Хонгилын систем л хэрэгтэй байна

Хүн төрөлхтөн олон зууны өмнөөс хот байгуулж, хөгжүүлсээр ирсэн билээ. Орчин үед дэлхийн томоохон хотууд хөгжлийн дээд цэг рүүгээ тэмүүлж, төлөвлөлт, цэцэглэлтээрээ уралдаж байна. Тэр дундаа газар доорх хотынхоо хөгжлийг гайхуулдаг болсон. Ерөөс хот хөгжинө гэдгийг газар доорх байгууламжаар нь хэмждэг ч гэдэг. Хонгилын систем, метро гэх мэт.

Гэтэл манай улс тэр хөгжлөөс аль хэдийнэ хаягдсан, хоцрогдсон байна. Улаанбаатар хотод хонгилын систем гэж байхгүй. Ерөөс эхнээсээ 500 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн хот учраас тэр юм гэнэ билээ. Гэвч өнөөх төлөвлөлтөө эрх мэдэлтэй, удирдах албан тушаалтай хүмүүс яг таг барьж чадаагүй.

Хэн дуртай нь Улаанбаатар хот руу тэмүүлсээр, өдгөө сая хол давсан хүнтэй болчихоод байна. Үүнээсээ болоод төлөвлөлт алдагдсан. Сүүлийн жилүүдэд ойр ойрхон шугам хоолойн засвар хийдэг ажилтай болсон. Угаасаа засахгүй гээд ч яах билээ. Олон жил болж, зэвэрч муудсан хоолойнуудыг засах л ёстой.

Гэхдээ засвар хийх болохоороо л явган хүний зам, засмалаа эвддэг, сүйтгэдэг. Бүр ухсан шороогоо тарьсан модон дээрээ асгаад, хүнийрхүү хандаад байгаа. Төрийн байгууллагуудад уялдаа холбоо гэхээр юм байхгүй. Ядаж л замаа засахаас өмнө шугам, хоолойгоо янзалдаг байвал ч яадаг юм. Албаныхан болохоор зам засварыг төлөвлөгөөний дагуу хийдэг. Шугам хоолой бол хэзээ ч хагарч, гэмтэж магадгүй.

Тиймээс замаа хуулахаас өөр яах билээ гэх маягийн тайлбар өгнө. Дараа нь зам засах хөрөнгийг яаж шийдэх талаар асуухаар “Зам ашигласны төлбөрөөс гаргаж болно шүү” дээ гэж байх шиг. Ингэж л татвар төлөгчдийн мөнгийг жил бүр үргүй зарцуулж, цацаж байна. Үргүй зарцуулах гээд хэлчихээр бас хэцүү л дээ. Тэртээ тэргүй засах л ёстой. Засах ёстой учраас зам эвдэхээс өөр сонголт байхгүй юм чинь.

Тиймээс одоо яаж ийж байгаад хонгилын системд л шилжих хэрэгтэй байна. Хөрөнгө мөнгийг гаднаас зээлнэ үү. Тусламж, дэмжлэг авна уу, хамаа алга. Ирээдүйд үрэх тэр их мөнгийг хэмнэх хэрэгтэй байна. Уг нь аль хэдийнэ л хонгилын системд шилжиж болох байсан. Манайд бас хонгилын систем байхгүй биш, байгаа.

Гэхдээ тэр нь хэдхэн метр. Хоёр, гурван жилийн өмнө 200-хан метр гэж байсан. Одоо нэмэгдэж байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Яахав, хонгилын систем маягтай болгоод л байгаа.  Ер нь хэдэн метр байх нь энд хамаагүй. Хонгилын систем хийж болно гэдгийг л харуулж байгаа биз дээ, энэ.

Гэтэл яагаад үе үеийн удирдлагууд, хотын дарга нар хонгилын системийг төдийлөн ойшоосонгүй вэ. Эсвэл шугам засах гээд эвдсэн замыг буцааж эвлүүлэхээр авч байгаа хөрөнгө мөнгөнд нь болоод байна уу. Тийм биш бол одоо Улаанбаатар хотыг хонгилын системтэй болгохын төлөө ажиллах цаг болсон юм биш үү. Манай эрх мэдэлтнүүд, гишүүд, Засгийн газрынхан хөрөнгө мөнгө босгож чадахгүй биш чадаад байгаа.

Түүгээрээ тодорхой хэмжээнд бүтээн байгуулалт ч хийсэн. Тэгвэл хонгилын системын бүтээн байгуулалтыг яаж ийж байгаад хийе л дээ, энэ чинь. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо ярьж, хэрүүл хийж, чи зам хууллаа, буцаагаад хэн засах вэ гэж байхын оронд зүтгээд л хонгилын системтэй болчихвол амар биз дээ. Хэрвээ хонгилын системтэй болохгүй бол шугам, хоолойн засвар цаашид ч үргэлжилсээр л байх болно. Угаасаа л хийх ёстой ажил. Тэр тоолондоо зам эвдэнэ, хуулна. Өөр яах юм бэ, ямар ч арга байхгүй шүү дээ.
 

Монголын мэдээ
Н.Болд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.