Үнэгүйдүүлсэн “Тавантолгой”-гоороо өр тэглэх З.Энхболдын үлгэр

Тавантолгойг санаанд оромгүй ашигтай ажиллуулаад, олсон мөнгөөрөө гурван сая иргэнийхээ өрийг тэглэнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ярих болов. Бүр гуравхан жилийн дотор монголчуудын 2.9 их наяд төгрөгийн зээлийг төлж, иргэдээ өрийн дарамтгүй амьдруулах тухай түүний яриа хүмүүсийн чихэн дээр сарнай болон дэлгэрэв.

Харин учир мэдэх хүмүүс “Ийм тооцоо хийх нь ч утгагүй” гээд чихэндээ ч ойртуулахыг хүссэнгүй. Бас Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэггүй, экскаватор, самосвал хоёр байхад ашигтай ажиллана гэдэг “алдарт” үгээ ч хэлж байна. Ерөөс факт, баримт, эдийн засгийн тооцоонд суурилсан бодит шийдлийн үнэр ч байхгүй, зөвхөн бусдыг буруутгаж, занаж зүхэж, популист амлалт өгсөн утга бүхий сүржин ярилцлага өгч, ард иргэдийг “уриалжээ”.Улс төрийн талаас бол эрх баригчдыг муухай харагдуулах гэсэн бохир тактик.

Тэгвэл З.Энхболд эрх мэдэлтэй, өндөр сэнтийд заларч байхдаа юу хийв? Түүнд УИХ-ын даргын өндөр суудал байсан. Мөн Ардчилсан намд ч засаг барьсан давуу эрх байв. Эрх мэдэлтэй байхдаа гацаасан ажлаа энгийн иргэн шахуу болсон энэ үедээ эргээд сэргээнэ гэнэ.

Спикер асан З.Энхболд Тавантолгойг ашигтай ажиллуулах нь бүү хэл тонн нүүрсийг 20-хон ам.доллараар гаргадаг сүлжээ үүсгэх нөхцөл бүрдүүлж байсныг мэдэх хүмүүс санаж буй.

Тавантолгойг жинхэнэ утгаар үнэгүйдүүлснээ мартаж, одоо гэнэт ард түмэндээ хайр зарлаж, Тавантолгойн хишиг хүртээдэг баатар болж жүжиглэх болсны учир юу вэ?

Өөрсдөө эрх барьж байхдаа Тавантолгойг ашигтай ажиллуулаад, өнөөдөр ч хий хоосон үг хэвээр байгаа 1,072 хувьцааг “амь” оруулж, иргэдэд ашиг хүртээх нь яасан юм бэ?!

Тавантолгойг улстөрчдийн ашиг хонжоо хардаг “түрийвч” болгож, өнөөдрийн дампуу байдал руу түлхсэн гол зохион байгуулагчид нь хэн бэ? Хариулт нь тун хялбар бас бүгд мэднэ. Тиймээс АН-ынхан гэж цоллохоосоо илүү тэдний хийсэн үйлдлийг, Тавантолгойг хэрхэн үнэгүйдүүлж, хорлосон баримтыг эргэн саная.
 

ТОГТМОЛ 70 АМ.ДОЛЛАРООР ТОХИРСОН ГЭРЭЭГ 23 ДОЛЛАР БОЛГОЖ, ТАВАНТОЛГОЙГ ШАХААНЫ ҮҮР УУРХАЙ БОЛГОСОН Н.АЛТАНХУЯГ

 
-2011 онд Чалкотой байгуулсан гэрээгээр тонн нүүрсийг зах зээлийн ханшаас үл хамааран тогтмол 70 ам.доллараар нийлүүлэх нөхцөлтэй байсныг Н.Алтанхуягийн Засгийн газар “пүү паа” хэмээн шүүмжилсэн. Тэгээд зогсохгүй 70 байсан үнэлгээг бүр 23 ам.доллар болгож, “сайжруулсан”. Энэ хэрээр Чалкод төлөх өр сунжирч, гарах гарцгүй сүлжээ болж хувирсан.
-Мөн хүргэн Г.Дэнзэнгээ Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн даргаар тавьж, Тавантолгойн тендерүүдийг будлиантуулж, их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр хэд хэдэн хүн “аавын хаалга” татсан. Одоо ч энэ хэргүүд дуусаагүй. АН-ын Б.Энэбиш Гүйцэтгэх захирал байхаас эхлээд Тавантолгойд хэрэггүй тоног төхөөрөмж, машин механизм шахдаг асар том сүлжээ үүссэн. Харин хэргийн эзэн Б.Энэбиш өөрөө гадагш зугтсан.



