Монголын эдийн засгийг аварсан АНУ-ын Төв банк ба алдарт хар салхины түүх
Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал, банк санхүүгийн хямрал нь зөвхөн бизнес эрхлэгчид, улс төрчдийн хүрээний асуудал биш. Угтаа иргэн бүрийн өдөр тутмын амьдралд байдаг салшгүй ойлголтууд юм. Монголбанк буюу улсын төв банк нь арилжааны банкуудаар дамжуулан өөрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь бидний өдөр тутмын амьдрал дахь махны үнэ, ханшийн өсөлт, ажлын байр, авч болох зээлийн хэмжээ, нөхцөлд ч нөлөөлж байдаг. Банкны систем доголдож улсын хэмжээнд санхүүгийн хямралд өртөх нь эдийн засгийг тэр чигээр нь доройтуулах аюултай. Иймд улс орон бүрт банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой төв банк үйл ажиллагаа явуулж байдаг.        
Төв банк нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд (1) бодлогын хүүг тогтоох; (2) арилжааны банкуудад байвал зохих нөөцийн хэмжээг тодорхойлох; (3) нээлттэй зах зээл дээр үйл ажиллагаа явуулах гэсэн 3 хэрэгсэл ашигладаг. Энэ 3 хэрэгслийг арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлдэг тул арилжааны банкууд эрүүл, тогтвортой байх нь маш чухал юм. Энэ ч утгаараа төв банкны хувьд арилжааны банкуудын тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хүндрэлтэй үед банкны системийг аврах чухал үүрэг хариуцлагыг хүлээж байдаг.

Эдийн засаг, санхүүгийн салбарын хүндрэлтэй үед банкны системийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн хямралыг амжилттай даван туулсан жишээ бол АНУ-ын төв банк Холбооны нөөцийн сангийн 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн “TARP” (Хүндрэлтэй активын тусламжийн хөтөлбөр) хөтөлбөр юм. Хямралын үеэр буюу 2008-2009 онд нийт 165 банк, санхүүгийн байгууллага дампуурсан байна. Үүний дотор 158 жилийн түүхтэй “Lehman Brothers” ч багтаж байсан юм. Холбооны нөөцийн сангаас хэрэгжүүлсэн “TARP” хөтөлбөрөөр банкуудын муудсан зээлийг санхүүжүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах, банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын давуу эрхтэй хувьцаа, өрийн бичгүүдийг худалдан авсан. Хөтөлбөр үр дүнгээ өгч эдийн засгийн байдал тогтворжиж чадсан байна.

Тухайн үеийн дэлхийн санхүүгийн хямрал нь Монгол Улсын эдийн засагт ч мөн сөргөөр нөлөөлж 2009 оны эдийн засаг 1.3 хувийн уналттай гарч байсан. Ажилгүйдлийн түвшин өсч, дефляци бий болж, төгрөгийн үнэ цэнэ буурч иргэдийн худалдан авах чадвар унаж эдийн засгийн байдал муудаж эхлээд байсан. Эдийн засгийн байдал ийнхүү муудах болсон гол шалтгаан нь манай улсын гадаад худалдааны эмзэг байдалтай холбоотой байв. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 2008 оны 7 дугаар сард оргилдоо хүрээд байсан ч мөн оны эцэст 70 хувиар унаснаар гадаад худалдаа болон төлбөрийн тэнцлийг багагүй алдагдалд хүргэсэн юм.

Банкны салбарын хувьд 2009 оны 11-р сар гэхэд зээлийн чанаргүйдэл оны өмнө 3 хувьтай байсан бол жилийн дотор 17 хувьд хүрсэн. Улмаар банкуудын алдагдал өөрийн хөрөнгөтэй нь тэнцүү болж Хадгаламж болон Монгол шуудан банкууд нэгдэж, Зоос банк 100 хувь төрийн мэдэлд очиж, үндсэндээ банкны салбар уналтын ирмэгт ирсэн юм. Макро эдийн засаг ч, банкны салбартайгаа зэрэгцэн сүйрч байлаа.

Энэ үед Монголбанк төгрөгийн үнэ цэнийг хамгаалах бодлогыг сонгон хэрэгжүүлж байсан юм. Бодлогын хүүг 2009 оны 3 сард 9.75-аас 14 хувь болгон өсгөж, 2009 оны сүүлийн хагас жилээс 3 удаа буулгаж 10 хувь болгосон байна. Мөн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 2008 оны 3 сараас саарч эхэлсэн бөгөөд 2009 онд хасах түвшинд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл Монголбанкнаас төгрөгийн ханшийг тогтворжуулан төгрөгт итгэх итгэлийг сэргээх зорилгоор мөнгөний хатуу бодлогыг 2009 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн бөгөөд 2 дугаар хагасаас бодлогын хүүг бууруулах, мөнгөний нийлүүлэлтийг өсгөх, тэлэх бодлого руу шилжсэн байна. Мөн сангийн бодлогыг авч үзвэл Засгийн газар ОУВС-ийн Стандбай хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд төсвийн зардлыг бууруулах, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч байсан. Өөрөөр хэлбэл АНУ-ын TARP хөтөлбөр шиг банк, санхүүгийн салбарт дорвитой дэмжлэг үзүүлээгүй юм. Гэтэл Монгол Улсын Төв банкны буюу Монголбанкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахаас гадна санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангахыг үндсэн зорилт гэж заасан байдаг.

Эдийн засаг хумигдаж, санхүүгийн хямралын үе тохиолдоход мөнгө, санхүүгийн тэлэх бодлого хэрэгжүүлж эдийн засгаа дэмжих шаардлагатай байдаг. Гэвч иргэдийн амьжиргаанд төгрөг ханш тогтвортой байх нь ихээхэн чухал тул Монголбанкнаас төгрөгийн үнэ цэнийг хамгаалах бодлогын сонголт хийснийг буруутгах аргагүй юм.  Ийнхүү Монголбанкнаас мөнгөний хумих бодлого баримтлан эдийн засгийг идэвхжүүлэх, банкны салбарт дорвитой дэмжлэг үзүүлээгүй боловч хямралын байдлаас гарсан шалтгаан нь шууд гадаад эдийн засгийн нөлөө байсан юм. Нэг үгээр хэлбэл бидэнд аз таарсан байлаа.2009 оны 3 дугаар улирлаас эдийн засаг сэргэж эхэлсэн бөгөөд энэ нь дэлхийн эдийн засаг сайжирч, түүхий эдийн үнэ өсч, манай улсад уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих эхлэл тавигдаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлсэнтэй холбоотой. Мөн дэлхийн нүүрсний томоохон нийлүүлэгч Австрали улсад хар салхи дэгдэж уурхайнууд хаагдахад хүрсэн нь ч манай улсын эдийн засагт  томоохон боломжийг нээж өгсөн билээ. Манай улсын хувьд дан ганц Монголбанкны мөнгө, санхүүгийн тэлэх хумих, бодлого биш Дэлхийн эдийн засагт гарсан эерэг нөхцөл байдал нь эдийн засаг аврагдах гол хүчин зүйл болсон.

Эцэст нь хэлэхэд, эдийн засгийн хямралын үед эдийн засгаа хамгаалах хамгийн том хамгаалалт бол банкны системийн тогтвортой байдлыг хангаж, эрсдэлээс хамгаалах  явдал юм. Бид байнга азанд найдаж болохгүй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оллоо эзэнгүй тэнэг мэдээ тавихаа больж  2017-08-14 10:54:16
    Шал тэнэг мэдээ бичихээ боль л доо цагийн гарзтай юм уншчихлаа