Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгджээ
Энэ дэлхий дээр эхийн сүүг орлох юу ч байдаггүй. Энэ ч утгаараа монголчууд бид эрт дээр үеэс хүүхдээ хөхөөр хооллож эрүүл энх өсгөн торниулсаар ирсэн уламжлалтай. Монгол Улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого"-ыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Мөн Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр өнөөдрийг хүрсэн. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоног буюу 1-7-ны өдрүүдэд хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Уг уламжлалын дагуу өчигдрөөс эхлэн эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэн уриалгууд явж эхэллээ. 

Хөхний сүү нь хүүхдэд шаардлагатай бүх тэжээлийн бодисыг нярайн хоол боловсруулах системийн онцлогт тохирсон найрлагатайгаар агуулж байдаг байна. Мөн хөхний сүү нь хүүхдийн дархлалын системийг бүрэлдэн тогтох хүртэл нь элдэв өвчнөөс, тэдгээрийн дотор харшлаас хамгаалдаг бодисыг агуулдаг юм. Нярайг томрохын хэрээр эхийн сүүний найрлага нь өөрчлөгдсөнөөр хүүхдээ хэрхэн хооллосноос бие, сэтгэц, оюун ухааны хөгжил нь ихээхэн шалтгаалах нь ээ. Эхийн сүү нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээлэхэд, үнээ ба ямааны сүү нь биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөг голлон үзүүлдэг байхад эхийн сүү нь хүүхдийн тархины хөгжлийг хурдасгагч бодисуудыг агуулсан байдаг байна. Иймд эхийн сүү нь нярайн эхний хагас жилд, түүний дотор эхний гурваас дөрвөн сард нэн чухал үүрэгтэй юм. Энд ангир уураг маш чухал ач холбогдолтой. Төрсний дараах эхний цаг, өдрүүдэд ялгардаг ангир уураг нь амин дэм, фермент, эрдэс бодисуудаар баялаг болохоор хүүхдийн гэдсэнд ашигтай биобактериудын зөв тогтолцоо бий болоход зайлшгүй шаардлагатай юм. Харин энэ нь гэдэсний хэвийн бичил орчин алдагдах болон түүнээс үүдэлтэй эмгэгүүдээс хүүхдийг сэргийлж байдаг. Эхийн сүү нь найрлагын хувьд нярай хүүхдэд бүрэн тохирдог учраас амархан шингэдэг юм.

Харин хүүхдээ хөхүүлснээр хөхний хэлбэр алдагдана гэдэг буруу ойлголт манай эмэгтэйчүүдийн дунд байдаг. Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас сэргийлдэг болохыг судалгаа харуулжээ. Мөн түүнээс гадна төрсний дараа хурдан жин хасах, сэтгэл санаа өөдрөг байх болон санхүүгийн гээд олон талын ашигтай.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүүхдийг хөхний  сүүгээр хооллолт эрс буурч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал 1997 онтой  харьцуулахад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээ арав дахин нэмэгдсэн байна. Харамсалтай нь импортоор орж ирж байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнд тавих хяналт хангалтгүй байгааг эхчүүд хэлдэг. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хүүхдэд сөрөг нөлөө үзүүлсэн тухай эхчүүдийн яриа олон байдаг.

Иймд нэгэнт хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа тул энэ бүтээгдэхүүнийг  импортлохтой  холбоотой эрхзүйн орчын сайжруулах хэрэгтэй байгаа юм. Улмаар өнгөрсөн намрын чуулганаар УИХ Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжсэн. 2005 онд баталсан Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан нь энэ аж. Хүүхдийг хөхний сүүгээр хооллохын ач холбогдлыг ойлгуулан таниулж, дэмжихэд тус төслийн зорилго оршиж буй.Нөгөө талаас нэгэнт эхийн сүү орлуулагч нэмэлт бүтээгдэхүүнийг дэлхий даяар хэрэглэж буй тул түүний зохистой хэрэглээ, тавих хяналт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн сурталчлах зэрэг олон харилцааг уг хуулиар зохицуулж байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-08-02 03:43:11
    Эхийн сүү бол юугаар ч орлуулашгүй бурхны рашаан шүү дээ