ТАВАНТОЛГОЙГ ХЯТАД ЧЕНЖҮҮДИЙН ҮҮР БОЛГОСОН З.ЭНХБОЛД


2014 онд Тавантолгойд хөрөнгө оруулалт татах олон улсын тендер зарлагдаж, Энержи Ресурс, Шэньхуа, Сумитомо компаниудын консорциум шалгарсан. Тэд нийт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Чалкогийн өрийг тэглэх, төмөр замын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж барих, урьдчилгаа төлбөрт 400 сая ам.доллар өгөх нөхцөлтэй гэрээ байгуулах гэж байв.

Харин энэ гэрээг 3. Энхболд УИХ-ын даргын сэнтийгээс “Гэрээг байгуулсан сайд нарыг огцруулна” гэж сүрдүүлэн зогсоож байсан. “Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэггүй, одоогийн нөхцөлөөрөө сайн ажиллаж байгаа” гэж хэлээд хөрөнгө оруулалтын гэрээг гацаасан. Гэтэл үүний араас хэдхэн сарын дараа буюу 2015 оны эхээр TTJVCO гэх 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг зүүн Цанхид ямар ч тендер, нөхцөлгүй чив чимээгүйхэн оруулчихсан. Тонн нүүрсээ 23 ам.доллараар зарах мөртлөө гэрээт гүйцэтгэгч TTJVCO-д тонн тутамд 56 ам.доллараар бодож хөлс олгох “алдарт” гэрээ энэ байв.

Ингэснээр Чалкогийн өрийн хажуугаар TTJVСО-гийн гэх шинэ өр хуримтлагдаж эхэлсэн байдаг. 23 ам.доллараар зарах нүүрсийг ам.56 доллараар олборлуулна гэдэг эрүүл саруул ухаантай хүн яаж ч бодоод ойлгохгүй нөхцөл. Энэ гэрээг зурж байхад З.Энхболд Их хурлын дарга, зуруулсан үеийн Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг, тулган шахалтад орж зурсан, зөвшөөрөл олгосон нь “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн. Тэд бүгд АН гэсэн “овогтой” хүмүүс.

З.Энхболд TTJVCO-r Тавантолгойд оруулсан нь цэвэр хувийн ашиг сонирхол байсан талаар тухайд үед хэвлэлээр шуугьж байсан. З.Энхболдтой холбоотой гэж хардагддаг “Хишиг арвин индустриал” компанийг TTJVCO компанитай хамтран гэрээт гүйцэтгэгч болгож, улмаар 56 ам.доллараар тооцож авсан үнэгүй нүүрсийг Хятадын нүүрсний ченжүүд өдөр шөнөгүй зөөх болжээ. Эрдэнэс Тавантолгойн өнөөдрийн шүдний өвчин болсон энэ гамшигт байдал ингэж л эхэлсэн. Өнөөдөр Тавантолгой хятад зуучлагчдын ашиг олох уурхай болчхоод байгаа нь чухамхүү эндээс үүдэлтэй.



ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН Х.БАТТУЛГА


Тавантолгойн орд Хятадтай хамгийн ойр стратегийн байрлалтай, Австрали, Индонезиэс ч өртөг зардал багатай үнээр нүүрсээ гарах бүрэн боломжтой. Гэвч олон улсад өрсөлдөх чадваргүй байгаа нь тээврийн дэд бүтэцгүй байдлаас 100 хувь хамааралтай. Үүнийг мэдсээр байж 2008 оноос хойш Тавантолгойн төмөр замыг бараг 10 жил гацаасан нь бас л АН-ын Х.Баттулга.

