Ж.Батзандан: Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэх хуулийн төсөл боловсруулж байгаа

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал боллоо. Яам, тамгын газрууд ихэнх нь амралтын байдалтай байгаа энэ цаг үед АН-ын булгийн хурлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, төсвийн тодотгол хийх хэрэгтэй талаар ярилцжээ. АН-ын бүлгийн хурлын талаарх мэдээллийн үеэр АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандангаас дараах тодруулгыг авлаа.

 

-Бүлгийн хурлаар ямар ямар асуудал авч хэлэлцэв. Зуны cap зургаа биш ч бүх яам, тамгын газар нэлээн урт хугацаанд амралтын байдалтай байгаа. Энэ талаар ярилцав уу?

-УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлгийн хурал болж түрүүхэн өндөрлөлөө. Бүлгийн хурлаар яг л таны асуусан асуудлыг хөндөж ярилцлаа. Бид Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх, УИХ-ын ээлжит чуулганыг яаралтай зарлан хуралдуулж төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага байна гэж АН-ын бүлэг үзэж байна. Бүлгийн хурлаар үндсэн гурван асуудал дээр тогтож ярилцсан. Нэгдүгээрт хүүхдийн мөнгөний , асуудал.

Одоо мэдэгдэж байгаагаар 8, 9 сарын хүүхдийн мөнгө тасрах хандлагатай, эх үүсвэр нь тодорхойгүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг нөхөн олгоно” хэмээн амлалт өгсөн. Энэ нь 2012 оноос хойш АН-ын явуулж байгаа бодлоготой нийцэж байгаа тул бид дэмжиж, оны үлдсэн саруудад эх үүсвэр нь тодорхойгүй байгаа 80 тэрбум төгрөгийг төсөвт суулгахын тулд УИХ-ын чуулганыг яаралтай зарлан хуралдуулж төсөвт тодотгол хийх ёстой гэсэн байр суурин дээр нэгдлээ.

Одоогоор 600 мянга гаруй хүүхдэд өгч байгаа. Тэгвэл мөнгөө авч чадахгүй үлдсэн хүүхдүүдийг оруулаад Монголын сая гаруй хүүхдэд мөнгийг нь нөхөж олгох ёстой гэж АН-ын бүлэг үзэж байна.

Ер нь Монголын сая гаруй хүүхдэд мөнгийг нь өгөхийн тулд 240 тэрбум төгрөг шаардлагатай байсан юм. Түүнээс 161 тэрбум нь төсөвт суусан. Харин үлдсэн 80 тэрбумын асуудлыг яаралтай шийдэх ёстой болоод байгаа.

-Өөр ямар асуудал ярилцав?

-Монголчууд "Наадмын дараа намар" гэж ярьдаг. Өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар Засгийн газрын тодорхой сайд нарыг дуудаж хөдөө аж ахуй, сургууль, цэцэрлэгийн бэлтгэл, хот суурин газруудын цахилгаан, дулааны асуудал, малчдын өвлийн бэлтгэл гээд олон асуудлаар тодорхой тайлбар сонсох шаардлагатай гэж үзлээ.

Маргаашнаас /Өнөөдөр/ эхлээд Ан-ын бүлэг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар нарыг дуудаж яам тус бүрийн өвлийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож цаашид хийх ажлын талаар ярилцана.

Одоо аль ч яам, тамгын газар очсон ажил хийж буй хүн тун цөөхөн, амралтын байдалтай л байгаа. Гэтэл энэ зуны ган гачгийг залгаад өвөл хүндхэн болох дохиог ус цаг уурын байгууллагууд өгсөөр байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайд энэ жилийн ургацын 40 хувийг алдах талаар Ерөнхийлөгчид мэдээлж байсан.

Энэ хэмжээний ургац алдах юм бол гурилын хэрэгцээгээ хэрхэн хангах юм. Хэнтий, Сүхбаатар, Дорнод гээд зүүн гуравхан аймаг гайгүй зуншлагатай байгаа. Тэндээс өвс хадлангаа аваад, аваад хадлан тэжээл хаанаа ч хүрэхгүй. Энэ талаар одоогоос ОХУ-тай ярилцаж, улаан буудай үнэд орчихоос нь өмнө хэлэлцэн тохиролцох, магадгүй ОХУ-ын зарим нутгаас хадлан тэжээлээ базаах гээд олон ажил хүлээгдэж байна. Энэ бүхнийг УИХ-аар яаралтай хэлэлцэж Засгийн газарт үүрэг чиглэл өгөх шаардлагатай.

