Хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг тойрсон олон сонирхлын улс төр

Оюутолгойг мэдэхгүй монгол хүн үгүй. Харин Хармагтайн ордыг тэр бүр мэдэхгүй гэдэгтэй мөрийцсэн ч болох байх.

Хармагтайн орд гээч Оюутолгойгоос илүү гарна уу гэхээс дутахгүй ордын тухай мэдээллийг улстөрчид машид нууцалж явсаар өнөөг хүрэв.

Гэвч энэ тухай мэдээлэл ил болох цаг нь болсон бололтой. Учир нь хоёр дахь Оюутолгой хэмээн нэрлэгдэж буй Хармагтайн ордыг тойрсон улстөрчдийн ашиг сонирхол “дээл”-ндээ багтахаа больж байна. Хармагтайн орд нь Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг.

Оюутолгойгоос 120 км, Цагаан суваргын ордоос 170 км  зайтай оршдог. Өөрөөр хэлбэл, Хармагтай нь Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт, зэсийн бүсэд байдаг юм. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа.

ALS Group мэдээлэхдээ Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй орд Монголд нээгдлээ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтайд порфирийн төрлийн ордыг нээснээ зарласан юм. Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болох юм гэжээ. Мөн Монголын эрх баригчид энэ ордын талаарх мэдээллийг нууцалж байгаа нь хачирхалтай гэсэн байна.

Хамгийн гол нь Хармагтайн ордыг үлэмж бага өртгөөр олборлох боломжтой ажээ. Нэг метрийн өрөмдлөгийн өртөг 600 ам.доллар байхад “Занаду майнз” 100 ам.доллараар өрөмдлөгөө хийдэг.


 

Stockhouse.com-д “Занаду Майнз”-ийн захирал Эндрю Стюарт “...Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох алтны нөөц юм. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт, зэсийн ордод тооцогдож байна” гэж ярилаа хэмээн мэдээлжээ.

“Занаду Майнз” нь Хармагтайн ордод хайгуул хийх 30 жилийн хугацаатай лиценз авчээ. Гэхдээ энэ ордоо Австралийн хөрөнгө оруулалттай “Монгол металс” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Энэ компани нь Xanadu-ийн охин компани. Австралийн Хөрөнгийн биржийн мэдээллээр Xanadu mines компанийн 90 хувийг THR буюу Оюутолгойн хувь эзэмшигч  Turquoise Hill Resources эзэмшдэг болж таарч байгаа юм. Товчхон хэлэхэд энэ олон компанийн цаана Рио Тинто байна гэсэн үг.

Гэвч Рио Тинтогийн хувьд худалдаж авсан байлаа ч өөрийн нэрээр үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. Учир нь Оюутолгойн ордын Тогтвортой байдлын гэрээ нь монголчуудын дургүйцлийг хүргэсэн. Одоо Хармагтайн ордод ашиглалтын лиценз, улмаар Тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлага тулаад байгаа тухай ажиглагчид хэлж байна.

Ерөөс энэхүү Ашиглалтын лиценз болон Тогтвортой байдлын гэрээ л өнөөдөр Монголын эрх баригчдын дунд өрнөж буй үйл явдлын зангилаа байж мэдэхээр байна.

Монгол Улсын Засгийн газар түүхэндээ дөрвөн удаа томоохон Тогтвортой байдлын гэрээ байгуулж үзсэн. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээг байгуулж байв.Эхний гурвыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа үзэглэсэн. Оюутолгойн гэрээг 2009 онд Ерөнхий сайд С.Баяр байгуулсан.

Харин тав дахь буюу энэхүү Хармагтайн ордын Тогтвортой байдлын гэрээг одоогийн Засгийн газар  байгуулах тун сонирхолтой байгаа гэнэ. Бүр ирэх аравдугаар сарын эхээр энэ гэрээг үзэглэхээр төлөвлөөд байжээ.

Гэрээний урьдчилсан нөхцөлийг харвал Оюутолгойн гэрээний жишгээр Монголын Засгийн газар ордын 34 хувийг эзэмшинэ. Харин “Занаду Майнз” 51 хувийг эзэмшихээр тусгажээ. Эндээс 15 хувь нь хаашаа ч юм алга болчихоод байгаа. Энэ хаачсаныг Засгийн газар л мэднэ гэсэн үг.

Ер нь энэ Засгийн газар уул уурхайн ихээхэн ашиг сонирхолтой гэх тодотголтой. Хэд хэдэн үйл ажиллагаа яригддаг. Мөн зарим сайд нэр холбогдсон явдал ч бий.

Тиймээс тэд ямар ч үнээр хамаагүй энэ хэвээр байж Хармагтайн Тогтвортой байдлын гэрээг байгуулна гэж тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Энд тэндхийн нуур, далайн эрэг бараадан хийсэн уулзалтуудаараа МАН-ын дараагийн удирдлагад өөрийн хүнийг зүтгүүлнэ. Хүч тэнцэх, эсвэл байдал эвгүйтвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг МАН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр үлдээж галыг намдаах төлөвлөгөө боловсруулсан гэж байна.

Үнэнийг хэлэхэд энэ мэтээр МАН-ын улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тэд эвлэнэ гэдэг юу л бол гэж харагдаж байгаа юм. Уг нь бол эдийн засгийн ийм хүнд үед Засгийн газар Хармагтайн орд мэтийн шинэ тутам “саалийн үнээ”-гээ ёслол төгөлдөр зарлаж байх учиртай юм. Гэвч тэгсэнгүй. Тэгэхээр энэ мэдээлэл үнэний хувьтай гэсэн үг.

Юу гэвэл нөөц баялгаараа дэлхийг алмайруулсан Хармагтайн орд газар бидэнд байна. Энэ үнэн. Ийм нөөцтэй орд илрээд хэзээ мөдгүй Тогтвортой байдлын гэрээ байгуулж улс орны эдийн засагт эргэлт хийх гэж  байгаа гэж Засгийн газар өнөөг хүртэл зарлаагүй. Энэ бас л үнэн.

Тиймээс “...Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий. Тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй” гэж мэдэгддэг Ерөнхийлөгч үүнд анхаарлаа хандуулбал зохистой харагдаж буй.

Ингэхгүй гэвээс бүтэн найман жилийн турш Оюутолгойг шүлс гоожуулан харж суугаа монголчууд бидний өрөвдөлтэй хувь заяа давтагдах нь ээ.
 

Зууны мэдээ
Ч.Мөнх

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Даваа 2017-10-16 18:21:59
    Хувьцаа авч яадгийн. 10 аас 15 хувь роялти аваад л татвараа бурэн аваад л сууж байхгуй юу даа. Хувьцаа авмаар байгаа бол бирж дээр гарсан кны хувьцааг аваарай....
  • Ард 2017-08-14 04:07:18
    Энэ одоо юу вэ 51%-г Монгол улс, 49%-г ашиглах компани нь аваад дээрээс нь тэгээд мөнгөө гаргаад үйлдвэрээ, дэд бүтцээ өөрсдөө шийд, татвараа төл
    • Батый 2017-08-14 04:44:22
      Тэнэгт. Монгол Улс хаанаасаа тийм их мөнгө гаргах билээ. Улс /дээр нь шүлс нь гоожсон хэдэн нөхөд/ оролцож завааруулаад байгаагаас болж том төслүүд явахгүй, а...
      • энхээ 2017-10-16 12:04:41
        тэнэгээ бид ордоо гаргаж байгаа биздээ
      • Батый1 2017-08-14 04:46:15
        амьдрал улам хүндэрч байна. Энэ чигээрээ "эх оронч" дайснуудаасаа дальдраад байвал удахгүй дефолт зарлана. Жинхэнэ "алтан дээр суусан гуйлгачин" болно доо.
  • a 2017-08-14 03:40:39
    za odoo yostoi boliyo ta nar huvaaj idej bolson, mongoliin ard tumnii omchiig dahin suitguulehgyi shuu, dain bolno shuu
  • иргэн 2017-08-14 03:31:46
    Раднаасэд их зөв сонголт байна шүү.
  • !!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-08-14 02:59:19
    МУ-ын төр хувь эзэмших нь туйлын буруу!!! Татвар, рояльтигаа ахиухан тогтоогоод л тогтмол ашиг хүртээд сууж байх нь зөв!!!!!!!
    • Батый1 2017-08-14 04:50:18
      хөдөлгөөн хийлгэж, үймүүлдэг. Тэр нь тэжээвэр болж буй "ард түмэнд" нь таалагдаад, хамаг том төслүүдийг /улсаа хамтад нь/ нурааж дууслаа.
    • Батый 2017-08-14 04:48:39
      Яг зөв. Улсад авдаг /яг үнэндээ дарга нар хувь хүртэх гэж/ "эх оронч" царай гаргасаар цлсаа сүйрүүлж дуусах нь. Хэдэн "эх орончдод" жаахан угаадас өгөөд хөд...
  • !!!!!!!! 2017-08-14 02:55:47
    Уул уурхайн салбарын гэрээний олон улсын практик маш нарийн!! Манайх туршлагагүй!! Тиймээс энэ салбарт туршлагатай хуулийн фирм хөлслөх нь зүйтэй!!!