“Шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв”
УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн говийн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр Сайнцагаан суманд үргэлжиллээ. Хэлэлцүүлэгт Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын 200 гаруй иргэн, албан хаагч оролцов.

Хэлэлцүүлгийн хүрээнд иргэд хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлттэй танилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Мөн нэмж төсөлтэй холбоотой зарим зүйл заалтыг тодруулж байсан юм.

Тухайлбал, дордуулсан долоон заалтыг өөрчилсөн, зөв голдиролд оруулсан зүйл, заалт байгаа эсэхийг лавлаж, харин Засгийн газрын дотоод ажилд Ерөнхийлөгч оролцохгүй байх нь зөв хэмээн хэллээ.

Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Сайнцагаан сумын иргэн С.Сүхбаатар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд шүүх эрх мэдлийн хүрээнд шүүгчийн томилгоо чухал байгаа. Үүнд, Улсын Дээд шүүхийн шүүгчийг яаж томилох, бусад  шүүхийн шүүгчийг хэрхэн томилох талаар тусгасан байна. Орж ирж байгаа саналыг харахад шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байсныг тодорхой хэмжээнд УИХ оролцдог байхаар өөрчлөх гэж байна. Иргэн хүний хувьд шүүгчдийг иргэд сонгодог байх нь зөв гэж үздэг. Олон улсад ч ийм байдаг. Ер нь бол шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв гэж үзэж байгаа. Томилдог байдал нь танил талаараа томилгоо явуулах нөхцөл бүрддэг” гэсэн юм.

Орон нутагт нэлээд маргаантай байгаа нэг асуудал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай асуудал юм гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд тодотгож байсан. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж, цэгцлэхгүй бол ах дүү нар хүртэл отор, нүүдлээс болж маргах нөхцөл бүрдэж байгааг санууллаа.

Дэлгэрцогт сумын иргэн Г.Бөхчулуун “Анх Үндсэн хуулийг батлахад 192 дугаар тойргоос сонгогдож байсан. Үүнээс хойш 25 жил өнгөрчээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэсэн хоёр урсгал байх шиг байна. Миний хувьд зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах нь зөв гэж үздэг. Ялангуяа орон нутагт ажиллаж байхад хуулийн зарим заалтууд зөрчигдөх, нийцэхгүй байх асуудал амьдралд цөөнгүй байна. Тухайлбал, Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Цаашид УИХ-ын ирц, тогтолцооны асуудалд өөрчлөлт оруулахаар ард нийтээсээ санал авч байгаад талархалтай байна. Гэхдээ Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагагүй гэж боддог. Ялангуяа 1992 оны Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөө, ардчиллын талаархи асуудлыг маш сайн тусгасан. Тэгэхээр бүх зүйл заалтад халдахгүйгээр зөвхөн шүүх эрх мэдэл, хуулийн байгууллага, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг иргэдийн амьдралд нийцэхээр өөрчлөх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж байгаа багийн Засаг даргыг шууд томилох заалтыг зарим нь дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь иргэд төртэй ойр байх сонголтыг үгүйсгэж байгаа нь буруу хэмээн шүүмжилж байв. Гэхдээ багийн Засаг даргыг сонгохдоо боловсролын болон ажил байдлын туршлагын талаар босго тогтоохгүй байгаа нь маш буруу гэдгийг хэлж байсан юм.

Хэлэлцүүлгийн дараа иргэдийн саналын хуудсыг  хурааж авснаар хурал өндөрлөлөө. Хэлэлцүүлэг Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шүүгч 2017-08-15 15:25:56
    Шүүгч, прокурор ердөө мөнгөөр ажиллаж эрх мэдэлтэнд үйлчилдэг болсон Тэдний цалинг хэт их нэмсэний учир нь эрх мэдэлтнүүд өөрийнхөө булайг дарах гэсэндээ тэр юм...
  • өөр хийх юм алга уу 2017-08-15 08:59:58
    МАН намын ерөнхийлөгч гарч УИХ-д цөөнх болбол ерөнхийлөгч тоилох нь зөв гээд л дахиад засна гээд л засана даа ийм л зураг харагдаж байна өөр шаардлага алга
  • Зочин 2017-08-15 06:37:26
    Шүүгч нарыг сонгох нь зөв. Харин ч хараат байдлаас гарах учиртай. Монголд шүүгч нарыг сонгож байсан шүү дээ. Томилгоо бол намын хараат, албан тушаалтны хараат ш...