Путины гэнэтийн амралт буюу тогтсон уламжлал

-Тэрбээр цээж нүцгэн зургаараа эрч хүч дүүрэн улстөрч гэдгээ харуулахыг зорьсон гэж барууны хэвлэлүүд тэмдэглэж байна-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Тувад амарч буй зургууд гадаадын хэвлэл мэдээллийнхний анхааралд өртжээ. Барууны хэвлэлүүд Оросын төрийн тэргүүний бие, галбир сайхан байгааг цохон тэмдэглэснээс гадна түүний адал явдалд хэрхэн дурладгийг нь дурджээ. Зарим сэтгүүлчид түүнийг ийм зургуудаараа оросууддаа эрч хүч дүүрэн байгаагаа харуулдаг “уламжлал”-тай гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх уулзалт болсон Благовещенск орох замдаа Тувад хоёр хоног буудалласан билээ. Энэ хугацаандаа Оросын тэргүүн чөлөө заваа ашиглан загасчилж, усанд шумбан ан хийсэн байна.



Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Наймдугаар сарын 1-3-нд Путин Благовещенск явах замдаа Өмнөд Сибирь буюу Тувад хоёр өдөр саатсан. Энэ хугацаандаа хүн очиход хэцүү тайгад ирж, уулын нуурын хүрхрээнд загасчилж, усанд шумбан ан хийж, наранд биеэ ээж, уулын голд сэлж, моторт завиар зугаалж, явган аялсан” гэжээ. Оросын Ерөнхийлөгч том цурхай загас барьжээ. Песковын хэлснээр Путин хоёр цаг хөөцөлдсөний эцэст загас барьсан гэнэ. Оросын Ерөнхийлөгчийн аялалд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Хакасын Бүгд Найрамдах улсын тэргүүн Виктор Зимин, Тувагийн Бүгд Найрамдах улсын тэргүүн Шолбан Кара-оол нар дагалдан явсан байна.



Оросын тэргүүний амралтын гэрэл зураг, бичлэгүүдийг гадаадын хэвлэлүүд анхааралтай ажиглаж буй нь илт байна. Тэгээд ч Путины цээж нүцгэн зургууд барууны хэвлэл болон олон нийтийн сүлжээнд томоохон дуулиан дэгдээдэг уламжлал хэдийнэ тогтжээ.

Тухайлбал, Германы Bild хэвлэлд Путиныг цээж нүцгэн зургаа авахуулаад заншсан тухай өгүүлсэн байна.

“Путины гэдэс, гарын булчин ялгараад өнгөрсөн жилүүдийн адил бие хаа нь сайхан байна” хэмээн тэмдэглэжээ. Тус сонины мэдээлснээр Путин амарч буй ийм зургуудаа дэлгэдэг нь санамсаргүй тохиолдол биш гэнэ. Тэрбээр эдгээр зургаараа дамжуулан бие хаагаа сайхан байгааг харуулаад зогсохгүй улс төрийн эрх мэдэл, эрч хүч дүүрэн байгааг үзүүлэхийг зорьдог гэжээ.



Харин “Ройтерс” агентлаг “өдгөө 64 настай Путин өөрийгөө эрүүл чийрэг эр хүн гэдгээ харуулах пиар алхмаараа алдартай нэгэн. Энэ нь түүний рейтингийг асар ихээр өсгөдөг” гэж мэдээлсэн байна.

Тэгвэл “Daily Mail” Владимир Путиныг зөвхөн амрахын тулд хоёр хоногийнхоо бүх ажлыг хойшлуулаагүй гэжээ. “Тэр улс орондоо өөрийгөө эрүүл, хүчтэй, эрч хүчээр дүүрэн гэдгээ үзүүлсэн” хэмээсэн байна. Үүгээрээ Оросын Ерөнхийлөгч иргэддээ гадаадад бус, улс орондоо амарч зугаалахыг уриалсан гэж Британийн сониныхон үзэж байна.

Үүнээс гадна “ABC News” сувгийнхан сайтаараа дамжуулан Оросын төрийн тэргүүнийг “адал явдалд дуртай эрч хүчтэй хүн” гэж нэрлэжээ. Энэ санааг “Newsweek” хэвлэл ч дэмжиж, иймэрхүү зургийг “жил бүрийн уламжлал” болсон гэжээ.

Владимир Путины хувьд усанд шумбах, сэлэх, загасчлах хоббитойгоос гадна тулааны урлаг эзэмшсэн, хоккей сайн тоглодог. Тиймээс ч ийм амралтаараа Путин “урьдын адил хүчтэй удирдагч хэвээрээ байгаа” гэдгийг оросууддаа харуулахыг зорьсон гэж “The Sun” тэмдэглэжээ.

