Долоо хоногийн тойм
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг бол МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг тойрсон асуудал байв. Үүнээс үүдэн МАН-ынхан хэвлэлээр “дайтаж” эхлэв. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн лхагва гарагт боллоо. Хуралдаанаар АН-ын даргын танилцуулснаар 60 тэрбумын асуудалд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хариуцлага хүлээх эсэхийг авч хэлэлцсэн байна. Улмаар 60 тэрбумын бичлэгийг шүүхээс эвлүүлэг гэж шийдсэн учир Ц.Сандуйг огцруулах үндэслэлгүй байна гэж Удирдах зөвлөлийн гишүүд үзсэн байна. Үүний дараа МАН-ын нөлөө бүхий зарим гишүүн намынхаа удирдлагуудад хандаж Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн нь олны анхаарлыг татаад байна. Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН-ын Бага хурлыг ирэх сарын 20-нд хийхээр товложээ.
 
С.Ганбаатарт торгууль ногдуулж, нэр дэвшигчийн жагсаалтаас хаслаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан нь бичлэгээр ил болсон. Тухайн үед уг асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байсан юм. Тэгвэл  МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байна. Улмаар 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн юм.
Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоолоо

Засгийн газрын пүрэв гарагийн хуралдаанаар сүүлийн өдрүүдэд  нүүрс тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүчин чадлаар 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс энэ оны долдугаар сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлээд байна. Хэрвээ төлөвлөсөн 24.2 сая тонн нүүрсээ бүрэн экспортолно гэвэл үлдэж буй хугацаанд хоногт 1600-гаас доошгүй тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгүүлэх шаардлагатай. Гэвч сүүлийн үед нүүрсний тээвэрлэлтэд зарим хүндрэл үүсээд байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж даарах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
-Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гарч буй зөрчлийг бууруулах үүднээс орчин үеийн рентген аппаратаар тоноглохыг Сангийн сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт, 
-Нүүрсний экспорттой холбоотой БНХАУ-ын талд гарч байгаа саатлыг арилгах талаар тус улсын талтай  ярилцаж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд, Зам тээвэр хөгжлийн  сайд нарт,
-Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо.
“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам боллоо

Дэлхийн яруу найргийн өдрүүдийг манай улс анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байгаа юм. 

 “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам баасан гарагт эхэллээ. Энэхүү наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газруудад жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийд нэртэй, сая сая уншигчтай зохиолчид Монголын талаарх төсөөллөө бодит болгож, Монголын түүх соёл, байгаль орчин, ан амьтан, ард иргэдийн тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлэн, олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой юм.

Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, МУСГЗ Ү.Хүрэлбаатар “Дэлхийн томоохон хотуудын жишиг нь өөрийн яруу найргийн наадам, фестивалиа жил бүр нэг нэртэй яруу найрагчийнхаа нэрэмжит болгон явуулдаг. Энэ жишгээр бид анхны наадмаа Монголын хосгүй, сод яруу найрагч, Данзанравжаагийн тэгш ой тохиож байгааг тохиолдуулан Данзанравжаагийн нэрэмжит болголоо.” гэсэн юм.

 
П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.