Монгол Улс нүүрсээ үнэд хүргэж чадахгүй, өнөөдөр тээврийн машинууд нь 160 км-т оочиртой зогсоо нь хэний гавьяа вэ? Өдөрт 1,000-аараа гардаг байсан тээврийн машинуудын 100 хүрэхгүй нь өнөөдөр хил давж байна. Ийм болгочхоод даапаалж байгаа мэт “Монгол нүүрсийг Иран, Энэтхэгт зарна, Орос руу гаргана” гэж яриад сууж байгаа. Хятад руу гаргадаг шигээ хүрздээд зөөх үү?!
 

ЭКСПОРТЫН ГОЛ ГАРЦАА ТҮГЖҮҮЛСЭН Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД НАРЫН ХОСЛОЛ

 

Түүхэнд байгаагүй “хар” гэж нэрлэгдсэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэрүүл, пиар хөрш орнуудын харилцаанд сэв суулгах хэмжээнд хүртэл даамжир-саныг хятадууд бидэнд сануулсан. Бүр Хятадын Элчин сайдын яамнаас албан бичиг илгээж байсныг тухайн үедээ яриад л өнгөрсөн. Харин үр дагавар нь одоо бас цаашид ч гарах бололтой. Учир нь Хятадын талаар таагүй үг унагадаг Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүн болсон.

Монголын нүүрсний гол гарц болох Ганц модны боомт үнэн, худал нь мэдэгдэхгүй шалтгаанаар Өмнийн говьд 160 км-ын түгжрэл үүсгэсэн. Монгол жолооч нар хууль бус зүйлс хилээр гаргасан хэмээн машин бүрийг 30-40 минут шалгаж, өдөрт 100 машиныг арай гэж хилээр нэвтрүүлж байгаа. Үнэн хэрэгтээ хэн гэдэг жолооч, юуг хилээр нэвтрүүлснийг хэлдэггүй, цаг хугацаа нөхцөөж, монголчуудыг хорлож буй мэт хил дээр гацаасаар байна. Магадгүй энэ хятадуудын дургүйцлээ илэрхийлж буй нэг хэлбэр биз.

Бас Эрээний хилээ хаах ч үг чих дэлсэнэ лээ. Хилээрээ боомилоод зогсохгүй хэрэгжих нь тодорхой байсан төсөл хөтөлбөрүүд ч зогсолтод орсон мэдээ байна.

Тухайлбал, гэр хорооллын барилгажилтад зориулж Хятадын Засгийн газраас 700 сая юанийн буцалтгүй тусламж, дэд бүтцийн шийдлүүдэд 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор байсан нь тодорхойгүй шалтгаанаар гацаанд орсон сурагтай. Бүр МАК зэрэг хувийн томоохон компаниудын урд хөрштэй хийсэн яриа хэлэлцээрүүд ч бүтэхгүй болоод эхэлсэн гэх.

Товчхондоо, энэ хоёр хүний балгаар Хятадтай эдийн засгийн харилцаа эрс муудаж, хүссэн хүсээгүй Хятадын хил хаагдахад ойрхон болчихлоо. Одоо тэгэхээр бодит шийдэл нь юу юм бэ?

Иран, Энэтхэг рүү нүүрс гаргаж төсвийн орлогоо бүрдүүлэх үү? Орос руу экспортолж, их доллар олоод, валютын ханшийг тогтоох уу?

Манай улсын эдийн засагт гялайж гялтайх ганц мэдээ нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Хамрагдах нэг хэрэг. Харин олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хандивлагч орнуудын өгсөн хөрөнгийг зөв зарцуулж, эдийн засгаа эмчлэх нь өөр асуудал. Ингэж чадаж байна уу гэдэгт бас л өөр хариулт гарна.