Харин “Frankfurter Allgemeinen” Владимир Путины амралтыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амралттай харьцуулсан байна. Оросын төрийн тэргүүн эрчүүдийн жинхэнэ амралт ямар байдгийг сайн мэддэг Индиана Жонс шиг байхад Цагаан ордны эзэн бол өвсөн дээгүүр бөмбөг хөөж явдаг л нэгэн гэжээ. Энэ амралттай холбоотойгоор түүнийг төрийн тэргүүнд дахин өрсөлдөх алхмаа хийж байна гэх хэвлэлүүд ч байна. Путины хувьд ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлэх асуудлаар урьдын адил чимээгүй байгаа юм. Түүнийг Өмнөд Сибирьт айлчлал хийж, иргэдтэй уулзах үеэр нутгийн нэгэн иргэн “Бид танаас нэг зүйл хүсч байна. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль болоход таныг нэр дэвшээсэй гэж хүсч байна” хэмээн хэлжээ. Путин түүнд энэ асуудлаар бодолцож үзнэ гэдгээ амласан байна.
 

Ерөнхийлөгчийн идэвхтэй амралт


Владимир Путин идэвхтэй амралтад дуртай гэдгээрээ алдартай. Тэрбээр Сибирьт нэг бус удаа ингэж амарч байсан юм. Тухайлбал, 2007 онд Ерөнхийлөгч Путин Монакогийн хунтайж II Альбертай Тувагийн Бүгд Найрамдах улсын Енисей мөрнөөр аялж байсан түүхтэй. Үүнээс жилийн дараа буюу 2008 онд Путин Уссурийн бар судлах хөтөлбөрт оролцохдоо эм баранд хиймэл дагуулын навигатортой төхөөрөмж зүүлгэж байсан. Тэгвэл 2009 онд Охотын тэнгист сүүн тэжээлт тэнгисийн гахайд хиймэл дагуулын төхөөрөмж бэхэлж, жилийн дараа тус тэнгисийн саарал далайн гахайнаас эдийн дээж авч байлаа.

Мөн 2009 онд Оросын төрийн тэргүүн Байгал нуурын ёроолд “Мир-1” аппаратаар бууж, үүний дараа Тувад нэг өдөр саатан алдарт морь унасан, цээж нүцгэн зургаа авахуулж байсан түүхтэй.

2010 оны дөрөвдүгээр сард Путин онгон байгалийн бас нэг төлөөлөгч болох Франц-Иосифын газар дээрх цагаан баавгайд хиймэл дагуулын төхөөрөмж зүүж өгсөн аж.

Хойд хөршийн төрийн тэргүүний идэвхтэй амралт хамгийн их байсан үе бол яах аргагүй 2011 он. Тэрбээр наймдугаар сард Таманьд амарч байхдаа усан дороос эртний хоёр ваар олж (сүүлд нь Дмитрий Песков энэхүү олдворыг урьдчилж бэлтгэсэн гэдгээ хүлээсэн), аравдугаар сард Ставропольскийн хязгаарт комбайнчаар ажилласан. Путины хамгийн адал явдалтай аяллын тоонд Ямалын цагаан тогорууг аврах арга хэмжээ багтдаг. 2012 оны есдүгээр сард явагдсан уг арга хэмжээний үеэр Владимир Путин тогоруун цувааг ахлан Дунд Ази руу өвөлжих замд нь үдэж гаргасан юм. Путин энэ үйл ажиллагаанд зориулан тусгайлан бэлтгэж, тусгай хувцас өмсөн дельтапланаар ниссэн билээ. Уг арга хэмжээ “Итгэл найдварын нислэг” нэртэй байв

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-22 08:44:04
    элбэгдорж шиг үндэсний хүнээ доош нь хийж цаатангуудыг дээгүүр тавьж онигоо болов доо, Путен шиг тэгш харьцаа хэрэгтэй ядаж амарсан ч гай багатай байх хэрэгтэй...
    183.177.98.218
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2017-08-14 03:22:27
    hujaa duugui haraad suralts
    124.158.95.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Тува 2017-08-07 10:37:05
    Путин Тува малчинтайгаа
    66.181.185.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа 2017-08-07 05:23:26
    Шар сэмжилсэн жэвүүн өвгөн шүү. Орос гэдэг улсыг дуусгаж байгаа өвгөн.
    103.10.21.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-07 04:24:16
    Хүчтэй, хүлээн зөвшөөрөгдсөн Ерөнхийлөгчтэй байх сайхан юмаа
    59.153.112.88
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-07 03:45:08
    баттулга цаатангууд дээр очиж цасаар биеэ угаана байгаа бие хаа дутах биш хоердугаар путин болохгуй юу даа монголчууд дагаад сагсуурахаа хунээр заалгахгуйдээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • setgel 2017-08-07 03:23:36
    manai erunhiilugch ch bas dutahgui shuu
    202.179.24.232
    Мэдэгдсэн Хариулах
  • 8 2017-08-07 02:57:10
    Ажиллаж чаддаг хүн сайхан амрах хэрэгтэй. Путинд амжилт. Дахин ерөнхийлөгчөөр сонгогдоорой гэж хүсэн ерөөе.
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах