Орон сууцны зээл авсан хүнд үхэх эрх байхгүй
Таны харж буй энэ жагсаалтанд орон сууцны зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан хүмүүст тохиолдсон жишээг түүвэрлэжээ. Үнэхээр ч бидэнд хэзээ, юу тохиолдохыг хэн ч тааварлашгүй учраас мөнхийн ус уусан мэт аяглаж, эрх дураараа амьдрах эрхгүй мэт...
 
Нэхэмжилсэн дүн  Орж ирсэн нөхөн төлбөр Даатгалын тохиолдол
             68,998,933.00               14,300,000.00  Зүрх гэнэт хаагдсан /Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед зүрхний өвчин илрээгүй байсан/
             17,378,418.36               17,378,418.36  Элэгний хорт хавдар /Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/
             16,862,992.45               16,862,992.45  Бөөрний хурц дутагдал /Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/
             13,035,865.00               13,035,865.00  Гэнэтийн ослын улмаас тархин гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан
             41,515,563.00               41,515,563.00  Ходоодны хорт хавдар/Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/
             13,070,563.00               13,070,563.00  Цээж хэвлийн амьсгалын замын бүтэлт-Нас барсан
             14,428,380.00               14,428,380.00  Зам тээврийн ослоор нас барсан.
             67,436,942.24               53,949,553.00  Гэнэтийн осол-Вагонд дайруулж 2 хөлөө тайруулж хөдөлмөрийн чадвараа алдсан.
               4,285,144.00                 4,285,144.00  Ясны хорт хавдар /Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/-Нас барсан
             19,761,624.00               19,761,624.00  Бүдүүн гэдэсний хорт хавдар/Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/
             39,361,203.00               39,361,203.00  Тархины цус харвалт, чихрийн шижин/Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/
             26,282,975.31               26,282,975.00  Амьсгалын цочмог дутагдал өвчин/Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/
             51,267,815.00               51,267,815.00  Ходоодны хорт хавдар/Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/
             31,854,850.94               31,854,850.00  Элэгний хорт хавдар/Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/
             56,393,140.00               56,393,140.00  Элэгний хатуурал/Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/-Нас барсан
             45,974,625.00               45,120,471.72  Чихрийн шижин /Оношлогдоод 1 жилийн дотор буюу даатгал хийлгэж байх үед илрээгүй байсан/-Нас барсан
           163,858,474.33             163,858,474.33  Зам тээврийн осол-Нас барсан
             57,024,594.25             12,466,567.68  Үйлдвэрийн ослоор Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан.
             12,378,390.31               12,378,390.31  Орон нутгийн замд Автомашины ослоор нас барсан
             24,944,248.23               24,944,248.23  Орон нутгийн замд Автомашины ослоор нас барсан
             50,363,009.69               25,181,504.84  Үйлдвэрийн гэнэтийн ослын улмаас нас барсан
 
2017 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад нийт 89482 хүн, өрх айл орон сууцны зээл авчээ. Гэтэл орон сууцны зээл нь өндөр дүнтэй, урт хугацаанд буюу дунджаар 18-20 жил үргэлжилдэг.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол хүний дундаж наслалт 69 байна. Харин хувь хүний дундаж орлого 695,500, өрхийн орлого 945,118 байгаа учир нэг хүний орлого орон сууцны зээл авах шаардлагыг хангаж чаддаггүй. Тиймээс олонх тохиололд хамтран зээлдэгчтэй байдаг.  

Гэтэл орон сууцны зээл авсан үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэн нэг нь гэнэт өөд болоход үлдэж буй ар гэрийнхэн нь зээлээ төлж чадахгүйд хүрч орох орон, оочих аягагүй болсон тохиолдол олон.   

Үүнийг бичигч миний хувьд ч бусдын адил орон сууцны 8 хувийн зээлд хамрагдаад долоон жил өнгөрчээ. Зээл авсан эхний жилдээ хүчээр шахуу даатгалд хамрагдсанаас бус өдийг хүртэл  даатгал гэдэг зүйлийн талаар ор тас мартчихсан явснаа нуух юун.  Хэдийгээр би өөртөө муу зүйл зөгнөхийг хүсэхгүй байгаа ч хэрвээ надад гэнэтийн зүйл тохиолдвол эхнэр гурван хүүхэд маань хэрхэн амьдарч, юугаа идэж, юугаа өмсөж, хүүхдүүд маань ямар мөнгөөр боловсрол эзэмших вэ?... гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, зүрх эмтрэх шиг болов.  

