Олон улсын эрдэмтэд тогтвортой хөгжлийн асуудлаар чуулж байна

“Хөрш орнуудын тогтвортой хөгжил, үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт 13 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд эхэллээ.

Тус хурал нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын жишээн дээр тогтвортой хөгжлийн үйл явц, нийгэм, соёл, боловсролын өөрчлөлтийн өнөөгийн байдал болон тогтвортой хөгжлийн цаашдын хандлага, нөлөөлж буй хүчин зүйлийн асуудлыг голлон авч үзэж, эрдэмтэн судлаачдын дунд судалгааны ажлын үр дүн, шинэ сонирхолтой мэдээ, мэдээлэл солилцох, хуралд оролцогчдын санаа бодлыг сонсож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн асуудлын гарц шийдлийг олох зорилготой.

Хурлыг нээж БСШУС-ын сайд, академич Г.Чулуунбаатар үг хэлсэн юм. Үүний дараа ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хуралд оролцогчдод амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав.

Тэрээр, “Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгээс санаачлан “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц”-ыг олон талаас нь судлан шинжлэхийг хичээсэн оролдлогын үр дүнд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаа тогтмолжиж, оролцогчдын хүрээ тэлж, гурван улсын эрдэмтэн, судлаачдын анхаарлын төвд хэдийнэ байр сууриа эзэлжээ. Мөнхийн хөрш гурван улсын тогтвортой хөгжлийн үйл явцыг өргөн хүрээнд хэлэлцэн шинжилж, шийвэрлэвэл зохих гарц, гаргалгааг санал болгож, дүгнэн хэлэлцдэгт энэ хурлын гол ач холбогдол оршиж байгаа билээ. Мөн эрдэмтэн, судлаачид харилцан мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, шинжлэх ухааны судалгааны арга зүйгээ дээшлүүлэх зэрэг таатай орчныг бүрдүүлж байна.

Гурван улсын нийгмийн шинжлэх ухааны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, эрдэмтэн, судлаачдын чадавхийг сайжруулахад энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохих хувь нэмрийг оруулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тус хуралд оролцох хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн эрдэмтэн, судлаачдын эгнээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаад Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд баяртай байна” хэмээжээ. 

Хуралд Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллага, Их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриадын Их сургууль, БНХАУ-ын Нефтийн Их сургуулийг төлөөлсөн судлаачид оролцож байгаа нь өмнөх хурлуудаас хамгийн олон оролцогчидтой хурал болж буйгаараа онцлогтой.

Хуралд “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц ба соёлын асуудал”; “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц ба нийгмийн хандлага”; “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: буддизм ба философийн асуудал, хандлага”; “Тогтвортой хөгжлийн үйл явц дахь хөрш орнуудын хүн амын шилжилт хөдөлгөөн ба нийгмийн төлөв хандлага” гэсэн үндсэн чиглэлээр хуралд оролцогч гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн судлаач илтгэл тавьж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 

Тус хурал маргааш өндөрлөнө.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.