Нефть нэмэргүй болсон орон

-Үүсгэн байгуулах хурал Венесуэлийн хямралд тус болох уу-


Венесуэль улс. Каракас хот. Наймдугаар сарын 1-ний өглөө. Нэгэн байрны ойролцоо Sebin буюу тусгай ажиллагаа гэсэн бичиг бүхий хөнгөн тэрэг зогсов. Түүнээс хуяг дуулга болсон, гартаа автомат буу барьсан хэдэн хүн гарч ирлээ. Хэдэн минутын дараа тэд эмэгтэйчүүдийн айн хашхиралдах дуун дор унтлагын хувцастай нэгэн эрийг чирэн гарч ирж, машиндаа чихэж суулгав. Ийнхүү баривчлагдсан этгээд нь Каракас хотын дарга, Ерөнхийлөгч Николас Мадурогийн Үүсгэн байгуулах хурал бий болгох санаачилгыг хурцаар шүүмжлэгч Антонио Ледезма байлаа. Тухайн шөнө хүчнийхэн цагдаагийнхнаас нууцаар бас нэг сөрөг хүчний удирдагч болох Леопольдо Лопесыг баривчилсан юм.

Үүсгэн байгуулах хурал зарлах, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, улс орондоо үүсээд буй улс төр, эдийн засгийн хямралыг зогсоох санаачилгыг Мадурогийн хувьд аль тавдугаар сараас гаргасан билээ. Үүгээрээ тэр улс төрийн сөрөг хүчнийхний дургүйцлийг төрүүлж, хүчтэй шүүмжлэлд өртөж эхэлсэн байна. Гудамжинд байнга л жагсаал цуглаан, эсэргүүцэл өрнөж, Венесуэль улсад хэдэн сарын турш эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна.

Үүсгэн байгуулах хурлын сонгуультай холбогдуулан гаргасан тав хоногийн тайван байдал зарласан ч үймээн зогссонгүй. Мадуро улс орныхоо түүхэнд шинэ шат гарч байгааг баяртайгаар зарлах зуур гудамжинд иргэд нь амиа алдсаар л байна. Бүх ардын санал хураах өдөр л гэхэд 11 хүн амиа алджээ.

Ерөнхийлөгч Мадуро ба “дахин давтагдашгүй клуб”

“Мадурогийн явуулж буй хуурамч сонгууль дарангуйллын дараагийн нэг шат юм. Бид хууль бус Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй. Венесуэлийн ард түмэн ардчиллыг дэмжиж байна” хэмээн НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли “Твиттер” хуудсандаа бичжээ. Үүнээс тун удалгүй АНУ Венесуэлийн удирдагчийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Мадурог Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг үл хэрэгсдэг дарангуйлагч хэмээн зарлажээ. Вашингтоны зүгээс Латин Америкийн энэ улсын орлогын цорын ганц эх сурвалж болох нефть үйлдвэрлэлийн эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүй гэдгээ анхааруулж байсан ч үүнийг зориглон хийж чадаагүй билээ.

Ийнхүү энэ сарын нэгнээс АНУ-ын зогсоож болох Мадурогийн бүх хөрөнгийг царцааж, америкчуудыг түүнтэй ажил хэрэг явуулахыг хориглосон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер ч Венесуэлийн төрийн тэргүүнийг “дахин давтагдашгүй клуб”-т багтаахыг дэмжжээ. Тус клубт өдгөө Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун зэрэг багтдаг аж.

Үүний хариуд Мадуро “Эзэн хаан Дональд Трамп миний эсрэг үг хэллээ. Энэ нь түүнийг цөхрөнгөө барж, үзэн ядаж буйг харуулж байна. Би гадаадын Засгийн газруудын зааварт захирагдахгүй, ийм зүйл хэзээ ч хийхгүй. Тэд хүссэн хоригоо тавьж л байг. Венесуэлийн ард түмэн эрх чөлөөтэй байхаар шийдвэрлэсэн. Би бол чөлөөт ард түмний хэнээс ч хараат бус Ерөнхийлөгч” хэмээн мэдэгджээ.

Венесуэль улсад болж буй үйл явдал зөвхөн Хойд Америкийн төдийгүй Өмнөдийнхний улстөрчдийн ч санааг түгшээж эхэлжээ. Мадурог Колумб, Коста-Рика, Панам, Перу, Мексик, Аргентин зэрэг улсаас хүчтэй шүүмжилсэн байна. Перугийн засаг захиргаа энэ асуудалтай холбогдуулан Латин Америкийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хурлыг зарлахаар шийдвэрлэжээ. Тус хурал энэ сарын 8-нд болно.

Засгийн эрхийг загасчид, нефть олборлогчдод...

“Манайх Үүсгэн байгуулах хуралтай. Энэ бол хувьсгалын 18 жилийн түүхэн дэх сонгуулиар үзүүлсэн ард түмний хамгийн хүчирхэг дэмжлэг” хэмээн Мадуро санал хураалтын дүнг танилцуулах үеэрээ хандаж хэлжээ. Албан ёсны мэдээллээс үзэхэд тус сонгуульд найман сая гаруй хүн оролцсон нь нийт сонгогчдын 41.5 хувь юм.

