“Автомашингүй гудамж” төслийн танилцуулга

Монголын Барилгын Үндэсний  Ассоциацийн зүгээс Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжих “Автомашингүй гудамж” төслийн албан ёсны тайлбарыг хүргүүлж байна.

“Автомашингүй гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэх санаачлагыг анх 2016 оны НИТХ-ын төлөөлөгчид болон тэргүүлэгчид гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/501 тоот “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар олгогдсон. 

“Автомашингүй гудамж төсөл” нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжих бөгөөд уг төсөл нь хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Төслийг хэрэгжүүлснээр тус гудамж нь автомашины түгжрэлгүй, оршин суугчдын тав тухыг болон иргэд, жуулчдын амгалан тайван зорчих нөхцлийг хангасан, олон улсын жишигт нийцсэн орчин үеийн шийдэлтэй газрын тэг тэнхлэгээс доошхи түвшинд буюу газар доорх олон нийтийн соёл, амралт, үйлчилгээ, худалдааны цогцолбор болох зориулалттай барилга байгууламж юм.




Энэхүү төслийг нийслэлийн зүгээс санхүүжүүлэх боломжгүй байсан тул хувийн хэвшлийхэнд хандсанаар төсөл болон тохижилтын санхүүжилтийг Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гишүүн компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс ба нийслэлийн төсвийн хөрөнгөөс нэг ч мөнгө гаргалгүйгээр 100% өөрсдийн хөрөнгийг гарган санхүүжүүлэн богино хугацаанд чанартай гүйцэтгэхээр болсон байна. 
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, барилга угсралт, тохижилт, интерьер дизайн, зураг төсөл зэрэг барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой идэвхитэй явуулж буй мэргэжлийн 150 гаруй гишүүн компаниудыг нэгтгэсэн, Монгол Улсын хэмжээнд нийт бүтээн байгуулалтын 70-80%-ийг гүйцэтгэн хэрэгжүүлдэг барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага юм.
 
Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Удирдах зөвлөл, гишүүд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачилсан “Автомашингүй гудамж төсөл”-ийн саналыг дэмжин энэхүү төслийг хэрэгжүүлэн тухайн хэсгийн оршин суугчид, үйлчилгээний байгууллагууд, цаашилбал одоо байгаа тохижилтыг улам сайжруулан нийслэл хотод дараах ач холбогдолтой бүтээн байгуулалтыг бий болгох шийдвэрийг гаргав. Үүнд:
 

  • Улаанбаатар хотын төвд орчин үеийн тохижилт бүхий үлгэр жишээ, гадаад дотоодын жуулчдыг татсан газартай болгох
  • Явган зорчигчид эрсдэлгүй зам хөндлөн гарах нөхцлийг бүрдүүлэх
  • Төв замын автомашины түгжрэлийг багасгах
  • Төсөл бүрэн хэрэгжсэнээр иргэд, залуучууд, жуулчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх очих дуртай гудамж бий болж ойр орчмын үйлчилгээний газруудын ашиг орлогыг нэмэгдүүлэх, орчин тойрны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх боломжийг бүрдүүлэх
  • Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг тал талын ач холбогдолтой болно.
 

 
“Автомашингүй гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн зураг, техникийн нөхцөл, ажил эхлүүлэх зөвшөөрөл зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг 1 жилийн хугацаанд хууль ёсны дагуу бүрдүүлсэн болно.

Энэхүү төслийн эхний хэсэг нь 3 сарын хугацаанд хийгдэх бөгөөд тус гудамжинд байрлах “Битлз”-ын хөшөөг буцаан талбайд байршуулахаас гадна хуучин усан оргилуурыг шинэчлэн дууны ая, олон өнгөөр цацардаг болгох, хуучин мод бут сөөгийг буцаан суулгаж, гацуур, нарс, монос, голт бор зэрэг Монголын нөхцөлд тохирсон 10-н төрлийн мод, бут сөөгийг нэмж тарин ногоон байгууламжийг 3-5 дахин нэмэгдүүлнэ.

Нийслэл хотдоо өөрсдийн хувь нэмрийг оруулж, бүтээн байгуулалтад гар бие оролцох, төслийг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үргэлжлүүлэн дэмжиж 2017 оны 08 дугаар сарын 02-ны билэгт сайн өдөр энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.



 
Бид иргэд оршин суугчдыг энэхүү бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаа гэж бодохгүй байна. Мэдээлэл дутмаг байгаагаас болж буруу ойлголттой байгаа учир ийнхүү албан ёсны дэлгэрэнгүй тайлбарыг Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн зүгээс өгч байна.

Иймд та бүхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгатай энэхүү төслийг дэмжиж, тайван хүлээцтэй хандахыг хүсэж байна. Мөн төсөл бүрэн хэрэгжиж дуусах үед иргэд та бүхнийг хүрэлцэн ирж уг бүтээн байгуулалттай танилцахыг урьж байна.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь энэ газар дээр орон сууц барьж иргэд та бүхнийг хуурах өчүүхэн ч бодол байхгүй бөгөөд манай байгууллагын нийт гишүүдийн зүгээс Нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаад бид бүхэн баяртай байна. 


МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

Бусдад түгээх
  • gplus