэдэд, малыг малчдад, орон сууцыг эзэмшигчдэд АН-н санаачлагаар хэрэгжүүлсэн. МАХН-хан тэр үед их л эсэргүүцэж байсныг би лав тод санаж байна.
    66.181.186.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-25 07:39:16
    Ийм юм бичихэд хэдэн төгрөг авдаг юм бол Буг чөтгөрийг бурхан болгох гэж оролджээ. Одоо наад мэлгэр чинь хэнтэй хувилдаж, хэнээс тусламж хүсэхээр Хятад руу явав...
    66.181.179.75
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-25 07:00:04
    gazriin naimaachin geed l bugd haraagaad baih. tegsen atlaa ene huniig hotiin meer baih uyed ger horoolliihon bugd hashaanii gazraa unegui huvichilj avsan.
    202.131.233.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Больхүү 2017-08-25 05:15:33
    Энэ хаанахын Долингор вэ
    202.9.43.176
    Мэдэгдсэн Хариулах
  • ok 2017-08-25 04:28:25
    tiim shuu
    49.0.147.155
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-25 02:53:38
    Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар “МАНАН-г үүсгэн байгуулагч Н.Энхбаяр, түүний дараагийн С.Баяр, түүний дараагийн Сү.Батболд, түүний дараагийн Ц.Элбэгдо...
    66.181.187.77
    Мэдэгдсэн Хариулах