Даншиг наадмын түүх

XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабаазарт бат оршил өргөх даншиг наадмыг анхлан зохион байгуулсан түүхтэй. Уг наадамд Монголчууд тэр аяараа оролцож байсан тухай судлаачид дурдсан нь бий.

Даншиг гэдэг нь Төвд үг бөгөөд Монголчилбол “Бат- Оршил” гэсэн утгатай.

Даншиг наадмын зорилго нь эв найрамдал тул нутгийн ардуудад өглөг өгч, тахил өргөх юм. Энэ үед Халх Монголчууд долоон хошуунаас өргөх даншиг наадам нь долоон хошуу даншиг наадам болжээ. Хамгийн сүүлчийн долоон хошуу даншиг наадмыг 1922 онд хийсэн түүхтэй.

Даншиг наадмыг хэрхэн зохион байгуулдаг байв

13000 лам номын хөг, дууны аяар довцог дээр дөрвөн босоо дүрст арслангаар түшүүлсэн ширээнд “Өндөр гэгээний” -гээ залж хурал хурдаг байжээ.

Хурлын утга нь Гэгээн энэ махбод биеэ огооролгүй өглөгийн эздээ бүү өнчрүүлэх болтугай” гэж ерөөж залбирал үйлддэг байв. Гэгээндээ зориулж мөнгөн таваг дээр цагаан мөнгө, торгон эд, эрдэнийн чулуу тэргүүтнээр тахил өргөнө. Даншиг наадмын утга бол Монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлгэдэл болгодог байжээ. Долоон хошуу даншиг наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай харвах, морин дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг, дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байсан. Мөн шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байжээ. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэх содон тэмцээн явуулдаг бөгөөд энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай тэмцээн байжээ.

Даншиг наадмын бай шагнал

Их насны мориноос түрүүлсэн моринд атан тэмээ нэг, морь нэг, хонь нэг, самбай хадаг өгдөг байжээ. Сурын харваанд 20 сумнаас 20 онож түрүүлсэн хүнд тэмээ нэг, морь нэг, үхэр нэг, хонь нэг, цай хоёрыг өгдөг байжээ.
 

“Хүрээ цам” шашин соёлын даншиг наадмыг сэргээсэн нь

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүрээ цам” шашин соёлын даншиг наадмыг 2015 оноос хойш хоёр жил дараалан “Хүй долоон худаг” -т  зохион байгуулсан.

Энэ жилийн тухайд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-07 03:17:52
    Амралт наадам дэндлээ,ажил амьдралаа бодоцгооё.Монгол шиг зунжин төр засаг нь удирдаад найрлаад байдаг улс орон бна уу
  • иргэн 2017-08-06 03:56:15
    даншиг гэдэг нь тевд уг юм бол монголоор нь нэрлэчих мен уунийгээ наадамтай нэгтгэчих хэрэгтэй ан-ынхан ардын хувьсгал гэсэн угнээс их цэрвэж байгаа биздээ