Учир нь эхнэрийн маань цалин орон сууцны зээлээ төлчихөөд, амьжиргаагаа залгуулахад хаанаа ч хүрэхгүй юм. Тиймээс үхэх, өвдөх эрх надад байхгүй.

Гэтэл өвчин зовлон гэдэг хэлж ирэх бишдээ. Мандсан наран жаргадаг нь хорвоогийн жам билээ.

Тиймээс даатгалын ажилтнаас аминчлан тодруулснаа тантай хуваалцъя.

Орон сууцны зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгал хийлгэсэн хүн гэнэтийн тохиолдлоор амь насаа алдсан эсвэл хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд нөхөн олговор авдаг юм байна.

Та бидний харж буй энэ жагсаалтад зүрх нь гэнэт хаагдсан, элэгний хорт хавдар, бөөрний хурц дутагдал зэрэг өвчний улмаас өөд болсон эсвэл хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон хүмүүсийн тухай тэмдэглэжээ.

Эдгээр хүмүүс нь даатгал хийлгэж байх үедээ өөрт нь ийм гай зовлон тохиолдохыг огтхон ч төсөөлөөгүй нь лавтай. Учир нь даатгал хийлгэх үедээ ямар нэг өвчнөөр шаналж байсан, өвчтэй байснаа өөрөө мэдэж байсан бол даатгалын нөхөн олговор олгодоггүй. Харин мөнөөх ГЭНЭТИЙН гэдэг үг энд үйлчилж байгааг та анзаарсан байх аа.   

Орон сууцны зээлийг үндсэн зээлдэгчээс гадна хамтран зээлдэгчид олгодог шиг амь нас, гэнэтийн ослын даатгалын нөхөн олговрын асуудал ч хоёуланд нь хамаатай.

Хэн нэг нь гэнэт өөд болсон эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчийн хамгийн өндөр орлоготой нэгнийхээр нь тооцож нөхөн олговрыг олгодог байна. 

Тэгвэл үндсэн болон хамтран зээлдэгч тусдаа даатгалд хамрагдаж, мөнгө төлөх үү? Үгүй гэнэ. Зээл авсан хүмүүс нэг үнийн дүнгээр, нэг л  гэрээ байгуулдаг, зүйл заалт бүхэн нь ижил тэгш үйлчилдэг юм байна.

Өнөөдрийн байдлаар ихэнх зээлдэгчдэд дунджаар  60 сая гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэл бий. Хэрвээ танд яг одоо 60 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл бий  гэж үзвэл амь нас гэнэтийн ослын даатгалд та жилд ердөө л 72 мянган төгрөг төлөөд хамрагдах боломжтой.  

72 мянган төгрөгөөр даатгал хийлгэсэн иргэн Э гэнэтийн ослоор харамсалтайгаар нас барахад түүний 24,944,248.23 төгрөгийн орон сууцны зээлийг даатгалын компани төлжээ. Хүүдээ зориулж байр авсан иргэн С мөн л жилийн 72 мянган төгрөгөөр даатгал хийлгэжээ. Ходоодны хорт хавдар нь гэнэт илрэн хорвоог орхисон ч орон сууцны зээлийнх нь 51,267,815.00 төгрөгийн үлдэгдэлд даатгалын компани нөхөн төлбөр олгосон байна.   

Үүнээс харвал тэд үлдэж буй ар гэрийнхэндээ их буян хурааж дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм.  

Эцэст нь даатгалын ажилтны дахин дахин сануулсан нэг зүйлийг тодотгоё. Хэрвээ даатгуулагчид ямар нэгэн золгүй явдал тохиолдвол та нэн даруй даатгалын компанидаа мэдэгдээрэй. Учир нь 90-180 хоногийн хугацаанд нөхөн төлбөр авахад шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэх ёстой юм байна.

Хууль журамд заасан цаг хугацаанаас хожимдсон олон хүн нөхөн төлбөрөө авч чадалгүй үлдсэн харамсалтай түүхийг тэрээр өгүүлж байсан юм.

Үүнийг уншигч та ч бас магадгүй 8 хувийн зээлтэй байх. Тэгвэл та ар гэр, үр хүүхэддээ зовлон эсвэл буян хураах эсэхээ сайтар тунгаагаарай.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.