
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд эхэлж, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн, Дэлгэрцогт сумын иргэд оролцож, санал хүсэлтээ илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн үеэр иргэд дээрх тусгасан нэмэлт, өөрчлөлт дээр нэмж аж амьдралд тулгамдаж байгаа саналуудыг голдуу хэлж байлаа. Тухайлбал, орон нутагт олон намын тогтолцоог ихэд шүүмжилж, Үндсэн хуульд тоог нь тодорхой оруулж өгөхийг онцолсон.
Сайнцагаан сумын иргэн М.Цогзолмаа “Миний хувьд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангасан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуульд орж байгаад талархалтай байна. Нийт төрийн албан хаагчид надтай санал нэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь шинээр нэмэгдэж байгаа заалтуудыг бүхэлд нь дэмжиж байна. Цаашид төрийн тогтвортой үйл ажиллагаа алдагдахгүй, мөн улс төрийн сонгуулийн дүнгээр төрийн албан хаагчдыг олноор нь халдаг байдал эцэслэх эхлэл тавигдаж байна гэж ойлгож байна” гэв.
Мөн Говь-Угтаал сумын иргэн Б.Доржсүмбэр хэлэхдээ “Үндсэн хуулийн өөрчлөлт бол нийгмийн дэвшил гэж хэлж болно. Амьдралын туршлагаас урган гарч байгаа нийгмийн захиалга ч гэж хэлж болно. Өнөөдөр нийгэмд шүүмжлэлтэй байгаа олон бодит асуудлуудад тулгуурлан Үндсэн хуулийн төслийг боловсруулсан байх. Оруулсан заалтуудад санал хэлмээр санагдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайдыг УИХ-аас томилоод, сайдуудыг Ерөнхий сайд өөрөө томилох заалт орж байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулахад УИХ-ын гишүүдийн ¼ -ийн санал авч, УИХ-аар хэлэлцүүлнэ гэж оруулсан байна. Энэ нь Засгийн газраа бэхжүүлэх гэж байгаа юм шиг боловч, нөгөө талдаа эмзэг болгочихож байгаа юм биш байгаа гэсэн бодолтой байна. Төсвийг УИХ зөвхөн ёсчлон батлах юм шиг харагдаж байна. Энэ нь бүхэл бүтэн улсын төсвийг 10 гаруй сайд л дур мэдэн батлахаар харагдаж байна. Дараагийн нэг заалт нь үндсэн чиг үүргийн яамны тоог нэмж байгаа нь зөв гэж бодож байна. Харин “давхар дээл”-ний хувьд “Үндсэн чиглэлийн яамны сайд давхар дээлтэй байж болно” гэж шууд тусгах саналтай байна” гэлээ.
Говь-Угтаал сумын иргэн Д.Амгалан хэлэхдээ “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг сонгох хугацаа ахархан байна. Дөрвөн жилийн хугацаа бол “Хэлд ороод хөлд орох” төдий л байна. Дараагийн нэг санал бол газар нутгийн хил заагийг Үндсэн хуульд тодорхой оруулмаар байна. Учир нь хятадууд газар нутагт шунах, эзэмших байдал хэрээс хэтэрлээ” гэх санал хэлсэн юм.
Хэлэлцүүлэгт нийт 150 гаруй иргэн оролцож, тэдний саналыг бүртгэж авлаа. Ингэснээр Дундговь аймагт зохион байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өндөрлөж, дараагийн хэлэлцүүлэг Говьсүмбэр аймгаас үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.