
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа. Улмаар ААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэвлэж эхэлсэн. Ингэснээр Монголчууд сар бүр азаа үзэх эрхтэй болсон юм. Гэхдээ хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хамгийн бага нь гэх 20 мянган төгрөгийг ч хожиж чадаагүй иргэн олон байна. Хэдийгээр азтан болж чадаагүй ч оны төгсгөл дэх буцаан олголт иргэдийг талархлыг хүлээсэн. Нэг үгээр азтан болоогүй ч баримт бүртгүүлснийхээ ашгийг хүртсэн гэсэн үг. Гэхдээ ихэнх ААН-үүд иргэдэд бараагаа НӨАТ-ын үнээ нэмж зардаг жишиг тогтсон. Хэрвээ баримт авахгүй бол арай бага үнээр худалдан авалт хийх боломжийг санал болгож байгаа газрууд ч олон бий. Гэвч ихэнхдээ НӨАТ-ын дүнгээ нэмж худалдаагаа хийдэг. Ихэнх иргэд үүнийг анзаардаггүй. Анзаарсан энэ талаар гомдол гаргаад гүйгээд байдаггүй монголчууд их “тайван” хүмүүс.
Харин орон даяар сар бүрийн гурав дахь Ням гарагт зохион байгуулдаг сугалаанаас азтан болчих гэсэн хүсэлдээ автан НӨАТ-ын баримтаа маш идэвх санаачилгатайгаар бүртгүүлдэг. Өчигдөр гэхэд 12665 азтан тодорчээ. Үүний 11 мянга гаруй нь 20 мянган төгрөг хожсон байх юм. Үнэхээр хүртээмжтэй байгаа биз.
Уг нь өнгөрсөн онд НӨАТ-ын буянаар НӨАТ-ын төлөвлөгөөг 100 гаруй хувьтай биелсэн. Бүр төлөвлөснөөсөө 70 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн гэж байгаа. Энэ бол шинэ хуулийн үр дүн. Татварын ерөнхий газраас иргэдээ азтан болгоно хэмээн чихэн дээр нь цэцэг ургуулж, баримтаа бүртгүүлэхийг уриалдаг.
Хамгийн сүүлд гэхэд татварын алба 2017 оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Тэд ийнхүү зорилгоо 100 давуулан биелүүлж, иргэдээ 20 мянган төгрөгөөр “хуурсаар” байна.
Оллоо.мн