-Эрх баригч МАН-ын зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнгөрсөн сарын 31-нээс орон даяар Зөвлөлдөх уулзалт хийж эхлээд байгаа. Энэ талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Бүлгийн хурлаар хэлэлцсэн гурав дахь асуудал бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх асуудал байсан. УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бодлогын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэд, хэдэн тодорхойгүй зүйл байгааг ярилцлаа. МАН-ын зүгээс оруулж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх төсөлд АН-ын бүлгийн байр суурьтай зөрчилдөж байгаа хэд хэдэн зүйл заалт байгаа.

Тухайлбал Төрийн хяналтын хороо байгуулна гэж байгаа нь социализмын үед байсан Ардын хянан шалгах хороог эргүүлэн байгуулахыг санаархсан үйлдэл гэж үзэж байна. Ард түмнийг дарамталдаг, айлгадаг коммунист маягийн Ардын хянан шалгах хороо байгуулах асуудлыг бид дэмжихгүй.

Төрийн хяналтын хороог ямар зорилгоор, ямар статусаар байгуулахыг маш тодорхой болгох ёстой. АН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулга явуулж, бүх ард түмнээсээ асууж байж “Эцэг хууль”-д rap хүрэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Түүнээс бус Зөвлөлдөх уулзалт нэрийн дор хэдэн аймгаар явж, хэдэн дарга мяндагтнуудыг суулгаж тэдний саналыг авах замаар Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол яагаад ч зөвшөөрөхгүй. Түүнээс гадна хамгийн ноцтой нь сонгуулийн ялагдлын маргаашаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, хууль санаачлах эрхгүй болгох талаар МАН-ынхан бүх шатанд шуугьж эхэлсэн.

Хэрвээ Үндсэн хуульд яаравчлан өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах талаар хуйвалдааны шинжтэй үйл ажиллагаа явуулбал АН-ын бүлэг яагаад ч эвлэрэхгүй.  Ерөнхийлөгчийн хууль санаачлах  эрхийг хязгаарлах замаар ард түмнийхээ төлөө хийхээр зориглосон шинэчлэлийн бодлогыг хумих, бүр таслан зогсоохоор оролдвол ард түмэнтэйгээ хамт эрх баригчидтай тэмцэх болно.

АН-ын бүлэг хамгийн их улстөрждөг болсон сумын Засаг дарга нарыг шууд ард түмнээс сонгодог болох ёстой гэж үзэж байна. Харин энэ чухал асуудал Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй байгааг эрх баригчдад хэлж сануулж, шаардлага тавих гээд олон асуудал байгаа. Тийм ч учраас АН-ын бүлгийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар бие даасан төсөл боловсруулах, ард нийтийн саналыг төсөлдөө бүрэн тусгах зайлшгүй шаардлагатай талаар ярилцсан. Бид энэ асуудлыг цааш нь гүнзгийрүүлэн судлах болно.

-Монголын бүх хүүхдэд мөнгийг нь өгөхийн тулд 80 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой гэж байна. Гэтэл Засгийн газрын зарим гишүүн өөрсдийн мэдлийн компаниудтай концессын гэрээ байгуулж 744 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ явуулах эрх олгосон гэгдэж байгаа. Энэ талаар АН-ын бүлгийн байр суурийг сонирхож байна?

-УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс тодорхой шаардлага тавьж эсэргүүцэл үзүүлсний үр дүнд энэ асуудлыг гацаанд оруулсан гэж үзэж байгаа. Хэдийгээр Ерөнхий сайдтайгаа нийлээд өөр өөрсдийн компанид давуу эрх олгож 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй концессын гэрээ байгуулахаар төлөвлөгдөөд байсан нь ямар ч гэсэн нэг удаадаа түдгэлзүүлсэн байгаа, Гэхдээ бид хараа хяналтаа сайжруулж эрх баригчдын энэ мэт бусармаг үйлдлийг цаг тухайд нь таслан зогсоох ёстой.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад хэрэгжих хугацааг нь 2021 оноос гэж яригдаж байгаа юм билээ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр үндсэн арга зам байдаг. Эхнийх нь УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналаар нэмэлт өөрчлөлт оруулж болдог. Дараагийнх нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн дагуу ард нийтийн санал асуулгаар өөрчлөлт оруулдаг. Одоо зарим хүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл аль хэдийнээ боловсруулагдчихсан гэж яриад байгаа.

Харин хаана, хэн, хэзээ боловсруулчихсаныг нь бид мэдэхгүй байна. УИХ дахь нэг нам хүч түрж хуулийн төсөл гээчийг боловсруулчхаад түүнийг тулгах замаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж яагаад ч болохгүй. МАН-ын зарим тулхтай, мэдлэгтэй хуульчид “Энэ бэлдээд байгаа төсөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний бядтай, он цагийн шалгуур давах төсөл болж чадсангүй” гэдгийг шулуухан мэдэгдэж байгаа.