Ийнхүү Үүсгэн байгуулах хурал бүрдүүлж, төрийн тэргүүн Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ ашиглажээ. Хуулиар бол Ерөнхийлөгч шинэ Үндсэн хууль батлах хурлыг бүрдүүлэх эсэхийг шийдэх эрхтэй ч Үндсэн хуульд өөрөө засвар оруулж болдоггүй аж.

Тус хурал 545 гишүүнтэй. Үүнээс 364 нь орон нутгийн захиргааны төлөөлөгч (засаг захиргааны нэгж бүрээс нэг, мужуудын нийслэл бүрээс хоёр, Каракас хотын захиргаанаас долоо) бол фермер, загасчид зэрэг хөдөлмөрчин ард түмний төлөөллөөс найм, бизнес эрхлэгчдээс тав, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс тав, оюутнуудаас 24, тэтгэврийн иргэдээс 28, дүүргийн зөвлөлөөс 24, харин нефть, барилга, тээвэр, нийгмийн салбар зэргээс 79 хүнийг оролцуулах юм. Мөн нутгийн уугуул омгийнхон болох индианчууд өөрсдийн уламжлалын дагуу найман төлөөлөгчөө сонгож оролцуулна.

Харин сөрөг хүчнийхний хувьд уг сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд санал хураалт болохоос хоёр долоо хоногийн өмнө албан бус бүх нийтийн санал асуулга явуултал долоон сая венесуль иргэн Ерөнхийлөгчийн санаачилгыг эсэргүүцэж, ямар ч хурал хийхийг эсэргүүцжээ. Мадурог эсэргүүцэгчдийг саналаа өгөхгүй байхыг ч уриалж байв. Сөрөг хүчнийхний хувьд Үүсгэн байгуулах хурал зарлахыг ердөө 12 хувь нь л дэмжсэн гэж баталж байгаа аж. Харин албан ёсны дүн зөрсөн нь санал авах байруудад ажиглагчид байгаагүй, санал өгсөн иргэдийн хуруунд тэмдэг тавиагүй нь сонгуулийг луйвардахад хүргэсэн гэж тэд үзэж байна.

Мадурог эсэрүүцэгчид сонгуульд өөрсдийн хүмүүсээ дэвшүүлээгүй болохоор засгийн эрхэнд байгаа түүнд тун таатай үе ирж байгаа юм. Тухайлбал, Үүсгэн байгуулах хуралд Мадурогийн гэргий хүртэл суухаар болжээ.

Үүсгэн байгуулах хурал өнөөдрөөс ажлаа эхэлнэ. Энэ үеэс эхлэн сөрөг хүчнийхний хяналтад байгаа парламент болох Үндсэн ассамблейн бүрэн эрх бараг дуусгавар болох аж.

Нефтиэс хамааралтай эдийн засаг

“Хоригоо аль болох хурдан тавьж, хэрэгтэй гэсэн бүхнээ хий. Яагаад гэвэл бид мөнгийг маань хулгайлдаг улсад амьдарч байна шүү дээ” хэмээн Каракасын үнэртний нэгэн дэлгүүрийн эзэн Моника Кальдерон CNN-д ярилцлага өгчээ. Венесуэльчүүдийн олонх нь яг ийм байр суурьтай байна. Улс төрийн таагүй байдлаас гадна Үүсгэн байгуулах хурлын сонгууль Венесуэлийн эдийн засагт хүчтэй цохилт үзүүлжээ. Наймдугаар сарын 1-ний байдлаар л гэхэд хар захад нэг ам.доллар 11185 боливартай тэнцэж байв. Гэтэл долоохон хоногийн өмнө 8790 боливартай тэнцэж байв.

Дэлхий дээр нефтийн нөөцөөрөө тэргүүлэгч тус улсад 2012 оноос эхлэн эдийн засгийн өсөлт 25 хувиар унасан юм. Ийнхүү эдийн засаг огцом унасан нь төрийн үр ашиггүй зардал, нэг салбараас хамааралтай эдийн засагтай холбоотой. Тус улсын нийт орлогын 95 хувийг нефть дангаараа бүрдүүлдэг бөгөөд баррель нь 100 ам.доллараас давсан жилүүдэд ч төрөөс олборлолтын механизмаа төгөлдөржүүлэхэд мөнгө хуримтлуулаагүй нь буруутжээ. Үүнээс гадна тус улс бараг бүх бүтээгдэхүүнээ гаднаас импортолж авдаг байв. Венесуэльчүүдийн бүтээгдэхүүний сагс ойролцоогоор 800 мянган боливар болдог. Гэтэл тус улсын цалингийн доод хэмжээ 250-хан мянган боливар болсон байгаа аж.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хужаа 2017-08-03 04:59:00
    хужаа унгахад Монгол чацага алдана
    95.46.233.13
    Мэдэгдсэн Хариулах