Он гармагц нэгдүгээр сард Чингис бондын эхний ээлжийн төлөлт 500 сая ам.доллар, хүүний 160 сая ам.долларын эргэн төлөлт зэргээр данс хоослох цөөнгүй өр төлбөр бий. Ийм цаг үед өөрсдийн гараар дампууруулж, үнэгүйдүүлсэн Тавантолгойгоор шоудаж, даапаалж, эдийн засгаа хорлож байгааг ойлгоход хэцүү. Магадгүй мөн л хувийн эрх ашиг хөндөгдөх биз.

Өнөөгийн Засгийн газар Тавантолгойг овойж оцойтол амжилтад хүргээгүй. Гэхдээ ядаж л 23 ам.доллароор үнэлэгдэж байсан нүүрсийг уур-хайн амнаас 70 орчим ам.доллараар зарж байгаа. Нөхцөл байдлыг арай дээрдүүлсэн гэсэн үг.

Нүүрсний экспорт богино хугацаанд хэд дахин өсөж, хасахтай байсан эдийн засаг хагас жилд 5.3 хувиар өсөхөд энэ бүхэн гол үүрэг гүйцэтгэсэн. Хадуурч байсан долларын ханш тогтворжиход ч нүүрсний экспорт хамгийн гол нөлөөг үзүүлсэн. Ерөөс сүүлийн үед эдийн засагт ассан багахан гэрэл гэгээ нүүрсний үнийн өсөлт, экспортоос шууд хамааралтай байлаа.

Гэтэл жаахан өндийсөн дээр нь дэвслээд авъя гэж байгаа мэт улс орныхоо эсрэг дахиад л хорлон сүйтгэх ажиллагаа яриад эхэллээ. Улстөрчдийн гараар орж, өрөвдөө баригдсан Таван толгойгоор монголчуудын өрийг тэглэх яриа үнэндээ үлгэр гэдгийг эдийн засаг гадарладаг, мэддэг хүмүүс түвэггүйнхэн хэлнэ. Үлгэр ярьж, улсаа хорлох биш үнэн бодит тооцоо судалгаа, алсыг харсан дорвитой алхмууд авч хэрэгжүүлэхгүй бол эдийн засагт ассан улаан гэрэл бүдгэрсэн болохоос арилаагүй гэдгийг сануулъя.

Зуун мэдээ
М.Баатар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • delger  2017-08-27 09:49:12
    Ogt undeclelgui ug heleegui baihaa. Eronhiilogch, Ard tumniihee oriig1 udaa tsaiyyljj , orgui bolgono gej amlacan. zaaval 3.Enh- boldiig buruutgaad baih.....
  • jenkod 2017-08-24 06:29:26
    AN iihan hugiin muu hulgaich luivarchid.. ungursun4 jil idej idejheed odoo bas tsadaagui yerunhiilugchiin suganii us bolchood dahiad l ideh gej zutgestgeej bna....
  • зочин  2017-08-24 06:28:20
    дандаа худал ярьж суудаг биз дээ одоо хэн үнэмших вэ харваас муухай царайтай
  • мгл 2017-08-24 04:47:41
    үе үеийн ЕТГ-ын дарга нар ерөнхийлөгчийнхөө өмнүүр орж дуугараад байдаггүйсэн дээ
  • иргэн 2017-08-24 04:28:30
    етгын дарга юмуу еренхийлегч юмуу наадах бэлтрэг чинь арай еерийгее еренхийлегч болчихсон гэж бодоод байгаа юм биш биз цагаан баярсайхан ийм байгаагуй дээ
  • mongol emee 2017-08-24 04:22:12
    Vlgert itgedeg ard tvmen mongolchuud bidnees oor baixgvitei adil vlger sain zoxiodog ni Battulga nar ym baina daa?
  • хэ 2017-08-24 04:11:31
    өнгөрсөн 4 жилд миний монгол 10 хар нүглийн замаар орсон энэ нь алтанхуяг сайханбилэг золжаргал портуна нар хариуцах учиртай
  • ? 2017-08-24 03:33:00
    Энэ мэт хорлон сүйтгэгчдийг хэзээ устгах юм бэ???
  • Балдан-Очир 2017-08-24 03:20:39
    Тийм биш ээ бид удахгүй өргүй болно. Ноогдол ашиг авна