Зүгээр л эрэг шургийг нь чангалсан болсон, зарим эрх мэдлийг нөгөөд нь нялзаасан шинжтэй төсөл яваад байна гэдгийг хэлж байна. Төсөл дээр байгаа он cap хугацааны тухай асуудлыг УИХ-ын хэлэлцүүлгийн явцад эрх баригчид яаж л бол яаж дураараа өөрчлөх боломжтой байгаа учир эд ийм их зориглон яарч гүйлдээд байна. Яг 2021 гээд хуульчилсан юм өнөөдөр байхгүй. Тийм учраас л нийгмийн маш өргөн зөвшилцлийг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Орон нутагт явж байгаа Зөвшилцөх уулзалт нэртэй жүжгийг яаралтай зогсоох шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байгаа. Орон нутгийн Засаг даргын Тамгын газрын хэдэн хүн суучхаад магадгүй дайлуулж цайлуулаад, бэлэг сэлт аваад тэрүүхэн тэндээ энэ чухал асуудлыг ярилцан шийдэх гэж байгаа бол бид яагаад ч зөвшөөрөхгүй.

-Ерөнхийлөгч.Баттулгын иргэдийнхээ бүх төрлийн зээлийг нэг удаа төр хариуцан барагдуулж болох талаарх яриа ажил хэрэг болох боломжтой юу. УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн зүгээс “Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт энэ талаар ганц ч үг үсэг байхгүй” гэж байсан. Хэрвээ тийм бол ард иргэд энэ талаар тэгтлээ найдаад хэрэггүй гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэх хуулийн төсөл боловсруулж байна. Иргэдийн цалингийн, оюутны болон тэтгэврийн зээлийн нийт хэмжээ 5 орчим их наяд төгрөгт хүрсэн. Хаанаас, ямар эх үүсвэрээр эдгээр зээлийг эргүүлэн төлж, иргэдийг зээлээс чөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан баг энэ асуудлыг судлан, шийдэл гарган танилцуулах үүрэг хүлээгээд ажиллаж байгаа. Гэхдээ зээлээс чөлөөлөх нь хурдан хугацаанд хийх ажил биш, 4-5 жил шаардлагатай. Хуулийн төсөлд 2020 оноос эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Гэсэн ч УИХ батлахдаа дээрх огноог хүссэнээрээ өөрчлөх боломжтой гэж АН-ын бүлэг үзэж байгаа.


Өглөөний сонин
Д.Энхтүвшин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Burmaa 2017-08-09 10:39:31
    4jil dotroo toloj baiwal sain l bna
  • зочин 2017-08-09 06:50:50
    2020 онд хэрэгжхээр хуулийн төсөл гэнэ үү Энэ сонгуулиар хуурчихаад 2021 онд дахиад хуурах санаатай. Эд үнэн хуурч ханахгүй сонгогчид нь хуурагдаж ханахгүй
  • зочин 2017-08-09 05:12:42
    галзуу солиот батзандан одоо естой солиорчдээ зээлийг хуулиар хаана гэж юу байхав худлаа хууль санаачилсан болоод ман баталсангуй гээд уснаас хуурай гарах гэж б...
  • ЗОчин 2017-08-09 04:29:40
    ЭР ХҮН ХЭЛСЭНДЭЭ ХҮРЭХ ЁСТОЙ. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ГАДНЫ ХУЛГАЙЧТАЙ НАРТАЙ НИЙЛЭЭД ЦӨЛМӨӨД ИДДЭГ МӨНГИЙГ АРД ТҮМЭНД НЬ ЗОРИУЛАХАД БУРУУ ЮМ БАЙХГҮЙ.
  •  2017-08-09 03:49:38
    галзуур
  • Иргэн 2017-08-09 02:15:49
    Төр мөнгийг хэн төлөх вэ? бидний татварын мөнгөөр, бидний хувьцааны ногдол ашгийн мөнгөөр үү? Хувь хү зээл авдаг, тэрийг зээлгүй хүмүүсийн мөнгөөр дардаг болох?...
  • ГАЛЗУУ ПОПУЛИЗМ!!! 2017-08-09 02:14:27
    Зээлийг тэглэнэ гэдэг бол хэтэрсэн популист алхам шүү!!! Шургаж унатлаа хөдөлмөрлөж олсноосоо татвар төлдөг нэг хэсэг нь зээлтэй нөхдийн өрийг дарах юм уу?
  • зочин 2017-08-09 02:06:23
    АН ХҮҮХЭДҮҮДЭД шилний цаанаас чихэр долоолгож байнаа нь энэдээ
  • зочин 2017-08-09 02:05:21
    Баттулга, АН-ынхан гэж шоучингууд боломжгүйг мэдсээр байж хууль санаачилсан ,,, гэсэн маягаар ард түмнийг хуурах нь, эдийн засаг бүүр унагаах зорилготой